"Банкийг ломбардтай адилтгаж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

"Банкийг ломбардтай адилтгаж болохгүй"

"Банкийг ломбардтай адилтгаж болохгүй"

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд зээлийн хүүгийн дээд хязгаарыг төв банк тогтоох нь буруу гэж танай бүлэг үзжээ. Үндэслэл нь юу вэ?

-Банкны бизнесийн ашиг орлогын хэмжээнд шууд нөлөөлөх, дотоод ажиллагаанд нь захиргааны аргаар оролцох хэлбэр учраас буруу гэж үзэж байгаа. Банк бол хадгаламжийн байгууллага. Ломбард, банк бус санхүүгийн байгууллагууд, хоногийн, цагийн зээл олгож, хүү хүүлж, өндөр ашиг олж байгаа байгууллагуудтай адилтгаж үзэж болохгүй. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрэгцээтэй санхүүгийн эх үүсвэрийн 95.7 хувийг банк нийлүүлж байна. Энэ мөнгө хүүтэй хадгалуулсан хадгаламж, харилцах дансны мөнгөн хөрөнгө. Эздийн мөнгө 10 орчим хувь л байгаа. Хадгаламжийн эх үүсвэрийн өртөг хямд байх нөхцөлийг төр өөрөө бүрдүүлж байж, зээлийн хүү бага байх боломж бий болно.

-Ер нь яагаад банкинд бусад компаниудаас илүү шаардлагыг тусгайлан тавьдаг юм бэ?

-Хадгаламж, харилцах дансан дахь мөнгийг иргэн, аж ахуйн нэгжийн анхны шаардлагаар хүүгийнх нь хамт гаргаж өгөх хатуу үүргийг банк гэрээгээр хүлээдэг. Тийм учраас бусдаас авсан мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг нь хангах гэж банкинд компаниудад тавьдаггүй тусгай шаардлагуудыг Банкны тухай хуулиар тавьж, Төв банк үйл ажиллагааг нь хянаж шалгаж байдаг. Тухайлбал, бусдаас авсан бүх мөнгөө зээл, бусад актив болгочихоод харилцагч мөнгөө авах гээд ирэхэд мөнгөгүй сууж байхгүйн тулд заавал байлгах нөөцтэй, төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх чадвартай, харилцагчийн өмнө хариуцлага хүлээх хангалттай өөрийн хөрөнгөтэй байх зэрэг шаардлагыг ханган ажиллах шаардлагатай. Чадахгүй бол албадлагын арга хэмжээг Төв банк шүүх хууль гэхгүйгээр шууд авах эрхтэй.

-Банк хэдэн хувийн ашиг олж байна вэ?

-Банкуудын хадгаламж, харилцахад төлж байгаа хүү дунджаар төгрөгийн эх үүсвэрийн хувьд 10.7, олгож байгаа зээлийн хүү нь дунджаар 18.1 орчим хувьтай байна. Хүүний зөрүү ойролцоогоор 7.4 хувь, түүнээс 2.7 хувь нь (дунджаар) банкны үйл ажиллагааны зардал буюу ажиллагсдын зардал, байр сууцны түрээс, ашиглалтын зардал, компьютер, техник хэрэгслийн өртөгт, 2.5 орчим хувь нь дээр хэлсэн заавал байлгах нөөцийн болон зээлийн эрсдэлийн сан байгуулахад зарцуулагддаг. Цэвэр ашиг банкуудын үйл ажиллагааны цар хүрээ, үр дүнгээс хамаарч, 1.6-2.0 хувийн хооронд байна. Банк бүрийн хувьд өөр. Өрсөлдөөн, эрсдэлийн хэмжээгээ тооцоолж, хүүгийн бодлогоо тодорхойлдог учраас бага ч гэсэн ашигтай байх хэмжээнд л тооцоож, хүүгээ тогтооно. Хүүгийн дээд хэмжээг банк өөрөө биш Төв банк тогтоодог болчихвол гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарч, эх үүсвэрийн өртөг нэмэгдэх, зээлийн чанар муудахад банк эрсдэлээ удирдах боломжгүй болно. Энэ байдал эдийн засагт ч сөрөг нөлөөлөл үзүүлэх үр дагавартай.

-Төв банкнаас зарим салбарыг л дэмжих зорилгоор тухайн салбарын зээлийн хувьд хязгаарлаж болох эрхээ авах гэж байгаа гэж тайлбарлаж байсан?

-Шаардлага гарвал аль салбарыг дэмжихийн тулд тэр салбарт олгох зээлийн хүүг хязгаарлах эрхийг Төв банкинд хуулиар нээж өгөх гэж буйгаа Төв банкны мэргэжилтэн тайлбарлаж, 8 хувийн орон сууцны зээлээр жишээ авч байсан. Хууль эрх зүйн хэм хэмжээний хувьд их ялгаа байгаа. Жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр бол төрөөс санхүүгийн эх үүсвэрийг нь хямд өртөгтэйгээр гаргаж, иргэдээ орон сууцтай болгох, хуримтлал үүсгэх бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа үр дүнд нь барилгын салбар дэмжигдэж байсан хөтөлбөр. Нөхцөлүүд нь гэрээгээр зохицуулагдаж байгаа. Хууль хэрэггүй. Хөтөлбөрт хамрагдсан банкууд Монголбанк, Засгийн газартай гэрээ байгуулж, тохирсон нөхцөлийн хүрээнд санхүүжүүлж явсан. Энэ хөтөлбөр одоо зөвхөн эргэн төлөгдөж байгаа өмнөх эх үүсвэрийн хэмжээнд л байна. Банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж, үргэлжлүүлэх боломжгүй учраас энэ хөтөлбөр үндсэндээ зогссон.

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь банкуудын үндсэн үйл ажиллагааны зохицуулалт бөгөөд хадгаламжаа яаж авах, зээлээ хэрхэн олгох зарчмыг тодорхойлсон процессын шинжтэй хуулиуд. Эдгээр хуулиудад зээлийн хүүгийн дээд хязгаарыг Төв банк тогтоож болно гэж оруулах нь Банкуудыг 10.7 хувийн хүүтэй авсан эх үүсвэрээ барилгын салбарт зээлдүүлбэл 8 хувиар олго, 2.7 хувийн алдагдалд ор гэж шаардах эрхийг Төв банкинд хуулиар олгож байгаатай утга нэг. Төв банкинд ийм онцгой эрх нээж өгөх практик шаардлага юунд байна?. Зах зээлд хүүгийн түвшин өндөр байгаа ч хүү бууруулах зөв шийдэл нь хязгаар тогтоох биш. Хүү өндөр байхад нөлөөлж байгаа хүчин зүйлүүд, шалтгааныг арилгах. Тиймээс хүү бууруулах стратегээ л богино хугацаанд боловсруулж хэрэгжүүлж эхлэх нь чухал байна.

-Гэхдээ эдийн засагчид зээлийн хүүг буулгахын тулд захиргааны арга хэрэглэхээс аргагүй гэж үзэж байна?

-Энэ аргыг үр дүнтэй гэж бодохгүй байна. Харин иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс дээр хэлсэн хадгаламжийн бус ломбард, санхүүгийн байгууллагууд банкуудын дундаж хүүнээс хэт өндөр хүүтэй зээл олгож байгааг хязгаарлаж, хүүгийн дээд хэмжээг тогтоож болно.

-Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг төв банк тогтоох нь буруу юм бол УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувиар тогтоох хуулийн төсөл мөн агуулгынхаа хувьд оновчгүй гэсэн үг үү?

-С.Эрдэнэ гишүүний боловсруулж байгаа хуулийн төслийн концепци Мөнгө хүүлэлтийн эсрэг агуулгатай. Хадгаламж татан төвлөрүүлдэг банкны зээлийн үйл ажиллагаанд хамаарахгүй. Зөвхөн ломбард, шөнийн зээл, өдрийн зээл олгодог, өөрийнхөө эх үүсвэрээр хүмүүсийн мөнгөний хэрэгцээ байгаа тэр орон зай дээр өндөр хүү хүүлж, ашиг олдог дээр хэлсэн тэр хэсгийн зээлийн хүүнд хязгаар тавьж, мөнгө хүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тусгасан хууль байх юм. Тиймээс өргөн баригдсан хуулиас хамрах хүрээний хувьд ялгаатай гэж ойлгох хэрэгтэй.

-Төв банкны бодлогын хүүг бууруулаагүй цагт зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэх боломжгүй гэдгийг эдийн засагчид мөн сануулж байгаа. Бодлогын хүүг бууруулах бололцоотой юу?

-Бодлогын хүү буураагүй тохиолдолд зээлийн хүү буурахгүй гэдэг үнэн. Өнгөрсөн 7-8 сард валютын ханш огцом өсөх үед хангалттай нөөц байхгүй учраас бодлогын хүүгээ 15 хүргэлээ гэсэн. 1 жилийн хугацаанд нүүрс, төмрийн хүдрийн экспортын орлогоос 1.3 тэрбум, Оюу толгойн 2 дахь шатны хөрөнгө оруулалт 700 гаруй сая, Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд АХБ-ны эх үүсвэр 140 орчим сая, алтны хөрвүүлэлтээс 160 гаруй сая ам доллар олж, 2.0 тэрбум гаруй ам доллараар валютын нөөц нэмэгдсэн. Гэтэл нөөц нэмэгдсэн ч бодлогын хүү өндөр хэвээрээ байна. Нөөцөөс 1.0 тэрбум орчим долларын интервенци хийсэн. 2000 мянга орчимд байсан ам доллар, төгрөгийн харьцах ханш нь буугаагүй, 450 төгрөгөөр өссөн хэвээрээ байна. Бодлогын хүү өндөр байгаа шалтгаан ЗГ-ын үнэт цаасны хүү өндөр хэвээрээ, инфляц өнгөрсөн оны 6 сараас хойш 5.8 хувиар өссөн, цаашдаа ч өсөх хандлагатай байгаатай бас холбоотой. Инфляцыг нам дор байлгах үндсэн үүргээ Төв банк хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна уу даа гэж бодогдож байна.

Төсвийн зардлын өсөлт ч тийм боломжийг бас олгохгүй байна. Төв банк Засгийн газрын хэрэглээний өсөлтийн эсрэг бодлого хэрэгжүүлэхгүй бол бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний нийлүүлэлтээ нэмэх орон зай нь улам л хумигдана гэсэн үг. Төсвийн давсан орлогыг бүгдийг нь хэрэглээндээ зарцуулахаар төсвийн тодотголыг хийлээ. 2018 онд олох орлогоо цалинтай ээж, багш нарын урамшуулал, тэтгэврийн эх үүсвэр, малчдын нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн эх үүсвэрт, хүүхэд бүрт цэцэрлэг, элэг бүтэн Монгол гэх зэргээр нийгмийн олон хөтөлбөрт зарцуулахаар төсвийн хуулийг баталчихлаа. МАН-ын даргын улс төрийн илтгэлд ард түмнийхээ төлөө авсан сайхан арга хэмжээ гэж дурьдагдаж байна. Мэргэжлийн хүний нүдээр харвал ухаангүй үйлдэл гэж хэлнэ. Эдийн засагт өсөлт гарсан 2010-2012 оны хооронд яг ийм алдаа хийж байснаа давтаж байгаа нь харамсалтай. Хүний хөгжлийн сангийн орлогоос иргэн бүрт сар бүр 21 мянга, оюутан бүрт 70 мянга, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг удаа 1,0 сая, шинэ гэр бүлийн 500.0 мянга гээд нийгмийн халамжийн шинж чанартай арга хэмжээг санхүүжүүлж 1.9 их наяд төгрөг тарааснаас төсвийн тэнцлээ -1.04 их наяд төгрөгийн алдагдалд оруулж, инфляцыг 14 хувьд хүргэж байснаа мартацгаасан байна. Төсвийн 2.4 их наяд төгрөгийн алдагдлаа 1.6 их наядаар бууруулах боломжийг алдаж, бэлэн мөнгө тараах нь хямралаас гарах хугацааг улам хойшлуулах муу үр дагаварт хүргэнэ. Тийм учраас өнгөрсөндөө дүгнэлт хийх, улс төрөөс хараат бусаар л ажиллаж чадвал төсвийн хүндрэлээс гарна.

-Олон улсын валютын сан/ОУВС/-гаас тавьж байгаа шаардлагын дагуу арилжааны банк бүрт активын үнэлгээ хийж байна. Банкны чадамж ер нь ямар байгаа бол, үнэлгээний үр дагавар юу байх юм бэ?

-Монголбанкнаас гаргадаг системийн нэгдсэн тайлангаас харахад төлбөрийн чадварын үзүүлэлтүүд хангагдаж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийн нөхцөлийн дагуу банкуудын олгосон зээлийн эргэн төлөлт найдвартай байна уу гэдэгт үнэлгээ хийж байна. Зээлийн чанар муу байвал хувьцаа эзэмшигчдэд оруулсан хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавигддаг. Нэмж чадахгүй тохиолдолд төр банкийг бүтцийн өөрчлөлтөд оруулж, дахин хөрөнгөжүүлэх, гүүр банкинд зээл активыг нь шилжүүлж, банкийг тусгай төлөөлөгч удирдах болж байгаа. Ийм утга агуулгатай зүйл, заалтуудыг Банкны тухай хуульд оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Зээлдэгчдийн санхүүгийн чадвар, бизнесийн орчныг бүхэлд нь сайжруулж байж системийн эрсдэлийг бууруулна. Санхүүгийн боломж хомс, төр удаан хугацаанд хувьцаа эзэмшигч байх боломжгүй учраас хувьчлахаас өөр гарц үлдэхгүй.  Ингэвэл эзэн нь солигдоно л гэсэн үг.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж