Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт буюу ‘Кино үйлдвэр’-ийн баруун хойно байрлах 204 дүгээр байрны найман давхарт гадна фасадны ажил хийж байсан дөрвөн хүн өндрөөс унаж, нас барсан осол 14 хоногийн өмнө гарсан юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ослын шалтгааны урьдчилсан дүгнэлтийг гаргасан бөгөөд байцаагчийн дүгнэлтэд, тэднийг хууль бусаар гадна дулаалгын ажил гүйцэтгэхдээ техникийн шаардлага хангаагүй гурван залгаас бүхий дүүжинт өргүүр ашигласан гэж үзсэн байв. Улмаар залгаасны боолт унасан учраас дүүжинт өргүүр дундуураа хуваагджээ. Өргүүр дээр зогсон, цонхны гаднах амсрын шавар унагаж байсан гүйцэтгэгчид өндрийн хамгаалах бүс хэрэглээгүй нь осолдож, амиа алдахад нөлөөлжээ.
Барилгын дулаалгын ажил гүйцэтгэж байгаад амиа алдсан дөрвөн хүн 30-40 насныхан байсан бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс болохыг осол гарсан өдөр /2017.11.10/ албаны эх сурвалж мэдээлж байсан юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүгийн ярьснаар, барилгын ажилтай холбоотойгоор сүүлийн хоёр жилд дөрвөн хүний амь эрсэдсэн ийм ноцтой осол гараагүй аж. Болсон явдлын дараахан мэргэжлийн хяналтын байцаагчид шинээр баригдаж буй барилгуудын угсралтын талбайд гэнэтийн шалгалт хийхэд ноцтой алдаа, зөрчил илрэх нь харьцангуй гайгүй байжээ.
Тэр өдөр юу болсон бэ? Талийгаачид хуучны есөн давхар угсармал орон сууц буюу 204 байрны нэгдүгээр орцны 7, 8, 9 давхрын айлуудын гадна дулаалга буюу фасадны ажлыг хийхээр эзэдтэй нь тохирсон байжээ. Уг нь бол өндөрт гарч хийх дулаалгын ажлыг хувь хүн, аж ахуйн нэгжүүд гүйцэтгэхдээ Барилгын хөгжлийн төвөөс тусгай зөвшөөрөл авах журамтай байдаг. Гэтэл дээрх тохиолдолд тусгай зөвшөөрөл аваагүй байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Хүний амь үрэгдсэн энэ үйл явдал нэг талаараа хатуу сануулга юм.
Жилийн жилд өвлийн улирал дөхөөд ирэхээр ялангуяа хуучны орон сууцанд амьдардаг айлууд гадна дулаалга хийлгэх нь нэмэгддэг. Гэтэл иргэд, сууц өмчлөгчдийн холбоод хэн нэгэн иргэн, компани хөлслөн ажиллуулахдаа тусгай зөвшөөрөлтэй эсэхийг асууж шалгадаггүй, бараг энэ талаарх мэдээлэл ч байдаггүйг үгүйсгэхгүй.
Өндөрт гаргасан дүүжинт өргүүрт ямар нэгэн тохиолдлоор техникийн гэмтэл гарч, осолдвол тэндээс унасан хүн амьд үлдэх нь ховор гэдгийг мэргэжлийн байцаагчид анхааруулж байна.
Ослыг харсан гэрчүүд болоод дулаалга хийлгэж байсан айлын эзэд, тухайн байрны сууц өмчлөгчдийн холбоо гээд холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч хараахан дуусаагүй байгааг цагдаагийн байгууллагын албаны эх сурвалж хэллээ.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ