Оросын алдарт дуурийн дуучин Дмитрий Хворостовский 55 насандаа Лондонд өөд боллоо. Энэ мэдээллийг дуучны бие төлөөлөгч өчигдөр /2017.11.22/ ТАСС агентлагт мэдэгдсэн байна. Тэрбээр “Энэ мэдээлэл бол үнэн, харамсалтай нь ийм явдал боллоо” хэмээжээ.
Сануулахад, 2015 оны зургадугаар сард Дмитрий Хворостовский тархины хавдартай гэдэг нь оношлогдсон юм. Тэрээр өвчний улмаас театраасаа хүртэл татгалзаж, товлосон хэд хэдэн тоглолтоо цуцалж байлаа. Гэхдээ Дмитрий Хворостовский бүрэн эдгэнэ гэсэн итгэл найдвар дүүрэн, өөдрөг үзэлтэй хүн байв. Иймээс тэр тоглолтоо үргэлжлүүлж, шинэ цомгийн бичлэгтээ орохоор төлөвлөж байсан ажээ.
Тэр удаан хугацаанд химийн эмчилгээ хийлгэсэн ч өвчин нь хүндэрсэээр байжээ.
Биеийн байдал сайнгүй байх үед ОХУ-ын ‘Российская газета’ сонин Хворостовскийтой ярилцлага хийжээ. Тэрбээр ярилцлагадаа ‘Ийм нөхцөл байдалд орсон үед хэрхэн амьдрах вэ гэдэг зүйл их бодогдох юм. Хэцүү байна. Үнэхээр хэцүү. Гэхдээ хүн тайвширчихдаг л юм байна. Хэн ч надад туслахгүй гэдгийг ойлгосон. Сул дорой байхыг хүсэхгүй байна. Итгэлт андууд минь болон тэвчээр байхад бүхнийг даван туулна’ гэж ярьжээ.
Дмитрий Хворостовский Красноярск хотод төрж, өссөн. Тэрээр Багшийн болон Урлагийн сургууль төгсчээ. 1985-1990 онд Хворостовский Красноярскийн улсын дуурь, бүжгийн театрийн гоцлол дуучнаар ажиллаж байсан.
1989 онд тэрээр Кардиффд болсон дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн ба дэлхийн дуурийн шилдэг театруудад тоглолтоо хийж байсан агуу дуучин байв.
Э.УРАН