Хүйтний эрч улам чангарч, жавар хайрсан өвлийн өдрүүд ирлээ. Гэвч өвлийн улиралд гэгээ тасармагц автобусны бараа сураг алдарч, иргэд олон цагаар буудал дээр хонохоос наагуур болдог. Хүйтний улиралд хүмүүсийг чирэгдүүлдэг нийтийн тээвэр.оргил ачааллын үеэр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэхээр болжээ.
Энэ талаар Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Өнөөдрийн зохицуулалтаар оройдоо нэмэлтээр 99 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Тухайн автобуснуудыг иргэдийн зорчигч урсгалтай нийцүүлэн хамгийн их ачаалалтай газруудад гаргаж байгаа. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо картаар үйлчлүүлж байгаатай холбогдуулан аль чиглэлд, хэдэн хүн, хэдэн цагийн үед явж байна гэсэн тоон судалгаа бүрэн гарч ирж байгаа юм. Энэ судалгаан дээр үндэслэн төлөвлөлтүүдийг хийгээд явж байна. Мөн 20 гаруй чиглэлд автобуснуудын өглөө гарах цагийг 5-10 минутаар урагшлуулах, орой 22:00-23:00 цаг хүртэл сунгах ажлуудыг хийгээд байна” хэмээн ярилаа.
Ажлын өдрүүдэд өглөөний 07:25-07:40 цагийн хооронд хотын захын ачаалал ихтэй таван цэгээс /Саппоро, 3-р эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, 7-н буудал/ зургаан чиглэлд тус бүр нэг автобус явуулах төлөвлөлтийг хийж, үйлчилгээг зохион байгуулах аж. Мөн оройн оргил ачааллын үе буюу 17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн. Үүнд найман аж ахуйн нэгж, байгууллагын 17 чиглэлийн 57 тээврийн хэрэгслийн өдрийн цагт цонхлуулж, оройн ачаалалтай цагаар 20 гаруй чиглэлд дунджаар 99 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийнэ гэсэн юм.
Э.БУрам