Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дорнын салхи “King Tug”

Дорнын салхи “King Tug”

Дасгалжуулагч Жо Гуссен нь түүнийг мэргэжлийн боксын рингэн дэх дараагийн Мэнни Пэкьяо гэж тодотгосон юм. Зууны шилдэг тулаанчдын нэг Мэнни Пэкьяотой зүйрлэхэд эрт хэдий ч Н.Төгсцогтод түүнтэй адил төстэй олон чанар бий гэдэг. Тэр түрэмгий бөгөөд дайчин, нягт хамгаалалттай, хүнд цохилттой, зүүн зүүн, баруун гэх угсраа цохилтыг төгс гүйцэтгэдэг, бас хөлийн хөдөлгөөн онцгой гээд мэргэжлийн боксын архаг фанатууд түүний тухай боксын форумд сэтгэгдлээ хуваалцжээ.

Дэлхийн зүүн хагаст орших Монгол хэмээх тал нутгаас цойлон гарч ирсэн хүү, дорно зүгээс салхилсан эрчит хүйтэн салхи, түүнийг зогсоох хүчин мөхөс гээд магтаалын үгс хөвөрсөн байв.

Нямбаярын Төгсцогт саяхан мэргэжлийн боксын рингэн дэх ес дэх ялалтаа авсан. Филиппиний тулаанч Хармонито Дела Торретой найман үе тоглож, оноогоор өрсөлдөгчөө ялсан тэр тулааныг шилдэг тулаанч Флойд Мэйвейзер үзэж сонирхжээ. Тоглолтын явцад рингний гаднаас манай тамирчинд заавар зөвлөгөө өгч, өөрийн хүн шиг хандсан гэх сураг дуулдав. Энэ тухай Н.Төгсцогтын ойрын хүрээний хүн ярьсан юм.

Тулаан өндөрлөсний дараа Флойд өөрөө манай тамирчин дээр баяр хүргэж очсоноор зэрэгцэж зогсоод зураг авхуулах боломж бүрдсэн гэнэ. Тулааны дараа Н.Төгсцогт “Домогтой хамт” гэх тайлбартай Флойд Мэйвейзертэй хамт авхуулсан зургаа сошиал сүлжээнд нийтэлжээ.

Ерөнхийдөө Флойд Мэйвейзер King Tug-ийг сонирхож байгаагаа үг, үйлдлээрээ ийнхүү илэрхийлчихээд явжээ.

Н.Төгсцогт монголчуудын олимпийн найдвар байсан. 17-хон настайдаа дэлхийн аваргаас медаль зүүж, 20 настайдаа Лондонгийн олимпийн рингэнд аваргын төлөө өрсөлдсөн. Тив, дэлхийн зөвхөн шилдгүүд л гардаг тэр рингнээс мөнгөн медальтай буухдаа “аварга л болох байсан юм” гээд уйлж суусан тэр одоо харин огт өөр мэргэжлийн спортын талбарт МОНГОЛ нэрийг өргөж яваа.

Олимпийн аварга болох зорилгоо хараахан биелүүлж амжилгүй мэргэжил рүү “урвасан” түүний шалтгаан маш тодорхой байсан. Мөнгө хөөж карьераа эрт дуусгалаа гэх шүүмжлэлийн ард сонирхогчдын боксын спортын дэндүү шударга бус, луйвар булхайд идэгдсэн шүүлт байсан юм.

Олимп, дэлхийн медальтай, олон улсын томоохон тэмцээнээс бүгдээс нь медаль түүсэн Н.Төгсцогтын спортын замналд Азийн наадмын медаль байдаггүй. Дутуугаа гүйцээхээр 2014 онд Инчёны Азийн наадамд очоод, ганзага хоосон ирсэн юм. Эзэн орны тамирчинд ялагдсан ялагдлаа тэр өөрийнхөө буруугаас болсон гэж тайлбарладаг.

Үүний өмнө Казахстанд олон улсын хоёр ч тэмцээнд ялалтаа луйвардуулчихаад ирэхдээ л түүний сэтгэлд өөр нэгэн зорилго хэдийн багтсан байжээ.

Инчёны наадмаас ирээд Монголд арваадхан хоноод л тэр АНУ-ыг зорьсон. Хэнд ч хэлэлгүй, хэнээс ч тусламж авалгүй, зөвхөн өөрийнхөө шийдвэрээр. “Хэн нэгэн намайг битгий буруутгаасай гэж хүсч байна. Мэргэжлийн спорт гэдэг ямар ч тамирчны хувьд том боломж, том завшаан байдаг шүү дээ” гэж Н.Төгсцогт хожим ярьсан юм.

2014 оны намар Лос-Анжелесыг зорьсон цагаас хойш гурван жилийн өнгөрчээ. Жо Гуссен гэх дасгалжуулагчтай болсон, боксын хүрээний чамгүй нэр хүндтэй промотер Эл Хэймонтой гэрээ байгуулсан, бэлтгэлийн үеэр нэг минутад 130 цохилт хийсэн, клубынх нь залуус түүнийг King Tug гэж хочилдог болсон гээд сураг мэдээллийн араас Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийж, өрсөлдөгчөө 50 секундэд нам цохисон тухай шуугиад явчихав. Залгуулаад, хоёр, гурав, тав, найм… Харин сая ес дэх өрсөлдөгчөө буулган авлаа. 100 хувийн амжилт. Есөн тулаанаас наймд нь KO.

Одоо тэр мэргэжлийн боксод албан ёсны данстай тулаанч болсон. Жингийнхээ ангилалд дэлхийн 1504 тамирчнаас чансаагаараа 26-д бичигдэж байгаа.

Нэр: Нямбаярын ТӨГСЦОГТ
Рингний нэр: King Tug
Төрсөн огноо: 1992-06-23
Төрсөн газар: Улаанбаатар, Монгол
Нас: 25
Үндэс угсаа: Монгол
Анхны тулаан: 2015-03-13
Өндөр: 173 см
Жин: 57 кг
Цохилт: Баруун
Гарын урт: 168 см
Тулаан: 9
Раунд: 35
Хүнд цохилтын хувь: 89%
Чансаа: 26/1504

гэж Boxrec.com дахь түүний танилцуулгаас харж болно.

Одоо түүний зорилго тодорхой. Мэргэжлийн боксын рингэнд “ДЭЛХИЙН АВАРГА” гэж цоллуулаад, “МОНГОЛ” гэж дуудуулах гэдэг түүний мөрөөдөл. Мөрөөдлийнхөө төлөө эх орон, гэр бүл, найз нөхдөөсөө алс хол, хатуу чанга бэлтгэлийн хуваарийг ягштал мөрдөж, өөрийгөө бүрэн дайчилж байгаа. “Ирээдүй бидний өнөөдөр юу хийж байгаагаас шалтгаална. Хүнд бэлтгэл, хүсэл мөрөөдөл, зорилго миний аялал” гэж King Tug саяхан facebook-тээ бичжээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж