Оффшор бүсээс хөрөнгө босгох нь буруу биш

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Оффшор бүсээс хөрөнгө босгох нь буруу биш

Оффшор бүсээс хөрөнгө босгох нь буруу биш

Оффшор бүсэд компани байгуулсан, хөрөнгө хадгалсан, хувьцаа гаргасан бизнес эрхлэгч бүхнээ монголчууд үзэн ядвал энэ улс хөгжихгүй. Мөрий тавихад ч бэлэн байна.

Оффшор бол татварын хөнгөлөлттэй бүс. Дэлхийн олон зуун бизнес эрхлэгчид энэ бүсэд үйл ажиллагаа эрхэлдгийн гол зорилго нь татварын таатай орчин санал болгодогт оршдог.  Тэр бүү хэл хууль чангатай БНХАУ-ын бизнес эрхлэгчид энэ бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг.

Оффшорыг мөн хөрөнгө босгох бүс ч гэж нэрлэдэг. Монголд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь оффшор бүсэд бүртгэлтэй, мөн Монголоос гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компаниуд бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байсан нь хөрөнгө оруулалт татах зорилготой л холбогддог.

УИХ-аар өнгөрсөн хавар Оффшорыг зохицуулах хуулийн төсөл батлахын өмнө аль улсыг оффшор бүсэд хамруулах вэ гэдэг маргаан өрнөсөн нь хөрөнгө оруулагчдыг үргээх вий гэдэг болгоомжлолоос үүдэлтэй юм.

Мөн Оффшорыг зохицуулах хууль нь зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа 40 мянган хүн, тэдний гэр бүлд  үйлчлэхээр заасан нь ч ийм учиртай. 

Гэтэл их мэдэгчид дээрх хуулийн үзэл баримтлалыг ч ойлгоогүй, судлаагүй хэрнээ Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциумаас зарласан нэрсийн жагсаалтад багтсан үндэсний бизнес эрхлэгчдээ улстөрчидтэй хольж хутган “Хөрөнгийг нь хураа” гэхчлэн бархиралдаж эхлэв.

Уучлаарай… Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн Оффшорыг зохицуулах хууль улстөрчид болон төрийн албаныхан, тэдний гэр бүлд л хамаарахаас бизнес эрхлэгчдэд огт хамааралгүй юм.  Тэд оффшор бүсэд хөрөнгө байршуулсан, хөрөнгө босгосон, компани байгуулсан, хувьцаа эзэмшдэг байлаа гээд хууль зөрчихгүй.

Энэ тухай зарим бизнес эрхлэгч цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.  Тухайлбал, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл “Панама пейперс гэдэгт миний нэр байсан. Тэнд дурдсан компани нь үйл ажиллагаа явуулаагүй 2014 онд хаагдсан компани юм.  Мөн “Бату майнинг” гэдэг компаниас 10-аад жилийн өмнө хувьцаа худалдаж аваад буцааж зарсан тухай сүр бадруулан хэвлэлээр гаргасан. Одоо хэвлэлээр цацагдаад байгаа “Парадайз пейперс’-д намайг ‘Петроматад”-ын хувьцаа эзэмшигч гэжээ. Тиймээ тэр үнэн. Одоогоос 10-аад жилийн өмнө Монголд газрын тосны хайгуулын мөнгө босгох зорилгоор “Петроматад” компанийг байгуулж Лондонгийн хөрөнгийн бирж дээр гаргасан. Лондонгийн хөрөнгийн бирж дээр англи саксоны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компани гардаг. Энэ шаардлагын дагуу “Петроматад” группын компаниуд англи саксоны хуультай оффшор бүсэд компаниа бүртгүүлсэн. Энэ нөхцөлд хөрөнгө оруулагчид ч итгэж хөрөнгө оруулдаг. Ингээд “Петровис” компани өөрийн болон хөрөнгийн биржээс босгосон хөрөнгөөр 10 жил газрын тос хайж 70 гаруй сая ам доллар зарцуулжээ. Нөгөө өнцөгөөс нь харвал гадаадын татвар төлөгч иргэд, байгууллагын хөрөнгөөр Монголд газрын тос хайж байна” гэжээ.

Тийм ээ, энэ үнэн. Оффшор бүсэд гарсан Монголын бизнесмен бүхэн түүний нэгэн адил хөрөнгө босгохын төлөө л явсан, зүтгэсэн. Том агуулгаар нь харвал нэг ч гэсэн боловсруулах үйлдвэртэй болчихъё гэсэн зорилго л байсан. 

Хөрөнгө оруулалт татна гэдэг ч амар ажил биш. Амь наана там цаана явж л бүтээдэг ажил.

Монголыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2006-2007 хооронд сэргэсэн нь өнөөдөр адлуулж суугаа энэ хэдэн бизнесменүүдийн хүч хөдөлмөр байсныг хэлэх ёстой болов уу. Харин 2009 оноос гадаадын шууд хөрөнгө оруулалт эрчимжсэн нь Оюутолгой төсөлтэй холбогддог. Тодруулбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2009 онд 801 тэрбум, 2010 онд нэг их наяд 25 тэрбум төгрөгт хүрсэн бол  2011 онд дөрвөн их наяд төгрөгт хүрсэн нь рекорд байлаа. Хөрөнгө оруулалт бол Монголын эдийн засгийн бодит өсөлтийг хангадаг  том урсгал.

Хэрэв монголчууд бизнес эрхлэгчдээ оффшор бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг гэж үзэн ядсаар байвал Монголыг зорин ирэх хөрөнгө оруулагч олдохгүй болно. Монголын үнэ цэнэтэй үйлдвэрлэгч бүхэн, бизнесмен бүхэн Монголоос л зугтах болно.

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж