Тайландын цэргийн сургуулийн сонсогчийг зуурдаар нас барсных нь дараа дотор эрхтнүүд нь алга байсныг мэджээ.
Пхакхапонг Танякан гэгч цэрэг 2017 оны аравдугаар сарын 17-нд нас баржээ. Түүний үхлийн шалтгааныг зүрхний шигдээсээс болсон гэж гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байна. Гэвч талийгаач өмнө нь сургуульдаа зүй бус, харгис хэрцгий шийтгэлийн золиос болж байсан тул гэр бүлийнхэн нь зуурдаар амьсгал хураасан гэдэгт итгээгүй гэнэ. Тиймээс хувийн эмнэлэгт задлан шинжилгээ хийлгэсэн ба шинжилгээгээр түүний хэд хэдэн яс цуурч, хавирга хугарсныг тогтоосноос гадна талийгаачийн биед тархи, зүрх, ходоод болон давсаг нь байхгүй болохыг мэджээ.
“Үнэхээр хэлэх үг алга. Сууж явсан завь минь хөмөрсөн мэт л санагдаж байна” гэж талийгаач цэргийн аав ВВС-д ярьжээ.
Талийгаач өмнө нь сургуулийнхаа ахлах ангийн оюутнуудад дээрэлхүүлдэг тухайгаа ярьж байсан гэнэ. Түүнчлэн нэг удаа шийтгүүлж зодуулсны улмаас гэмтэж, шоконд орж, компьютер томограф шинжилгээ хийлгэж байжээ.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор хүний эрхийн байгууллагууд Тайландын цэргийн салбарт зодож, занчиж шийтгэх, залхаан цээрлүүлэх явдал энгийн зүйл мэт болсныг шүүмжилсэн байна.
Хэргийн талаар Тайландын зэвсэгт хүчний байгууллагаас мэдээлэл хийхдээ, ‘Талийгаач зүрх нь зогсож, зуурдаар амиа алдсан, цэргийн эмнэлэгт задлан шинжилгээ хийх үед дотор эрхтнүүдийг нь авсан’ гэжээ.
Цэргийн эмнэлгийн эмч дотор эрхтнүүд ямар ч гэмтэлгүй байсан учир нарийн шинжилгээ хийхийн тулд эрхтнүүдийг нь авсан гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн шинжилгээний хариу гарсан тул гэр бүлийнхэн нь талийгаачийн эд эрхтнийг авч болно гэжээ.
Харгис хэрцгий шийтгэл хүлээлгэдэг гэх мэдээллийн дагуу холбогдох хүмүүст сахилгын арга хэмжээ авсан, гэхдээ энэ нь нас барсан цэргийн хэрэгтэй холбоогүй гэдгийг зэвсэгт хүчний байгууллагаас нь онцолсон байна.
Харин Таняканы гэр бүлийнхэн хэн нэгнийг буруутгаж, хариуцлага хүлээлгэхийг урьтал болголгүй, гагцхүү үхлийн шалтгааныг үнэн зөвөөр тайлбарлахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна.
С.ЦЭЛМЭГ