Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн “Севилья” клубын удирдлагын зүгээс дасгалжуулагч Эдуардо Бериззо түрүү булчирхайн хорт хавдраар өвчилсөн болохыг албан ёсоор мэдэгдлээ.
“Севилья” өнгөрсөн мягмар гаригийн шөнө Аваргуудын лигийн хүрээнд Английн “Ливерпуль” клубыг талбайдаа хүлээн авч, 3:0-ээр хожигдож яваад эцсийн мөчид тооны харьцааг тэнцүүлсэн. Гайхалтай энэ ялалтаас хойш хэдхэн цагийн дараа “Севилья”-гийн фенүүд харамсалтай мэдээ сонссон нь энэ юм.
“Клубын нэгдүгээр багийн дасгалжуулагч Эдуардо Бериззо түрүү булчирхайн холбогч эдийн үүсэлтэй хорт хавдраар өвчилсөн болохыг клубын эмч нар тогтоосон. Цаашид нарийн шинжилгээ үзлэгт хамруулсны дүнд өвчний үе шат болоод ямар эмчилгээ хийх эсэхийг шийднэ. Клубын удирдлага дасгалжуулагчдаа бүх талын дэмжлэг үзүүлэх болно. Хурдан эдгэхийг ерөөе” гэж мэдэгдэлд дурджээ.
Бериззогийн ажиллаж байсан “Селта Виго”, “Марсель” зэрэг Европын багуудаас мөн түүнийг хурдан эдгэхийг хүссэн захидал илгээж, мэдэгдэл гаргасан байна.
Багийн тоглогчдод энэ харамсалтай мэдээллийг Аваргуудын лигийн тоглолтоос хэд хоногийн өмнө дуулгасан гэнэ.
С.ЦЭЛМЭГ