ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн иргэний дайнд цэг тавих асуудлаарх яриа хэлэлцээнд Турк, Ираны ерөнхийлөгчдийг урьжээ. Харин Сирийн босогчдын тал Саудын Арабт хуралдахдаа энхийн хэлэлцээ байгуулахын өмнө өвөр хоорондоо нэгдэхийг чухалчилж, ерөнхийлөгч Башар аль Ассадыг огцруулах шаардлага тавихаар шийдсэн юм.
Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад зочилсноос хойш хоёр хоногийн дараа Путин Ираны ерөнхийлөгч Хассан Рухани болон Туркийн Режеп Эрдоган нарыг урьсан гэнэ.
Путины хэлснээр талууд Сирид ардын конгресс байгуулах Оросын саналыг дэмжжээ. Сирид босогчдын хөдөлгөөнөөр эхэлсэн иргэний дайн өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэдэн зуун мянган энгийн номхон хүний аминд хүрч, 11 сая хүнийг орон гэргүй болгож орон гэрээсээ дүрвэхэд хүргэсэн олон улсын дүрвэгсдийн томоохон хямралыг үүсгэсэн.
Өнгөрсөн хугацаанд сөргөлдөгч талуудын яриа хэлэлцээ хийх оролдлогууд бүгд бүтэлгүйтсэн. Босогчид ерөнхийлөгч Башар аль Ассадыг огцрохыг шаарддаг ч Ассад бууж өгөх бодолгүй байгаагаас талуудын алин нь ч цэрэг армийн хүчээр асуудлыг шийдэж чадалгүй өдийг хүрсэн.
2015 онд ОХУ Башар аль Ассадын засгийн газарт цэрэг армийн дэмжлэг үзүүлж, дайнд оролцсоноос хойш хүчний тэнцвэр Ассадын засгийн газарт давуу болж ирсэн. Өнгөрсөн жил Сирийн арми зэвсэгт босогчдын сүүлчийн хүч орогнож байсан Алеппо хотоос хөөн гаргасан нь хэдэн долоо хоногийн өмнө өөрсдийгөө Исламын улс хэмээн тунхагласан алан хядагч бүлэглэлийг дарах эхлэлийг тавьсан. Сирийн засгийн газрын цэргүүд одоо АНУ-ын дэмжлэгтэй Курдын зэвсэгт босогчдын бүсээс бусад бүх газрыг хяналтдаа авахаар хичээж байгаа юм.
Путиныг хар тэнгисийн эрэг дээр Эрдоган, Рухани нартай яриа хэлэлцээ хийж байгаа зуур Сирийн босогчдын бүлэглэл өчигдөр Саудын Арабын Рияад хотын тансаг зочид буудалд хуралдсан юм. Хуралдаанаар тэд Ассадыг огцорсон тохиолдолд энхийн хэлэлцээ байгуулна гэсэн шийдвэрт хүрчээ.