Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр /2017.11.23/ “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сэдэвт сургалт хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үдээс өмнөх хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нээж, үг хэлсэн юм.
Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд нэлээд дээгүүрт орно. “Ernst&Youmg” санхүүгийн компаниас нөөцөөрөө хамгийн их байгаа Монголын 15-хан эрдэс баялгийн түүхий эдэд саяхан аудит хийж үзсэн. Түүгээр Монголд 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум тонн нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэртэй. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4,1, мөнгө 2 тэрбум ам.доллар гэхчлэн үргэлжилнэ. Нийт нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид дунджаар 1,3 их наяд ам.доллар хэмээн үнэлжээ. Одоогоор Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 шахам илрэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдээгүй олон баялаг хөрсөн дор байна. Энэ баялаг сүүлийн 20-30 жил эргэлтэд оржээ. Өнөөдөр Монголын экспортын 94 хувийг уул уурхай дангаар эзэлж байна. Гэтэл 3 сая хүний 40 хувь нь ядууралтай байна. Хэрэв бид ийм их баялаг экспортолсон юм бол Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу энэ баялаг нийт ард түмэнд хүртээлтэй байх ёстой юм. 30 гэр бүл гэдэг нэр томъёо ингэж гарч ирсэн. Оффшорын дансны эздийг сүүлийн хоёр жилд гурав дахь удаагаа зарлалаа. Түүнээс өмнө бид оффшор данстай хүмүүсийнхээ нэрийг мэддэггүй байсан. Одоо бол хэн гэдэг гишүүн, хэн гэдэг сайд, хэн гэдэг бизнесмен хаана данстай байгааг мэдсэн. Дансан дотор нь хэд байгааг мэдэхгүй байгаа. Энэ ажилд практик ажил хийдэг Николас Женокопоулус, Никос Пассас нар зөвлөгөө өгөхөөр сургалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү бодитой санал, санаачилга, тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа Монгол Улс дахь авлигыг таслан зогсоох, оффшор бүсэд нуугдсан Монголын ард түмний баялгийн нэгээхэн хэсгийг буцааж авчрахад томоохон хувь нэмэр болно хэмээн найдаж байна. Бодитой үр дүн гарна гэж найдаж байна. Төрийн байгууллагын төлөөлөл та бүхэн яаж ажилладаг, юуг нь сурвал үр дүнтэй байх вэ гэдгээ ний нуугүй яриарай” гэсэн юм.
Аливаа улс орон оффшор бүст байгаа мөнгийг олж тогтоосон тохиолдолд , тухайн мөнгө нь төрийн өндөр албан тушаал тасралтгүй хашиж байсан хүн байгаад хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурдаагүй, өөрийнх нь хөрөнгийн хэмжээнээс давсан бол энэ мөнгө нь төрийн мөнгө гэдгийг нь батлах ёстой. Хэрэв баталж чадвал Монгол Улс энэ мөнгийг нь авах эрх нь нээгддэг зарчим бусад улс оронд байдаг аж. АТГ-аас 17 тэрбум төгрөг оффшор бүст байдаг гэдэг тоо хэлдэг олон улсын байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар 31 их наяд төгрөг магадлалтай гэсэн судалгаа гарчээ. Тиймээс энэ их оффшор мөнгөний эх үүсвэр нь хаанаас, хэн гэдэг хүний нэр дээр байна вэ гэдгийг АТГ шалгаж, тогтоох боломжтой юм байна. Түүнээс гадна оффшортой тэмцэхэд тухайн улсын иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн оролцоо, дэмжлэг маш чухал гэдгийг оролцогчид онцолсон юм. “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сэдэвт сургалт хэлэлцүүлгийн үдээс хойшх хуралдаанд “Байгаль орчны төлөөх” хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг илтгэл тавьсан юм. Тэрээр 2013 оноос хойш оффшортой тэмцэх, оффшор дансан дахь мэдээллийг олон нийтэд ил болгох асуудлаар тодорхой санаачилга гаргаж байгаа юм байна. Тэрээр илтгэлийн эхэнд “2013 онд УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшор данстай гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн үед С.Баярцогт дансанд дахь мөнгөний талаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй. Тиймээс энэ мөнгөний эх үүсвэрийг шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т тавьж байсан. Мөн Эрүүгийн хэрэг нь ч хаагдсан. Тиймээс бид Швейцар улсын Никос Пассастай холбогдож, тодорхой мэдээлэл, чиглэл авах хүсэлтээ тавьсны дагуу оффшортой тэмцэх ажил өнөөдрийг хүртэл амжилттай явж байгаа. Бид оффшортой тэмцэхийн тулд иргэдэд мэдээлэл өгөх, бусад орнууд оффшортой хэрхэн тэмцдэг, ямар эх үүсвэртэй мөнгө болон түүнийг эргүүлэн татах ямар боломжууд байна гэдгийг судалж, хамтран ажиллаж байна” гэлээ.
Оффшор бүст байгаа Монгол Улсын иргэний нэр дээрх дансыг шалгаж, тогтоох, аль байршилд байгааг нь тогтоох нь чухал байдаг юм байна. Энэ талаар АНУ-ын Массачусетсийн Их Сургуулийн Эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн шүүхийн профессор ноён Никос Пассас “Иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлын талаар тодорхой хэлэлцээр хийж байгаа нь тодорхой үр дүнтэй ажил гэж бодож байна. Мөнгө хаана нуугдсан, хаана байгааг нь тодорхойлох ёстой. Гэхдээ энэ бол маш олон дамжлага дамжиж явдаг учраас хүндрэлтэй байдаг. Өөрийнхөө хөрөнгө орлогоос хэт их давсан өмч хөрөнгийг гадаадад эзэмшдэг, нуудаг гэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдээлэлтэй байгаа. Тиймээс цаашид мөнгө, эд хөрөнгө нь аль бүст нуугдсан байгаа вэ гэдгийг тодорхойлж чадвал энэ асуудалтай тэмцэх боломж гарна” гэлээ.
Ш.ЧИМЭГ