Зохиолч Г.Аюурзаны “Бөөгийн домог” номын хэлэлцүүлэг, ярилцлага өчигдөр /2017.11.22/ “Интерном” номын дэлгүүрт боллоо. Түүний хувьд “Бөөгийн домог” зохиолоо яагаад бичих болсон тухай хийгээд Монголын орчин үеийн уран зохиолын талаар уншигчидтай ярилцсан юм. Уншигч, зохиолчийн уулзалтыг тэмдэглэн хүргэе.
Үгийн тухай ойлголт, шашны ойлголт бол өөр байдаг юм билээ. Шашны ойлголтоор сүнс гэж байдаг. Сүнс нь биед дамжаад яваад байдаг. Манай эмээ өвөөгийн сүнс гэж намайг их итгэдэг. Гэтэл бөөгийн ойлголтоор бол их өөр. Бөөгийн ертөнцөөр сүнс хэзээ ч эргэж ирдэггүй. Сүнс нэг оронд очоод тэнд амьдардаг. Тэнд сүнсний амьдардаг орчин бий. Бид нартад амьдарч байна. Харин тэр харанхуй оронд дан сүнснүүд амьдардаг. Хэмжээсний зөрүүтэй учраас сүнс нэвтэрч чадахгүй байна. Нэвтэрч чаддаг онцгой сүнс байдаг бөгөөд түүнийг онгод гэдэг. Бөөд ирж байгаа сүнс бол онцгой чадвартай, цаг хугацаа орон зайны зааг хязгаарыг нэвтэрч чаддаг. Бөөд ирж байгаа нь өөрийнхөө болон өвөөгийнхөө сүнстэй ярьж байгаа биш юм. Энэ бол миний үг биш юм шүү. Бөө ингэж үздэг юм. Шашин, бөө хоёрын үзэл тэс өөр юм.
Би маш олон бөөтэй уулзаж байсан. Зарим бөө үнэхээр итгэл төрүүлмээр юм билээ. Ном бичих явцад бөө нарын хэлж байсан үгийг бичиж байсан. Энэ онгодтой юм байна гэж бодохоор тэд бараг юм ярьдаггүй. Энэ худлаа гар байна даа гэж бодсон нэгэн нь үлгэр домгоос эхлээд маш их зүйл мэддэг байсан нь надад ном бичихэд их хэрэг болсон. Үнэхээр жинхэнэ бөө байдаг юм байна гэдэгт итгэсэн. Гэхдээ би тааралдсан гэдэгтээ итгэлтэй биш байгаа.
ОДОО ХҮНИЙГ МАГТАХ ИХ ХЭЦҮҮ БОЛСОН
Уулзалтын үеэр зохиолчдын амьдрал уран бүтээлийн талаар Японы нэгэн зохиолчийн талаар хэсэг хугацаанд ярилцсан юм.
Зохиолч Г.Аюурзана зохиолчийн талаар ийм тайлбарыг өглөө.
Зохиолч хүн гэдэг өөрөө эргэлзээтэй үг. Зохиолч хүн бол зохиодог гэсэн утгатай. Бусад бүх хэлэнд энэ үг бичдэг гэсэн утгатай байдаг. Бичнэ гэдэг зохиохоос тэс өөр. Манай хуучны бичгийн уламжлалд бичгийн том хүн, сударч гэж тэмдэглэсэн байдаг.
Өөрийгөө ухаж байж сая бичихийн утга учир гарна. Ингэж эцэст нь өөрийгөө дайчилж бичсэн зүйл муу, сайн болсон гэдгээр дүгнэнэ. Хамгийн сүүлд ямар түвшинд бичигдсэн байна вэ гэдэг нь харагдах юм. Зохиолч хүн өөрийгөө дайчилдаггүй, өөрөөсөө ичдэггүй байж болохгүй л дээ. Бид өнөөдөр 50, 60 жил болчихсон зохиолч гэдэг үгийг бичээч гэж бодож болохгүй юм.
Уран зохиолд “Эсвэл шилдэг нь байна эсвэл ор сураггүй арил” гэж ганцхан зарчим байдаг. Ийм хатуу зүйл рүү эргэлт буцалтгүй хөл тавьчихлаа гэдгээ би анхандаа мэдээгүй гэж та хэлсэн. /Г.Аюурзана/ Энд нэг асуулт байна. Ямар хатуу зорилго вэ? гэж бодогдож байна.
-Манай утга зохиолд шүүмжлэгчид хангалттай байна. Тэд таныг хамгийн шилдэг болоход хурцлах ёстой юу, хурцалж байна уу?
-Зохиолч хүний зорилго бол сайн зүйлийг хийх ёстой. Өөрийгөө шүүмжилж давж гарах хэрэгтэй. Өөрийгөө сайн юм хийсэн гэж бодоогүй бол эсвэл би заавал сайн зүйл хийнэ гэж бодож байгаа бол зохиолч болох болоогүй юм. Миний хэлсэн санаа бол тэр юм. Үнэхээр сайн зүйл хийх хэрэгтэй. Гуталчин байсан ч сайн гуталчин бай. Үүний төлөө явж байх хэрэгтэй. Хүн хамгийн сайныг хийх гэж зүтгэснийхээ төлөө л сайн зүйлийг гаргаж, урагшаа шат ахина шүү дээ.
Шүүмжлэгч нарын тухайд өнөөдөр манайд хангалттай байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ шүүмжлэгч, шүүмж бичиж байгаа хүмүүс бий. Харин шүүмжид их сонин ханддаг болсон байна. Манайд хуучин шүүмжийг тодорхой нэг загварт барин бичдэг байсан. Одоо маш олон талаар задлах болсон болохоор шинэ шинэ шүүмжийн хэлбэрүүд гараад ирлээ. 3-4 жилийн өмнөөс нилээн задаргаатай гаргадаг шүүмж бичдэг залуус гарч ирсэн. Миний бодлоор 1990 оноос уран зохиол шинэ шатанд гарсан бол 2000 оноос шүүмжлэгчид шат ахисан гэж боддог. Одоо хүнийг магтах их хэцүү болсон. Орчин үеийн зүйлийг урагш авч явдаг нь шүүмж юм. Юмыг шүүмжлэнэ гэдэг чинь зөв, бурууг олж харах юм. Түүнийг олж байж цааш явахад хэцүү болох юм.
-Монголын боловсролын талаар ярьж өгөөч. Та их, дээд сургуулийн боловсролын түвшинг ямар түвшинд байна вэ. Та хүүхдүүдээ аль сургуульд сургадаг вэ?
-Боловсролын тухайд та бүхэн н.Энхбат захиралаас асуусан нь дээр байх. Яагаад гэвэл энэ хүн сүүлийн арваад жил номын талаар Боловсролын яамтай их ойр ажиллаж байгаа хүн. Боловсролын тухайд бол төр хариуцаад авчихсан. Төр 18 хүртэл эрүүл өсгөх, боловсролын түвшинг хоёрыг хариуцаад авчихсан. Ерөнхий боловсролыг хангалттай үнэ төлбөргүй өгч байна. Төр энэ хариуцаж авсан хоёр чухал асуудал дээр хэрхэн хандаж байна вэ? Монголчуудын хэлдэгчилэн дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг шиг л юм болж байна. Бид дэлхий дээр сүрьеэгээр долоод байсан бол одоо гурав руу ороод ирлээ. Манай улс олон зүйлээр түрүүлэх гээд байна. Дэлхийн хамгийн бохирдолтой, утаатай улс гээд нэрлэгдэх дөхлөө. Гэтэл төр хариуцаж авсан эрүүл мэнд, боловсролын асуудлаа хаячихлаа. Тэгэхээр өнөөдөр үүнийг ярихад хэцүү байна. Үнэхээр ярихад их гутамшиг болсон. Ерөнхий боловсрлын 12-р ангийг төгсөж байгаа хүүхдийг ном уншуулаад дараа нь бичсэн хэлбэрийг нь харахад юу харагдах вэ? Үнэхээр гамшиг.
Н.ТҮВШИНБАЯР БЭЛТГЭЛ ХИЙГЭЭГҮЙ БАЙСАН БОЛ ШУУД ОЛИМПИЙН АВАРГА БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ
-Ухаарсан амьдралын бүтээл болсон гэж нэгэн зохиолч бүтээлийнхээ талаар хэлсэн байдаг. Ухаарсан амьдралын мөн чанар гэж юу юм бол? Энэ талаар та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Амьдралд хүн ямар байх ёстой вэ гэдэг нэгэн шугам байна. Хүн бусдад муу юм хийхгүй байна гэдэг том зарчим юм. Гэтэл өнөөдөр үүнийг мөрдөөд явбал хүний амьдралд асар их зүйлийг тойрч болно. Санаандгүй үйлдлээр бусдад гай болчих зүйлийг хийдэг болж. Ерөнхийдөө жинхэнэ бөө, жинхэнэ лам гэж байдаггүй. Зөв хүнийг бид асар их зүйлээс бий болгоно. Бид эхээс төрөхдөө мундаг төрдөггүй шүү дээ. Н.Т үвшинбаярыг “төрсөн амьтан” гэдэг. Гэтэл тэр хүн хэзээ ч жүдогийн бэлтгэл хийгээгүй байсан бол шууд олимпийн наадмаас алтан медаль авахгүй шүү дээ. Тэгэхээр хүний оюун санаа асар зүйлээс татгалзаж байх хэрэгтэй. Өнөөгийн залууст хэрэгтэй юу зөв, юу нь буруу вэ гэдгийг сайн ялгаад буруугаас нь салаад явчих хэрэгтэй. Зөв хүн бизнес хийсэн ч амжилттай явна. Зөв хүн зохиол бичсэн ч сайн зохиол болно. Бас зөв хүн архи уусан ч зөв ууж чадна.
-“Бөөгийн домог” номын хавтасны зургийн тухай асуумаар байна. Та номынхоо зургийг зуруулахдаа санаагаа зураачид хэлсэн үү?
-Энэ зургийг Ч.Болдбаатар гэдэг зураач зурсан. Би түүнд ямар ч санаа хэлээгүй. Би бөөгийн тухай ном биччихлээ. Бөөгийн тухай зураач хүнд тайлбарлахад хэрэггүй. Тэр хүн уран зураг зурдаггүй. Нэг зүйл бодоод л арчаад тавьчихдаг. Үүнийг нь харахад бөөгийн онгод шиг. Хүний дотор байгаа оюун санааг нэг будгаар дүрсэлж чаддаг. Их мундаг зураач. Надад энэ зураг таалагдсан.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Н.ЭНХБАТ