Турк, Ираны лидерүүдийг Сирийн асуудлаар энхийн яриа хэлэлцээнд урьсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин долоон жил шахам үргэлжилж буй иргэний дайнд цэг тавих боломж бодитой гэжээ. Путин өөрийн очих дуртай, Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотноо Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадыг хүлээн авч уулзсанаас хоёр хоногийн дараа Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган, Ираны удирдагч Хассан Рухани нарыг Сирийн талаарх яриа хэлэлцээнд урьсан байна. Путин мөн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, Катар, Саудын Араб, Израиль, Египетийн удирдагчидтай утсаар ярьж иргэний дайныг зогсоох энхийн яриа хэлэлцээнд олон улсаас дэмжлэг хүсжээ.
Путин “Сирийн босогчдын шийдвэрлэх хүч цохилтод орсон учраас олон жил үргэлжилж буй иргэний дайнд цэг тавих боломж бодит гарч ирж байна” хэмээгээд Сирид улс төрийг тогтвортой байдлыг бий болгох нь стратегийн чухал асуудал болоод байгааг онцолсон юм. Гурван удирдагч Ойрхи Дорнодын толгойн өвчин болох Сирийн асуудлаар ярилцахдаа Ассадын улс төрийн үүрэг оролцоо, шинэ үндсэн хууль батлах үйл явц болон ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг шинээр, шударгаар явуулах талаар санал бодлоо хуваалцжээ.
АНУ болон Саудын Арабын холбоотнуудын далдуур дэмждэг зэвсэгт босогчид болон жихадистуудаас Башар аль Ассадын засгийн газрыг аврахын тулд ОХУ 2015 онд энэ бүс нутагт цэрэг, зэвсгийн дэмжлэг үзүүлж, цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш цуст сөргөлдөөнийг зогсооход тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болсон юм. Энэ үйл явц АНУ-д Барак Обама огцорч, Трамп гарч ирэхэд нөлөөлсөн.
Шийт ба суннигийн эвлэршгүй дайсагналцал
АНУ-ын засгийн газар Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадад ирээдүй байгаа ч 400,000 хүн амиа алдсан иргэний дайныг зогсоох энхийн яриа хэлэлцээг зохион байгуулахад амжилт олоогүй. Путин хэлэхдээ “Дайны гал зогсоох энхийн хэлэлцээ байгуулах улс төрийн үйл явц амаргүй. Үүнд талуудын харилцан буулт, тэр дундаа Сирийн засгийн газрын буулт чухал үүрэгтэй” хэмээжээ.
Сочи дахь уулзалтаар Иран болон Туркийн талууд Сирийн засгийн газар болон босогчдын бүлэглэлийг оролцуулан энхийн яриа хэлэлцээг эхлүүлэх ОХУ-ын саналыг хүлээн авчээ.
Гэсэн хэдий ч Ойрхи Дорнодын бүс нутаг дах зөрчил тэмцлийн ард буй лидерүүд өөр, өөрийн байр сууринд хатуу зогссон хэвээр байгаа юм. Тухайлбал Ассадыг түлхэж унагахыг эртнээс мөрөөдөж буй Туркт одоо Исламын улс бүлэглэлийг дарахад чухал үүрэг гүйцэтгэсэн Курдын зэвсэгт босогчдоос салахад дэмжлэг хэрэгтэй байгаа билээ. Нөгөө талд Ассадыг дэмжигч Иран түүний дэглэмийг ганхуулах ямар нэгэн буултыг огт хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой юм. Сири дэх Курдын PYD намыг ОХУ энхийн яриа хэлэлцээнд оролцуулахаар урьсан нь Анкарагийн эрх баригчид таалагдаагүй байна. Учир нь Туркуудын алан хядагчид хэмээн нэрлэдэг Курдын салан тусгаарлагчдыг тэдний холбоотон гэж үздэг юм.
Сочид болсон гурван улсын удирдагчийн уулзалтын талаар Ираны гадаад харилцааны сайд Мухаммед Жавад Зариф “Сирийн ард түмнийг иргэний дайнаас ангижруулах энхийн яриа хэлэлцээг байгуулах түүхэн уулзалт зөв замаар явж байгааг” дурдсан юм. Харин Ираны ерөнхийлөгч Хассан Рухани хэлэхдээ “Сирийн ард түмэн гадаадын иргэдийг улс орны дотоодын хэрэгт оролцохыг зөвшөөрөхгүй” гэсэн юм.
Энэ хооронд дайсагналцсан нөгөө тал болох Сирийн босогчдын бүлэглэлийн төлөөлөл Саудын Арабын нийслэл Рияад хотноо өчигдөр хуралдаж, Ассадтай хэлэлцээ хийхээс татгалзах шийдвэр гаргасан. Саудын Арабын гадаад харилцааны сайд Адел аль-Жубейр улсын телевизээр мэдэгдэл гаргаж, босогчдын бүлэглэлүүдийг нэгдэхийг уриалж, дэмжихээ мэдэгдсэн юм.
Ассадыг байнга дэмжиж ирсэн Кремлийн эрх баригчийн санаачилсан энхийн яриа хэлэлцээнд сөргөлдөгч талууд нэгдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энхийн хэлэлцээ байгуулахын тулд Ассадаас Путин шинэ үндсэн хууль батлахыг уриалжээ. Ингэсэн тохиолдолд Ассад ерөнхийлөгч хэвээр үлдэх боловч түүний эрх мэдлийн хүрээ багасах ажээ.