Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг санууллаа

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг санууллаа

Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг санууллаа

Өвлийн улирал дөнгөж эхэлж байна. Энэ зун ихэнх нутгаар гандуу байсан учраас газрын гарц тааруу, малын бэлчээрийн даац хүрэлцээгүй муу, өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг өнөөдөр /2017.11.23/ болж буй “Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл” хэмээх чуулганы үеэр мэргэжилтнүүд санууллаа.

Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн зудын эрсдэлийн зургаас харахад 2015 онд нийт нутгийн 40 орчим хувь нь зудын өндөр эрсдэлтэй байж, сая гаруй толгой мал хорогджээ. Өнгөрсөн жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан учраас зудын эрсдэл бага 365 мянга орчим толгой мал хорогдсон байна.

Харин энэ жилийн зуншлага тааруу байсан учраас зуд болох эрсдэл өндөр гарсан. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 30 орчим хувьд эрсдэл өндөр, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.

Хөдөө аж ахуйн цаг уурын хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг

“Миний хувьд малын тоо, бэлчээрийн нөөц, даац, ган, зуншлагын мэдээг гаргадаг. Энэ зун манай орны нийт нутгаар нэлээд гандуу зуслаа. Зуны улирлын долдугаар сарын 31-нд гангийн дүр зургийг тодорхойлдог юм. Уг дүр зургаар ихэнх нутгаар гандуу байсан. Ингэснээр нийт нутгийн 70 хувьд өөрийнхөө малыг өөрөө онд авч орох боломжгүй гарсан. Ерөнхийдөө энэ өвлийн нөхцөл байдал хүндхэн байх төлөвтэй байна. Малчид бүх боломжоороо өвлийнхөө бэлтгэлийг хийж байна. Зарим бүс нутагт өвлийнхөө бэлтгэлийг хийе ч гэсэн зуншлага оройтсон учраас нэлээд хүндрэлтэй байгаа. Төвийн бүсийн аймгууд Дорнод, Сүхбаатар аймгаас, баруун аймгууд ОХУ-аас өвс, хадлангаа авах мэдээтэй байсан. Энэ зун гангын байдал ихэнх нутгийг хамарсан учраас энэ өвлийг давахад хүндрэлтэй байна. Манай хүрээлэнгээс гаргасан энэ өвлийн урьдчилсан мэдээгээр өвөлдөө -40, -50 хувь хүрнэ гэсэн дүн гараагүй” гэдгийг Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг ярилаа.

Ирэх сарын өвлийн улирлын урьдчилсан төлөв хоёр хоногийн дараа гарах гэнэ.  Тус хуралд оролцохоор орон нутгаас цөөнгүй малчид иржээ. Тэдний нэг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын малчин А.Мөнхбаяр “Манай нутагт энэ жил цас их орлоо. Манайх нийт 400 гаруй толгой малтай. Энэ зун газрын гарц тааруу байсан учраас малын тарга тэвээр муу байна. Малчдын хувьд газар газраас л өвсөө худалдан авч бэлтгэж байгаа. Нэг боодол өвсийг долоон мянган төгрөгөөр худалдан авдаг. Энэ өвөл цас их орвол малчдын байдал хүндрэх эрсдэл өндөртэй байна” тухай учирлав.

Япон улсын Нагояа их сургуулийн эрдэмтэд Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнтэй хамтран 2003 оноос эхлэн “4D” төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийнхөө хүрээнд бэлчээрийн даац, нөөцийн мэдээллийг нарийвчлалтайгаар мэдээлэх талаар багийн түвшинд ажиллаж байгаа аж. Мөн тус сургуулийн эрдэмтэдтэй 2011 оноос зудын эрсдэлийн зураг, цаг агаарын аюултай үзэгдэл зэргийг тооцоолох ажлыг хамтран хийж байгааг судлаачид онцолж байлаа.

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж