Арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах санаачилга гаргаж байгаатай холбогдуулан Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороодоос ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. Ажлын хэсэг арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах боломжтой эсэх, цаашид энэ чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар судалж байна. Энэ асууддлаар Банкны холбоо болон эдийн засагчдын байр суурийг сонслоо.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон:
- Зээлийн хүү бууруулах үндэсний стратегийг арилжааны банкууд, банкны холбоод санаачилсан. Үүний үр дүнд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл буюу Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Зээлийн хүү бууруулна гэдэг нь зөвхөн арилжааны банкууд шийдэх эсвэл Төв банкнаас тодорхой хязгаар тогтоох зэргээр энэ асуудлыг шийдэхгүй. Зээлийн хүү бууруулахын тулд төсөв, мөнгө, татвар, банк, санхүүгийн байгууллагын хөгжлийн бодлого зэрэг бизнес эрхлэхэд хэрэгтэй бодлого зэрэг олон талын бодлогын үр дүнд зээлийн хүү бууруулж болно. Гол нь эдийн засаг тогтвортой, ханш, инфляци, бодлого тогтвортой байхад аажмаар хүүг буруулах боломжтой. Гэтэл өнөөдөр Монголын эдийн засгийн суурь тогтворгүй, ирээдүй тодорхойгүй, банкууд зээл олгож, аж ахуй нэгжүүд авсан зээлээ үр ашигтай эргэн төлж чадахгүй байгаа учраас зээлийн хүү өндөр байгаа. Зээлийн хүү өртөг, нөгөө талдаа эрсдэлийг дотроо агуулж байдаг. Бодлоготойгоор эдийн засгийг байнга өсөлттэй байлгах, гадаад орчны том нөлөөллөөс ангид байлгах төсөв, мөнгөний бодлого явуулж чадах юм бол зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Өнөөдөр бодлогын хүү өндөр, мөнгөний хатуу бодлого явуулж, төгрөгийг хумьж байгаа энэ нөхцөлд мөнгөний өртөг өснө. Үүнийг аажмаар зөөллөөд явбал хүү буурна.
Эдийн засагч Б.Найдалаа:
- Зээлийн хүү бууруулна гэхээр хоёр зүйлийг хольж ойлгоод байна. Өөрөөр хэлбэл, хүүлэлтийг зогсоох, зээлийн хүү бууруулах гэсэн хоёр тусдаа зүйл явж байгаа. Байгаа эрсдэлийн түвшин, зах зээлийн ханшаа илүү өндөр хүүтэй зээл олгохыг хүүлэлт гэж байгаа. Үүнийг хууль эрх зүйн орчноор хязгаарлах бүрэн боломжтой. Харин зээлийн хүү бууруулах асуудлыг ярьж байгаа нь буруу. Зээлийн хүүг хууль эрхзүйн зохицуулалтаар бууруулах боломжгүй. Зээлийн хүү бууруулахын тулд улс төрийн орчин тогтвортой байх, Засгийн газар нь дөрвөн жил ажилладаг байх, татварын орчин тогтвортой байж, авлига бага байх хэрэгтэй. Одоо бол зээлийн хүүгээс илүү хүнд суртал, санхүүгийн бус дарамт нь их байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс эхлээд хүнд суртал, бусад бичиг цаас болон биет бус дарамтаа багасгах нь чухал. Түүнээс гадна инфляцийг бууруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гадаадаас ам.доллараар бараг үнэгүй мөнгө авчраад төгрөгт шилжүүлээд 16 хувийн хүүтэй зээл олгож байна. Инфляци, ханшийн хэлбэлзэл өндөр байгаа нөхцөлд зээлийн хүү бага байх хэцүү. Тиймээс зээлийн хүү өндөр байх нөхцөл, шалтгаануудыг судалж, арилгах нь чухал. Дэлхийн 70 гаруй оронд арилжааны банкуудад зээлийн хязгаар тогтоож байсан. Харамсалтай нь, ихэнх нь сөрөг үр дагавартай байсан. Хүү тогтоохоор банкууд зээл олгохгүй байх, аж ахуй нэгжүүдэд банк зээл олгохгүй бол яах вэ гээд сөрөг үр дагавар ихтэй. Жишээлбэл, жижиг, дунд бизнес эрхлэгчид банкнаас тодорхой хүүтэй зээл авдаг. Гэтэл банкны хүүг багаар тогтоовол жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгогдохгүй болчих эрсдэлтэй.
Монголын банкны холбооны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат:
- Зээлийн хүү яагаад өндөр байгаагийн учир шалтгаантай тэмцэх ёстой. Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, түүний хэрэгжилт, хууль эрхзүйн байдал, улсын зээлжих зэрэглэл, макро эдийн засгийн үзүүлэлтүүд өндөр байхад нөлөөлж буй. Түүнээс гадна бүтцийн хувьд нөлөөлөл бий. Монгол Улс эдийн засгийн хувьд хөгжиж байгаа залуу улс. Тиймээс зээлийн эрэлт өндөр байдаг ч эрэлтийг хангах хуримтлал маш бага байгаа. Эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг гол төлөв гадаадын зээлээр авдаг. Гадаад валютаар авахаар ханштай уялдуулахаар зээлийн хүү нь өндөр болдог. Гадаад валютын зээлийн хүүгийн зөрүүг улсын төсвөөс гаргадаг. Ийм тогтолцоотой явж ирсэн учраас бүтцийг өөрчлөх, хуримтлалыг дэмжих маягаар зээлийн нийлүүлэлтийг хангах, эх үүсвэрийн нийлүүлэлтийг бий болгох шаардлагатай.
Ш.ЧИМЭГ