Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар өнөөдөр (2017.11.23) НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банкны Манила дахь төвийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Вэнди Вокер, НҮБ-ын Бүсийн тогтвортой хөгжлийн зорилтууд хариуцсан зөвлөх Михайла Прокол, Хөгжлийн хөтөлбөрийн Нью Йорк дахь төвийн Байгаль орчны бодлого хариуцсан зөвлөх Тим Скот, тус хөтөлбөрийн Бээжин дэх ахлах эдийн засагч Бил Бикалес, Хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн Эрүүл мэндийн эдийн засгийн зөвлөх Андерсон Стансиолэ, Хүн амын сангийн Монгол дахь суурийн төлөөлөгч Наоми Китахара, Хүүхдийн сангийн Ази номхон далайн бүсийн Нийгмийн бодлогын мэргэжилтэн Жун Фан нар багтаж байлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороо НҮБ-ын Хүн амын сантай амжилттай хамтран ажиллаж байгааг дурдав. Мөн НҮБ-ын гишүүн орнуудын 2015 онд соёрхон баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2030 он хүртэлх Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд НҮБ-аас манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, эдгээр зорилтуудыг хөгжлийн бодлого, стратеги болон холбогдох салбарын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байгаа ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлэв.

НҮБ-ын суурин зохицуулагч, Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман, шинээр томилогдсон Байнгын хорооны даргад баяр хүргээд “Бидний зорилго бол Монгол Улсын Засгийн газарт Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа биелүүлэхэд олон талт хамтын ажиллагааны байгууллагууд дэмжлэг үзүүлэхээр ирснээ уламжлав” гэлээ.

Ажлын хэсгийн төлөөлөгчид өөрсдийн хариуцаж буй салбартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, сонирхсон зүйлээ лавлав. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх явцад хэрхэн хамтарч ажиллах, шаардлагатай мэдээллийг хэрхэн авах, байгаль орчинд нөлөөлж байгаа асуудлыг Байнгын хороо хэрхэн авч үзэж байгаа, нийгмийн салбарт тусгасан төсвийн мөнгийг хэрхэн ашигтайгаар хуваарилах талаар тодруулав.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Эрүүл мэндийг дэмжих зорилтын хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, монгол хүнийг эрүүл урт удаан амьдрах нөхцлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэх, эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эндэгдлийн түвшинг бууруулах зорилтууд тавьж ажиллаж байна.

Боловсролын чиглэлээр сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулах, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчийг бэлтгэх, олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой болохоор зорьж байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулан, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, ядуурлын түвшинг бууруулах шаардлагатай байна” гэлээ.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг дээрх зорилтуудын хүрээнд НББСШУБХ-ны даргын хувьд болон Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-аас түлхүү анхаарч ажиллах саналаа хүргүүлснээр уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж