Монголын банкны холбооноос жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 250 гаруй төлөөлөл оролцож буй форум өнөөдөр /2017.11.23/ боллоо.
Монголбанкнаас 2017 онд гаргасан “Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал’ судалгаагаар жижиг, дунд бизнесийг арилжааны банкууд хамгийн сайн дэмждэг гэсэн үр дүн гарчээ. Гэсэн хэдий ч санхүүжилт авахад гардаг хүндрэл нь бизнесийн салбар, тэр дундаа жижиг, дунд бизнесийн өсөлтийг сааруулдаг ажээ.
Мөн ДНБ-ий 20 хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид бүрдүүлдэг. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг тэлэхэд жижиг, дунд бизнес эрхлэлтийг дэмжих нь чухал ач холбогдолтой. Монголын банкны холбоо болон банк, бус санхүүгийн байгууллага, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн хэд хэдэн хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтуудаас гарсан саналыг нэгтгэн тодорхой шийдвэрт хүрэхийн тулд форумыг зохион байгуулж гэж зохион байгуулагчид онцолсон юм.
“Urban” брэндийн үүсгэн байгуулагч Д.Тунгалаг:
-Бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн олдоц муутай байдаг. Түүнээс гадна зээл хаанаас авах, хэнд хандах нь тодорхой мэдээлэлгүй, хүртээмж муутайгаас жижиг, дунд бизнес эрхлэх салбар хөгжихгүй байна.
Жижиг, дунд бизнес эрхлэхэд сайн төсөл, сайн санхүүжилт, төрийн зөв бодлого чухал. Ялангуяа төр татварын орчин бүрдүүлэх, санхүүгийн дэмжлэгийн талаар бизнес эрхлэгчдэд ил тодоор мэдээлэх нь чухал ач холбогдолтой байдаг. Хаанаас хэн зээл өгч байгаа, хэнтэй уулзах, банкин дээр бүрдүүлэх материал, зээл хүлээх зэрэг нь маш их дарамт, дахин шинэ бизнес эрхлэх хэмжээний хүндрэл учруулдаг.
Зээл авахын тулд маш олон тамга, нотариат дамжих, удаан хугацаанд хүлээх гээд олон хүндрэлүүд гардаг. Энэ байдлыг цэгцэлж, бизнес эрхлэгчдэд зөв мэдээлэл өгөх, хүү багатай, урт хугацаатай зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үнэхээр төр жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих гэж байгаа бол татварын бодлогоо ч гэсэн зөв болгох хэрэгтэй байна.
Засгийн газраас жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, татвар бууруулах, чадавхжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг маш олон арга хэмжээ авдаг. Гэвч жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, ялангуяа санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр оролцогч талуудын хамтын ажиллагааг үр дүнтэй болгох, уялдаа холбоог нь сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг форум зохион байгуулагчид төдийгүй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл онцолж байлаа. Жижиг, дунд бизнес эрхлэгчид санхүүгийн дэмжлэгээс гадна төрийн зөв бодлого, байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа учраас эхний ээлжинд Зээлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх шаардлагатай байгаа гэв. Зээлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлснээр аж ахуй нэгж, зээлдэгчдийн мэдээлэл ил тод байж, зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зээлийн хүү буурах гол нөхцөл нь болох юм байна.
Эдийн засагч Б.Найдалаа:
–Жижиг, дунд бизнесийг дэмжих хөтөлбөр, олгож байгаа санхүүжилт нь өнгөрсөн жилүүдийг бодвол нэмэгдсэн. Бидний зарцуулж байгаа дүн, жижиг, дунд бизнес эрхлэгч эзэндээ хүрч байгаа эсэх нь өнөөдөр асуудал болоод байна. Форумын зорилго нь төр засаг, банк, санхүүгийн байгууллага, олон улсын байгууллагууд тус тусдаа хийж байгаа ажлаа нэгтгэж, үр дүнтэй болгох, жижиг, эцсийн дүндээ санхүүгийн дэмжлэг жижиг, дунд бизнес эрхлэгчдээ хүрэх боломжийг оновчтой болгох талаар ярилцаж байна. Ингэхийн тулд төр бодлогоо цэгцлэх шаардлагатай байна.
Аль байгууллагаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилт олгохоо тодорхой болгох хэрэгтэй. Түүнээс гадна халамжийн болон бизнесийг дэмжиж байгаа хоёр бодлогыг нэгтгэх нь бизнес эрхлэх гэж байгаа иргэдэд саад болж байна. Нэг зүйлийг тус тусдаа олон байгууллага хийж байхаар бүгдийг нэгтгэж, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай. Жижиг, дунд бизнесийг хариуцаж байгаа бодлогын нэгжээ нэг болгох, эсвэл хоорондын уялдаагаа сайжруулах ёстой. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санг мөнгө босгох чадвартай менежментийн байгууллага болгох ёстой. Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг төр, улстөрчдийн мэдлээр нэмэх бол амархан. Улстөрчдийн сонирхлоор зарцуулагдаж байгаа нь маш харамсалтай. Сайд, засаг дарга нарын үзэмжээр зээл олгогдоод байхаар жинхэнэ бизнес эрхлэгчдэд хүрч чадахгүй байна. Тиймээс энэ системийг сайжруулах нь чухал.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудаас тодорхой санхүүжилт олгож ирсэн. Гэвч өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, аймаг орон нутгийн сан, банк болон олон улсын байгууллага гээд маш олон бүтэц бүхий байгууллагууд тус тус жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн зээл олгодог. Гэтэл энэ олон зээлийн үр дүн, тогтвортой байдал өнөөдрийг хүртэл тулгамдаж байгаа учраас төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, төрийн оролцоог хяналттай болгох зайлшгүй шаардлага тулгарч байгааг талууд онцолж байлаа. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн байгууллагуудыг нэгдсэн бодлоготой болгож, уялдаа холбоог сайжруулахын тулд тодорхой бодлого өнөөдрийн форумаас гарах юм байна.
Ш.ЧИМЭГ