Завгүй ээжүүдийн "баруун гар"

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Завгүй ээжүүдийн "баруун гар"

Завгүй ээжүүдийн "баруун гар"

Хүүхэд асрагчийн эрэлт маш их байдаг ч монголчууд тэнцдэггүй

Гадаадад хамгийн эрэлттэйд тооцогддог хүүхэд асрагчийн үйлчилгээ Монголд зах зээлийн суурь баазаа дөнгөж засаж байна. Даяарчлагдаж буй энэ нийгэмд эмэгтэйчүүд гэрийн ажилд нухлагдахаас илүүтэйгээр хувийн карьер, бизнесийн амжилтаа ахиулахыг эрмэлздэг болжээ. Ийн эмэгтэйчүүд ажлын талбарт хүч үзэх сонголт хийж, харин тэдний орон зайг хүүхэд асрагчид нөхөж байна.

Тэгвэл энэ удаагийн “Зах зээл” буландаа хүүхэд асрагчийн үйлчилгээ үзүүлдэг компаниудыг онцлов.

Монголд мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй хүүхэд асрагч нарыг ажилд зуучилдаг таван компани байдаг аж. Хуулиар дотооддоо хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж буй нөхцөлд төрийн байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй ч зуучлалын компаниудын хүлээх үүрэг, үүрэх эрсдэл өндөр. Сүүлийн үед хүүхэд асрагчийн эрэлт хэрэгцээ ихсэж, хүмүүс найдвартай, итгэл даах хүнээр хүүхдээ харуулах сонирхолтой болжээ. Угтаа саяхныг хүртэл бид бяцхан үрсээ тэтгэвэрт гарсан ээж аавдаа л найдан үлдээх эсвэл арван жилийн сурагч дүүгээрээ харуулах гэх мэтээр аргацааж дөнгөдөг байв. Харин өнөө цагт хөгшин залуу гэлтгүй хүн бүр өөрийн гэсэн эрхэлсэн ажил, гүйцэтгэх үүрэг хүлээдэг болжээ. Тиймээс л хүүхэд асрагчийн зах зээл бий болсон хэмээн мэргэжилтнүүд ярьж байна. “Мон сафо” ХХК-ийн дэргэдэх “Super nanny” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлалын агентлагийн захирал Б.Цэрэнлхагва “Манайх хүүхэд асрагчийн үйлчилгээ үзүүлдэг болоод долоон сар болж байна. Хүүхэд асрагчид ээжүүдийн “баруун гар” болдог. Иймд асрагч зөвхөн хүүхэд харах, асрахаас гадна хүмүүжүүлэх, эрүүл чийрэг байлгах, витаминлаг хоол хүнсээр хооллох гэхчилэн маш өндөр хариуцлагатай ажил хийнэ. Тиймээс бид хүүхэд асрагчдад болон энэ төрлийн үйлчилгээ авахаар хандсан эцэг, эхчүүдэд өндөр шаардлага тавьдаг. Манайд гол төлөв залуу гэр бүлүүд хандаж байна. Түүнчлэн ханиад томуу их, агаарын бохирдолттой буюу өвлийн улиралд хүүхдээ гэрээр харуулах сонирхолтой хүмүүс ч олон бий. Тэгэхээр хүүхэд асрагчийн эрэлт ямар их байгааг эндээс харж байна. Хэдийгээр мэргэжлийн хувьд тийм ч өндөр ур чадвар шаардахгүй ч гэлээ энэ бол маш хариуцлагатай ажил. Гэтэл манайхан энэ ажлыг боолчлогдож байна гэдэг ойлголтоор хийх нь элбэг. Тэд хариуцлагагүй, цагаа барьдаггүй, амархан шантардаг гэх мэт асуудал үүсгэдэг.

  • Монголд хүүхэд асрагчдыг ажилд зуучилдаг таван компани байдаг.

  • Ажилд авахдаа эхлээд сэтгэлзүйн тест авдаг бөгөөд тэнцсэн тохиолдолд эрүүл мэндийн найман төрлийн шинжилгээнд хамруулдаг.

  • Гэхдээ манайхан энэ ажлыг боолчлогдож байна гэдэг ойлголтоор хандаж, ажилдаа хариуцлагагүй ханддаг.

Нөгөөтэйгүүр, энэ үйлчилгээг авч байгаа хүмүүс шинэ соёлд суралцаагүйн дээр заримдаа ажилд авсан хүнээ өөрийн боол мэт үзэж, дээрэлхэх, зандрах гэх мэтээр зүй бус хандлага гаргадаг” гэв.

Хүүхэд асрагчийн үйлчилгээ хоёр хэлбэрээр явагддаг. Үйлчлүүлэгчид хүүхдээ нэг цаг болон бүтэн долоо хоногоор харуулах боломжтой бол өөр нэг хувилбар нь асрагчаа гэртээ байлгаж ажиллуулах боломжтой аж. Асрагчийг ажилд авахдаа эхлээд сэтгэл зүйн тест авдаг бөгөөд тэнцсэн тохиолдолд эрүүл мэндийн халдварт өвчний найман төрлийн шинжилгээнд хамруулдаг аж. Харин үнийн хувьд, асруулах хүүхдийн тоо, ажилчдын ур чадвар зэргээс хамаарч төлбөр нь 650 мянгаас нэг сая хүртэл төгрөгт хэлбэлзэж байгааг хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчийн үйлчилгээ үзүүлж буй ‘Happy Flowers’ компани мэдээллээ. Тэрчлэн хүүхдийг нь харах нэрийдлээр хулгай хийх тохиолдол цөөнгүй гардаг гэдгийг зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компаниуд хэлж байна. Тиймээс компаниуд ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, нөгөө талаар хоёр талыг шинэ тутам соёлд сургах үүднээс арсагч болон захиалагч талтай чанд тогтоосон дүрэм журам, гэрээний хүрээнд хамтран ажилладаг аж.

Сүүлийн жилүүдэд бэлтэй айлын эхнэрүүд Филиппин улсын асрагчаар хүүхдээ асруулахын сацуу англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх үүднээс өндөр үнээр хөлсөлж ажиллуулдаг болсон. Филиппинчүүд ч хүүхэд асрагчийн ажлыг хамгийн сайн хийдэг хүмүүс бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт энэ ажлыг эрхлэн ажиллаж, амьдарч байна. Тэдний гол чанар нь хулгай хийдэггүй, гэрт нь байнгын байрлаж ажилладаг, угааж, цэвэрлэх ажилд гарамгай, амттай хоол хийдэг төдийгүй хүүхэдтэй нь англиар харилцдаг нь давуу тал болдог юм. Ийм найдвартай, хийх ажлаа бүрэн дүүрэн ухамсарласан учраас тэднийг сонгож, тэдэнд өндөр үнэ төлөх шалтгаан болж байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Энэ талаар “Хүүхэд асрагчийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд Филиппинээс ажилчин авчрах сонирхолтой байдаг. Гэхдээ Монголын нийгэмд ажилгүй, өрх толгойлсон болон тэтгэврийн насны олон эмэгтэй байдаг. Бид энэ орон зай, зэх зээлийг заавал гаднаас биш дотоодоосоо нөхөх боломжтой гэж харж байна. Тиймээс насны хязгаарыг 20-55 гэж тогтоосон. Хамгийн гол нь хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах нь чухал. Монголд зөвхөн нэг удаа ажилд зуучлаад төлбөр авдаг компаниуд ч байдаг. Гэхдээ үүний сөрөг тал нь тухайн ажил олгогч нэг сар ажиллуулчихаад ажлаас нь халчихдаг. Ингээд асрагч ахиад л ажил хайх эрэлд гардаг. Тиймээс  хүүхэд асрагчийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компаниуд энэ эрсдэлээс сэргийлэх үүднээс ажлаасаа халагдвал өөр ажилд зуучлах зэрэг тухайн асрагчийг байнгын ажилтай байлгах үүрэг хүлээдэг юм. Үүнд л зуучлалын компанийн үнэ цэнэ оршдог” хэмээн Б.Цэрэнлхагва өгүүлэв.

Хүүхэд асрагчийн үйлчилгээ үзүүлэгч “Super nanny” агентлаг хүмүүстээ зургаан сараас дээш хугацаанд ажиллах ёстой гэсэн шаардлага тавьж, зуучлалын үйлчилгээ үзүүлдэг аж. Харин тэнцсэн нөхцөлд эрсдэлээс хамгаалсан даатгалд хамруулдаг  гэнэ. Учир нь асрагчид ажиллаж байгаа айлынхаа эд хөрөнгийг санамсар, болгоомжгүй байдлаар эвдэх, сүйтгэх тохиолдол гардаг юм байна. Энэ үед даатгалаас эвдэрсэн эдлэлийн үнийг тогтоож, 80 хувийг, харин ажилтан үлдсэн 20 хувиа өөрөө төлөх зохицуулалттай аж. Энэ бол ажилтан, захиалагч гээд аль аль талыг нь эрсдэлээс хамгаалж буй хамгийн зөв хэлбэр аж. Мөн компаниуд ажилчдаа нэгдсэн дүрэмт хувцсаар хангадаг бөгөөд асрагч нарт айл очихдоо өөрсдийн аяга таваг, халбага сэрээгээ тусад нь бэлдэж очихыг шаарддаг байна. Энэ бол үйлчилгээний маш том соёл гэдгийг мөн онцлов.

Асрагчийн цалингийн хувьд долоо хоногийн таван өдөр ажиллаж, хоёр өдөр амрах нөхцөлд үндсэн цалин 600-650 мянган төгрөг байдаг бөгөөд илүү цагийн мөнгийг нэг цагт 30-35 мянган төгрөгөөр тооцдог аж. Харин байрлаж ажиллах тохиолдолд долоо хоногийн зургаан өдөр ажиллаж, нэг өдөр амрах бөгөөд 700-800 мянган төгрөгийн цалинтай гэнэ.

Харин захиалагчид нь гол төлөв Зайсан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Маршал таун зэрэг газарт амьдардаг, амьжиргааны түвшин дээгүүр өрхүүд хүүхэд асрагч авдаг юм байна.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж