Н.Мягмар: Үнсэлцдэг хэсэгт их ичсэн

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

Н.Мягмар: Үнсэлцдэг хэсэгт их ичсэн

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон “Энэ хүүхнүүд үү” киног үзээгүй монгол хүн үгүй биз. Энэ удаагийн “Мартагдашгүй танил” булангаар тус киноны Дулмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Н.Мягмартай ярилцлаа.


Жүжигчин Н.Мягмар 

Багшийн дээдийн анхны жүжигчний ангийн оюутан

-Улсын бодлогоор Багшийн дээдийн сургуульд 20 хүүхэдтэй анхны жүжигчний анги нээхээр 1959 оны есөн сарын дундуур хүүхдүүд шал¬гаруулж авна гэсэн. Тэгээд л Соёлын яамны сайдын тушаалаар алтан үеийн жүжигчид болох Э.Оюун, Ц.Цэгмид, Г.Гомбосүрэн, Н.Цэгмид, Л.Ванган зэрэг уран бүтээлчдээр ахлуулсан тусгай комисс томилогдон, Улаанбаатар хотын дунд сургуулиудаар явж урлагт хүсэл сонирхолтой, авьяастай хүүхдүүдийг сонгон шалгаруулсан. Би тухайн үед гуравдугаар арван жилийн сургуулийн есдүгээр ангид суралцаж байлаа. Намайг кларнет хөгжим үлээдэг, жижигхэн биетэй, сэргэлэн цовоо охин байна гээд шалгаруулалтад тэнцүүлсэн юм. Би 19 настайдаа их сургуулиа төгсөөд, анх Хүүхэд, залуучуудын театрт ажилд орсон. Төд удалгүй 1963 онд “Энэ хүүхнүүд үү” киноны дүрийн шалгаруулалт болж, очиж шалгууллаа. Найруулагч Р.Доржпалам гуай миний зургийг нэг дарчихаад л яваад өглөө. Тэгсэн анхны дүр болох Дулмаагийн дүрд тоглохоор сонгогдсон байсан даа.

“Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаа анхны дүр

-Нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаагийн дүрд тоглосон маань миний хамгийн анхны дэлгэцийн дүр байсан юм. Тухайн үед Р.Доржпалам гуай манай ангид киноны түүхийн хичээл заадаг, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай тайзны яриа, Э.Оюун багш театрын түүх заана. “Энэ хүүхнүүд үү” кинонд багш нар тоглож, найруулсан болохоор манай ангийнхан бүгд туслах дүрд тоглох боломж олдсон юм. Манай ангийн охин Д.Мэндбаяр миний найз Должингийн дүрд, тоглож байлаа.

Хоёр эмэгтэй үнсэлцдэг хэсгээс их ичсэн

-“Энэ хүүхнүүд үү” уран сайхны киноны хөдөөгийн зураг авалтыг Хандгайт зусланд хийсэн юм. Киноны эхлэл хэсэгт Дулмаа,  Дуламсүрэн зоотехникчид татагддаг ч сүүлдээ эмэгтэй хүн гэдгийг нь мэддэг шүү дээ. Киноны маань зураг авалтын хэсэг болох шинэ жилийн баяраар жүжигчин С.Мандах агсан буюу Дуламсүрэнгийн гэрт үнсэлцдэг хэсэгт их ичсэн. Тэр цагт үнсэлцдэг хэсэгтэй кино ч байсангүй шүү дээ.

Мөн Дуламсүрэн, Дулмаа хоёр Жамц даргын гэрт уригдан хамтдаа дуу дуулдаг. Дуу дуулдаг хэсгийг би сайн ч дуулдаггүй байсан учраас тэр хэсгийг дуучнаар дуулуулсан байдаг. Хожмоо тэр хэсгийг дуучин Л.Цогзолмаа, н.Энхтүвшин, Ж.Нансалмаа нарын аль нэгээр нь дуулуулсан гэдэг. Миний хувьд киноны дууг дуучин н.Энхтүвшин л дуулсан болов уу гэж боддог.

Хүүхдүүд 50 гаруй жүжигт тоглосон

Жүжигчин Н.Мягмар 1963-1987 онд Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлийг нуруундаа үүрэлцэж явсан уран бүтээлчдийн нэг. Тухайлбал Дугарсанжаа, С.Гэндэн нарын  “Ялалтын жигүүр”-ийн Хандын дүр,  Н.Дугарсанжаагийн “Уулзалт” жүжгийн Алтай, Ч.Бямбажавын “Хүний санаа өөр болжээ” бүтээлийн эрвээхэй, Д.Батбаярын “Гэгээ”  жүжгийн Жавзан гээд 50 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг бүтээсэн нь тухайн үеийн үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлджээ.

Тэрбээр А.Гайдарын “Кибальчиш хүү” жүжгийн гол дүрд тоглож байхдаа төгсгөлийн үзэгдэлд буудуулаад үхэж байгаа хэсэгт ч үзэгчдийг тэмцэлд уриалан дуудаж байв. Энэ жүжгээрээ Германд болсон олон улсын залуучуудын театрын их наадамд явж алтан медаль, Хүүхэд, залуучуудын театрт мөнгөн медалийг авчирчээ. Үзэгч хүүхдүүд Н.Мягмарыг жүжигчин биш яг л эрэгтэй хүүхэд гэж хүлээн авдаг байсан аж. Тэрбээр театрт ажилд орсон үеэс л хүүхдийн дүрд тоглож эхэлсэн бол сургуульд багш болсон ч хүүхдийн дүрээ бүтээсээр байжээ.

Түүний кино урлагт бүтээсэн дүрүүд:

  • Г.Доржпалам /МУУГЗ/ “Сэтгэлийн дуудлагаар” МУСК Дэнсмаа
  • Г.Доржпалам /МУУГЗ/ “Энэ  хүүхнүүд үү” МУСК Дулмаа
  • Д.Чимэд-Осор /МУАЖ/, Ц.Цэрэндорж “Туяагийн бичээгүй захидал” МУСК Туяа
  • Б.Сумхүү /МУУГЗ/ “Агуйн нууц” МУСК  Эх
  • Л.Нацагням /МУСТА/ “Бор чоно” МУСК Удган
  • н Ганбаатар “Их замын урсгал” МУСК Сарнай
  • Л.Энхбаяр /МУСТА/ “Найз” МУСК Хадам эх
  • О.Сарангуа “Цахлай нисэх гэж төрдөг” ОАУСК

“Энэ хүүхнүүд үү” монголын уран сайхны кино /1963 он/

  • Зохиолч Ч.Лодойдамба
  • Найруулагч Р.Доржпалам
  • Зураач Л.Гаваа
  • Зураглаач Х.Дамдин
  • Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж
  • Дууны оператор З.Гаваа, Л.Найдан
  • Зургийн дарга П.Санжаа
  • Улсын филармонийн найрал хөгжимчид удирдаач Ц.Намсрайжав

Гол дүрд:

  • Жамц – Г.Гомбосүрэн
  • Дорж – Д.Дамдинсүрэн
  • Дуламсүрэн – С.Мандах
  • Долгор – Т.Цэвээнжав
  • Төмөр – Л.Жамсранжав
  • Дулмаа – Н.Мягмар
  • Идэр – Н.Цэрэннадмид
  • Должин – Д.Мэндбаяр
  • Цэцгээ – С.Сэлэнгэ
  • Залуу – Д.Дэлэгням

Ингээд та бүхний сэтгэл зүрхэнд хоногшсон, ‘Энэ хүүхнүүд үү’ киног та бүхэнд дахин хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж