Хүүхдийн хувцасны зах зээлийг хямд, хятад бараа эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хувцасны зах зээлийг хямд, хятад бараа эзэлжээ

Хүүхдийн хувцасны зах зээлийг хямд, хятад бараа эзэлжээ

Өвөл болохтой зэрэгцэн өхөөрдөм хөөрхөн үрсээ дулаан тухтай хувцаслачих юмсан гэсэн бодол эцэг, эхчүүдийн толгойны өвчин болдог. Уг нь  хүүхдэдээ чанартай, дулаахан хувцас авч өгмөөр байвч авч байгаа цалин, түрийвчин  дэх мөнгө маань хямдхан хятад хүрэм, гутал авахад л хүрэлцдэг.

Хот, хөдөө гэлтгүй олны хамгийн түгээмэл үйлчлүүлдэг худалдааны төв болох “Сандэй плаза’ өчигдөр /2017.11.22/ оройн 18.00 цаг гэхэд хүмүүсийн хөл татраагүй, ид бужигнаж байлаа. Миний ийш зүглэсэн зорилго нэгэнт тодорхой  болохоор шууд таван давхар дахь хүүхдийн хувцасны тасаг руу очлоо.

Хүүхдийн хувцас өнгө, загвар хийцийн хувьд ёстой нэг алаглаж харагдана. Хүүхдийн гэлтгүй том хүний анхаарал, сонирхлыг татахуйц эгдүүтэй хөөрхөн хувцаснууд янз бүрээрээ өлгөөтэй байх аж. Даанч энэ бүх хувцас ихэвчлэн импортын бараанууд. 

Бага насны хүүхдийн хантааз, мөрөвчтэй өмдний хослол  өд, сөдөн куртка, өмд цамц, гутал, бүр унтлагын хувцсыг хүртэл Хятад, Өмнөд Солонгосоос авчран борлуулж байна.

Уг нь үндэсний үйлдвэрлэлийн, дотоодод хийсэн хүүхдийн хувцас байдаг бол эцэг, эхчүүд түүнээс сонголт хийх боломжтой. Даанч үнэндээ оймсноос өөр үндэсний үйлдвэрлэлийн хувцас үзээд өгье гэсэн ч ховор юм. 

Эхний лангуу, хоёр дахь, гурав дахь лангуу, бүх лангуу “Made in Сhina” гэсэн шошготой хувцсаар дүүрэн. Худалдагч бүсгүй “Угаасаа хүүхдийн, том хүний гэлтгүй бүх л хувцсыг Хятадаас оруулж ирнэ шүү дээ. Зарим худалдагч нар л Солонгост үйлдвэрлэсэн гэж худлаа ярьдаг болохоос” гэж уурсав.

Уг нь хүүхдийн хувцсыг ямар ч элдэв будаггүй, харшил өгөхгүй даавуугаар хийсэн байх ёстой. Гэтэл урдаас  орж ирж байгаа хүүхдийн хувцаснууд ч дээ, сайн чанартайг нь л сонгохгүй бол харахад гайгүй юм шиг хэрнээ хэд угаагаад хэрэглээнээс гардаг. 

Бид хүнс, ахуйн хэрэглээ, хувцас гээд бараг хэрэглээний бүх зүйлсээ гаднаас импортоор оруулж ирсээр л байна. Ихэнх эцэг, эхчүүд хүүхдэдээ чанартай гэхээсээ илүү мөнгөндөө тааруулж, хямд, хэсэг хугацааг аргалах байдлаар л хувцас сонгож байна.  Энэ бидний дутагдал. 

Хүүхдийн хувцасны үйлдвэр манай улсад хэзээ хөгжиж, хэзээ бид үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болно доо.

Монгол шиг ийм хүйтэн өвөлтэй улсад ядаж л хүүхдийн нэхий дээл, ноосон өмд, цамц, ноолууран хувцас, малгай ороолт дундаж үнэтэй байдаг бол хүмүүс хятад хүрэм биш монгол нэхийгээ авна. Гэвч манай ихэнх үйлдвэрүүдийн гадуур хувцас, ноолуур, нэхийн гадуур хувцаснууд том хүнийхээс дутахгүй, заримдаа бүр илүү өндөр үнэтэй байдаг. Өглөө, оройны сэрүүнд цэцэрлэг, сургуулийнхаа хооронд гүйх бага насны хүүхдүүдийг харахаар бүгд л нимгэн, хөнгөн хятад куртка л өмссөн байгааг харахаар ингэж өөрийн эрхгүй бодогддог юм билээ. 

Хүүхдийнхээ хувцсыг хаанаас бэлтгэдэг талаар зарим аав, ээжүүд ийн ярьсан юм.

 

Увс  аймгийн Малчин сумын иргэн  Д.Алимаа:  

-Увс аймгийнхаа төвөөс хүүхдийнхээ хувцсыг бэлддэг. Болж өгвөл үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, өөрсдийн үйлдвэрлэсэн хувцсыг авч өгдөг. Ялангуяа гар аргаар оёсон гутал  авч өгөх дуртай. Социализмын үед монголчууд ядаж хувцсаа өөрсдөө оёод өмсчихдөг байж. Одоо харахад ихэнх хувцсыг импортоор оруулж ирж байна. Үндэсний үйлдвэрлэл гэж нэрлэгдэх хувцаснууд импортоор орж ирж байгаа хувцаснаас үнэтэй байх үе бий. Тэр худалдан авалтад нөлөөлдөг байх.

 

Баянгол дүүргийн иргэн Д.Цэцэгдарь: 

-Хүүхдийнхээ хувцсыг зах, худалдааны төвөөс бэлдэх дургүй. Одоогийн хүүхдүүд их ханиад хүрч байгаа нь нейлон материалтай куртка өмсөж байгаатай холбоотой гэж боддог юм. Би болж өгвөл үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хичээдэг. “Монголд үйлдвэрлэв’ худалдааны төвөөс хүүдийнхээ  гутлыг авдаг. Харин бусад хувцсыг Европт байгаа хамаатан садандаа захиж, авчруулж байна даа. Европ хувцас Хятад хувцаснаас илүү чанартай. Манайд хүүхдийн хувцасны үйлдвэрлэл гэж үнэхээр алга. Төр засгаас үүнд анхаарал хандуулмаар юм. Хэрэв хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг үйлдвэртэй болчихвол бид дэмжинэ шүү дээ.

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баяртогтох:

-Ач  нарынхаа хувцсыг энэ өвөл ‘Мишээл экспо’-д байрлах ‘Монголд үйлдвэрлэв’ худалдааны төвөөс  бэлдсэн. Эсгий таавчиг, гутал зэргийг тэндээс бас авчихдаг. Манай хөгшин хүртэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, нэхий дээл авч өмссөн. Хүмүүс үндэсний үйлдвэрлэл  гэхээр ёозгүй хандаад байдаг. Гэхдээ манайхан харьцангуй бүтээлч болсон байна лээ.


Үнэхээр хүүхдийн хувцасны зах зээлээ бид Хятад хувцсаар дүүргэсэнтэй уулзсан хүмүүсийн дийлэнх нь санал нэгдэж байв. Үндэсний үйлдвэрлэлийн хувцасны нүүрийг тахалж буй ноос ноолууран бүтээгдэхүүн дээр жишээ авахад хүүхдийн хувцас тийм ч боломжийн үнэтэй бус. “Дархан нэхий” ХК-ийн хүүхдийн дээл гэхэд 99-190 мянган төгрөгийн хооронд зарагддаг бол “Дархан Минж”-ийн хүүхдийн нэхий дээл 135-250 мянган төгрөгийн үнэтэй байх жишээний. Зах зээлийн дундаж үнэ гэлээ ч 200-гаад мянган төгрөгийн монгол нэхий хүрэм авахаасаа илүү 100 мянган төгрөгийн хятад куртка авах сонголыг эцэг, эхчүүд хийж байна. 

‘Сандэй плаза’ худалдааны төвд хүүхдийн куртка 50-100 мянган төгрөгийн хооронд худалдаалагдах ба худалдан авалт өвлийн турш тасардаггүй гэх. Гадуур хувцас 100 мянга гэдэг үнэ өнөөгийн худалдан авах чадвараа бодохоор иргэдийн амьдралд арай ойр сонголт болдог бололтой. 

Үндэсний үйлдвэрлэгчдийн өвлийн дулаахан хүрмийг хүүхэд бүр өмсдөг бол хэчнээн хэрэгтэй билээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж