Н.Жавзандулам: “Содура” кинонд зохиолын алдаа гарсан

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Н.Жавзандулам: “Содура” кинонд зохиолын алдаа гарсан

Н.Жавзандулам: “Содура” кинонд зохиолын алдаа гарсан

Телевизийн сэтгүүлч, кино зохиолч Н.Жавзандуламтай киноны зохиолын талаар яриа өрнүүллээ. Тэрбээр ОХУ-ын Москва хотын Кино урлагийн дээд сургуулийг кино зохиолч мэргэжлээр төгссөн дөрөвхөн мэргэжилтний нэг бөгөөд одоо Радио, телевизийн дээд сургуульд багшилдаг юм байна. Түүний “Хувьцаа”, “Айлын ах”, “Шувууд буцах намар”, “Нүгэл сүлсэн хайр” зэрэг уран сайхны кино болон  теле зохиомж, жүжгүүдийг бичиж  дэлгэцийн бүтээл болж, үзэгчдэд хүрсэн юм.


-Таныг ОХУ-д кино зохиолч мэргэжлээр суралцаж, бэлтгэгдсэн дөрөвхөн зохиолчийн нэг гэж дуулсан. Улсын бодлогоор цөөнгүй кино найруулагчдыг бэлтгэсэн байдаг. Харин кино зохиолч мэргэжлээр бэлтгэсэн мэргэжилтэн цөөн юм шиг?

-Миний хувьд ажлынхаа анхны гарааг Монгол кино үйлдвэрээс эхэлж байлаа. Монгол кино үйлдвэрт үйлчлэгчээс  эхлээд л киноны бүхий л шат дамжлага дээр ажилласан.. Дараа  нь Үндэсний телевиз,  теле кино үйлдвэрт ассистент найруулагчаар  ажиллаж  тэр үед бүтээгдсэн телевизийн кинонууд дээр Хишигт, Юндэн, Содном  Долгор  зэрэг найруулагч нарын  удирдлага дор  ажиллаж, байгаад Бүх холбоотын  кино урлагийн  сургуульд  суралцахаар  олон шатны шалгалтыг өгч тус сургуулийн “Кино зохиолчийн” ангид элсэн суралцсан. Ер нь манай улсад мэргэжлийн кино найруулагчид олон бэлтгэгдсэн ч кино зохиолчид харьцангуй цөөн   Гэхдээ ганц нэг хүн суралцахаар очсон боловч сургуулийн  маань босгыг гэтэлж чадаагүй.  Би одоо Радио, телевизийн дээд сургуульд кино зохиол бичих ур чадвар, монгол кино урлагийн түүхийн багшаар ажиллаж байна.

-Тэгвэл одоо их, дээд сургуулиудад кино зохиол сонирхон бичдэг оюутан залуус хэр олон байна вэ?

-Кино зохиолыг сонирхдог залуус олон бий. Гадуур кино зохиолчдыг бэлддэг дугуйлан, курс ч цөөнгүй байдаг юм шиг байна лээ. Ажиглаад байхад  манай оронд  гаднаас  мэргэжлийн бус  хүн ирээд  хэд хэдэн формат  заагаад явсан  байдаг. Хэлсэн ярьсныг  сонсоод продюсер хүн байсан болов уу?  Гэж бодсон.  Кино зохиол гэхээр л  залуучууд формат  яриад эхэлдэг. Уул нь зохиолын дотоод мөн чанарыг гаргах вэ  гэдэгт л  гол зангилаа нь оршино. Кино зохиолын гол онолын хичээлийг мэргэжлийн хэмжээнд бэлтгэгдээгүй хүмүүс зааж сонирхогчийн  хэмжээний  мэдлэг олгодог.Энэ  их харамсалтай  муур үр дагавартай. Учир нь  зохиолыг бичихдээ өөрийнхөө оюун бодол, мэдлэг, боловсрол, сэтгэлээр шатаж байж бичдэг. Ийм учраас кино зохиолчийг бэлтгэнэ гэдэг их нарийн ажил л даа. Мөн кино зохиол бичье гэвэл кино урлагийг  мэргэжлийн  түвшинд мэддэг байх  зайлшгүй  шаардлага бий. Кино драматург гэдэг өөрөө их нарийн онцлогтой. Ер нь зохиолч бэлтгэнэ гэдэг их нандин ажил.

Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд яг мэргэжлийн кино зохиолчийг бэлтгэхэд дөрвөн жилийн сургалтаар зайлшгүй шаардлагатай. Кино зохиолчийг дуугүй этюд бичүүлж сургах хугацаа бүтэн жил үргэлжилдэг. Этюд бичихэд орон зайд, дүрсээр үйл хөдлөлөөр бичих зүйлээ  харуулж  бичиж сурахад маш том үүрэгтэй.  Өнөөдөр манайд  нарийн мэргэжлийн кино зохиолчийг  бэлдэх нь шаардлагатай.

-Киноны амин сүнс нь зохиол гэдэг. Харамсалтай нь энэ зүйл сүүлийн үеийн кинонуудад орхигдоод байна уу даа?

-Киноны амин сүнс бол зохиол та зөв хэллээ. Би оюутнууддаа “Вагон дүүрэн мөнгөтэй байхад хүн кино хийж чадахгүй. Харин  вагон зохиолтой байвал кино хийж чадна” гэж хэлдэг.

. Кино зохиол сайн болж байж сайн кино төрдөг. Манай алтан үеийн кино найруулагчид кино драматургийг маш сайн мэддэг байсан. Харин өнөөгийн түвшинд боловсрол олгож буй их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөртөө кино зохиолын хичээлийг хангалтгүй хэмжээгээр тусгасан нь харамсалтай. Тийм учраас залуу найруулагчид маань уран зохиол, кино зохиолын талаар мэдлэг нимгэн төгсөж байна. Тиймээс найруулагчид нь зохиолоо зөв сонгож, чаддаггүйгээс чанаргүй кинонуудыг хийх тал бий. Гэхдээ мэдээж сайн зохиолтой кино байгааг үгүйсгэж болохгүй л дээ. Кинонд  найруулагчийн  уран зохиол болоод кино зохиолын  мэдлэг чухал.

Сүүлийн үеийн залуу уран бүтээлчид өөрсдөө бичээд, өөрсдөө киногоо найруулаад байна уу гэж харагддаг. Зарим нь кино зохиол бичээгүй  ч ажлынхаа явцад кино болгох нь ч бий. Хамгийн гол нь зохиолын” Үнэ цэнэ” санаандаа байдаг. Зарим киног  үзэж дуусаад сэтгэлд юу ч үлддэггүй. Энэ нь зохиолын санаа муу байгаатай холбоотой. Зохиолч энэ зохиолоо яах гэж бичиж, үзэгчдэд юу хэлэх вэ гэдэг асуултын гаргалгааг өөрөө олж байж зохиолоо бичих ёстой. Тэгж байж нийгэмдээ, хүнд  үр өгөөжөө өгнө. Таны асуулт дээр нэмж хэлэхэд зохиолч  өөрөө “хүн “ болсон байх нь чухал.

-Кино зохиол нь уран зохиолоос юугаараа ялгаатай юм бэ?

– Кино зохиолыг  уншихад зориулагдсан бус киноны мэргэжилтнүүд харж сэтгэхэд зориулж бичдэг. Кино зохиол нь уран зохиолын бие даасан төрөл л дөө. Энэ утгаараа  зохиол маань эхлэл,  зангилаа, өрнөл,  туйл , төгсгөлтэй байх буюу уран өгүүлэхүүнтэй байна . Ийм байж  зохиол  болно.

Нөгөө талаас кино зохиол маань ремарк, харилцан яриа хоёроос  бүтдэг. Бүрэлдэхүүн хэсэг нь этюд  байдаг.Тийм учраас киног бичихдээ кадр план эпизод  харж мэдэрч  байж бичдэг. Киноны харилцан яриа бас  нэг амин сүнс нь . Яагаад  гэвэл яриан дээр киноны гол драматург  оршиж байдаг.

Ремарк гэж юу юм бэ?

Ремарк гэдэг маань киноны үйл явдал болж буй орон зай. Өөрөөр хэлбэл зохиолч  орон зай цаг хугацааг мэдэрч  ремаркаар сэтгэж  бичнэ гэсэн үг. Зохиолчийн бичсэн ремаркан дотор  жүжигчин амьдарна. Жүжигчин кинонд тоглодоггүй , амьдардаг.

 Зохиолд дүр бас их чухал. Дүрийн сайн, муу байх нь зохиолчоос хамаарах уу?

-Тайз, дэлгэцийн бүтээлд дүр маш чухал. Дүрээ зохиолч хүн маш сайн гаргаж, амьдралын судалгаатайгаар бодит үнэнээс уран сайхны үнэн рүү оруулж бичих ёстой. Ингэснээр тухайн дүр киног “амилуулж” байдаг юм. Сайн бичигдсэн дүрийг жүжигчин зөв гаргана. Зохиолч дүрээ мохоо бичих юм бол дүр маань мохоо л гарна. Жишээлбэл зохиолч зохиолоо бичихийн тулд амьдрал дээр судалгаа хийнэ. Тэр явцдаа өөрийн хийх гэж буй сэдэвтээ хөтлөгдөж, жинхэнэ “өвчилж” эхэлдэг. Энэ бол зохиолчийн онгод. Зохиолч онгодгүй байж зохиол бичнэ гэж байхгүй. Зохиолын  дүр  ямар хүн байхыг нүдэндээ харж, сэтгэлдээ мэдэрч,зүүдэндээ учирдаг. Багш маань “Та зохиолоо бичиж байхдаа нулимс унагахгүй бол таны  киног үзээд хэзээ ч нулимс унагахгүй” гэдэг байсан. Миний хувьд “Нүгэл сүлсэн хайр” хэмээх теле жүжгийнхээ  зохиолыг бичихдээ уйлж байсан. Энэ жүжгийг маань урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч О.Соёлт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Жаргал нар найруулж тавьсан. Жүжиг  телевизийн  50 жилийн баяраар  гарсны  дараа үзэгч утасдаж  уйлснаа ярьж хэлсэн.

Та америкт амьдарч байгаад  ирснийхээ дараа “ Тэртээд өнгөрүүлсэн он жилүүд”  ном гаргасан . Номоо бичихдээ уйлсан уу? Уйлсан уншигч бий юу?

Ном оо бичихдээ сүүлчийн хэсгийг бичихдээ хамар шархирч байсан…  Тухайн үед  уншигчид  их утасдаж сэтгэгдлээ ярьж , уйлснаа ярьсан уншигчид  бий.

Харин номоо УГЗ Хишигт ахдаа бэлэглэсэн. Хишигт ах  уншаад нулимс унагасан, Амсалмаад Жавзан ийм ном бичиж  унш гэж өгсөн. Гэж утсаар ярьсан. Дараа нь Амсалмаа гуай  уншиж  урмын сайхан үг  хоолой зангируулан  хэлсэн. Үүнд би их баярлаж явдаг.

-Зарим кино найруулагчид зохиол дээрээ 14 хоног, нэг сар суусан гэдэг. Гэтэл кино зохиолыг бичихэд чамгүй судалгаа, хугацаа шаарддаг баймаар санагдана. Таны хувьд кино зохиол бичихэд хэр хугацааг зарцуулдаг вэ?

-Зохиолч зохиолынхоо судалгааны материалыг цуглуулж, судлахад 10 жил ч шаардаж болно. Бичихэд  хугацаа шаардагдана. Бичнэ уншина дахин бичнэ  гэх мэтээр цаг их шаардана. Бичихээс өмнө бодох  судлах  амьдралаас хэрэгтэй зүйлээ  харах нь  чухал. Нэгэнт зохиолч  онгод оо өөртөө бий болгож  өөрөө  зөв мэдэрч чадвал  зохиож бичдэггүй. Баатрууд чинь  аяндаа чамайг хөтлөөд явчихдаг. Тэд өөрсдөө үгээ хэлнэ, өөрсдөө аяг араншингаа  гаргана. Над  хоёр залуу уран бүтээлч кино зохиолоо уншуулах гэж ирж байсан санагдана. Тэр хоёр зохиолоо хамтарч бичсэн юм билээ. Тэгээд та хоёр хэрхэн кино зохиолоо бичив гэсэн чинь “Чи зохиолынхоо эхлэлийг, би төгсгөлийг нь бичье гэж ярилцаад  цайны газар сууж  бичсэн” гэж байсан. Тэр арга барил маш буруу. Магадгүй зарим залуу уран бүтээлчид ийм аргаар зохиолоо бичдэг л байх. Зарим нь нухацтай сайн судалдаг байх. Миний хувьд  Дондогдулам хатны тухай  кино зохиол бичсэн. 2 жил гаран судалсан. Дондогдулам  өөрийнхээрээ  намайг хөтөлж  өөрөө үгээ хэлж,  ааль араншингаа  өөрөө гаргаж байсан. Магадгүй бий цаасан дээр буулгасан байх. Гэхдээ хугацаа их орсон. 14 хоног нэг сар биш  

-Та хамгийн сүүлд ямар монгол кино үзэв. Мэргэжлийн кино зохиолчийн хувьд зөвлөх, шүүмжлэх зүйл цөөнгүй байдаг биз?

–  Сүүлд үзсэн гэхээсээ  үзэгчдэд  илүү ойрхон  болсон  киноноос  жишээ авч  таны асуултанд  хариулья “Цагаан хадаг”  киног үзээд “Уран сайхны чамлалтгүй сайн түвшинд хийжээ” гэж бодогдсон. Зарим кино найруулагчид тухайн зохиолоор “А”, “Б”- гүй кино хийчихдэг.Өөрөөр хэлбэл   найруулагч  бага ажилладаг.  Гэтэл Ж.Сэнгэдорж найруулагчийн гаргаж буй  дүрсний  шийдэл нь их оновчтой санагдсан. Найруулагч кино зохиолыг уншиж байхдаа тэр хэмжээний уран сэтгэмж, дүрслэл төрж байх ёстой. Найруулагч  зохиолоос дүрслэл  ургуулан  хардаг байх нь кино найруулагчийн гол онцлог

Мөн “Содура” уран сайхны киног бүгд л үзсэн байх. Энэ кино олон улсын кино наадамд оролцсон гэж дуулсан. Чухам ямар шагнал авсныг сонсоогүй. “Содура” кино цаатан ард түмний амьдралыг харуулснаараа дэлхийд бараг номер нэг”брэнд”  сэдэвтэй кино. Кинонд драматургийн алдаа гарсан. Тухайн киноны зохиолч маш олон санааг зэрэг “гаргаж  дэвшүүлж” бичсэн. Эцсийн эцэст “Содура” киноны  зохиолч  юү хэлэх гэсэн бэ?  Гэдэг  их  бүрхэг болсон олон улсын кино наадмууд хамгийн түрүүнд киноны санааг авч үздэг. Техникийн  нөхцөл бол , шаардлага  хангах асуудал. Уг кинон  дээр  зураг авалт  жүжигчдийн тоглолт дуу монтаж  найруулагчийн  дүрсний шийдэл гээд  сайн ажлууд их байсан. Гэвч зохиолч  гол санаагаа  зангидаж чадаагүй. Бүүр тодоор хэлбэл  зохиолч  драматургийн  алдаа гаргасан. Найруулагч үүнийг анзаараагүй. Эндээс юү хэлэх гээд байна вэ? Гэвэл  найруулагч нарт   уран зохиолын  болон  кино зохиолын онолын   мэдлэг гүн  зузаан  хэрэгтэй. Зохиолыг гадаад өнгөн байдлаас нь биш  дотоод мөн чанар \ сущность\  харах  хэрэгтэй.  Кино нийлмэл урлаг болохоор  бүх хүмүүсийн   ажилд   ил далдаар  зохиол нөлөөлдөг. Мөн Зохиолчийн санаа кинонд  ганц л гол шугамаар  амьсгалах  ёстой. Өөрөөр хэлбэл  зохиолын  эхлэлээс  тайлал хүртэл  гол тулгуур нь болох жамтай.

-Та сүүлд ямар зохиол дээр ажиллаж байна вэ?

-Би одоо “Төлөөс” гэдэг кино зохиол бичиж байгаа. Дондогдулам хатны тухай түүхэн сэдэвтэй кино зохиол бичиж дууслаа.  Судалгаагаа хийх явцдаа Богд хаан, түүний хатан  Дондогдуламыг  хийсэн үйл хэргийг хүндэтгэж, биширч өөртөө  онгод бий болгож  өөрөөр хэлбэл  Дондогдуламаар  өвчилсөн. Өмнө нь энэ зохиолоо бичээгүй байхад эх  дагиныг нэр төдий л мэддэг байлаа шүү дээ. Ингээд нарийн судлаад, архивын материалуудтай танилцаад,түүхчид  судлаачдын бүтээлийг уншсаар байтал Дондогдулам хатанд  хайртай  болжээ. Зохиолоо бичиж, дуусаад продюсертээ танилцуулсан. Дунгаа гэдэг жирийн  нэгэн аягач бүсгүйгээс  Богд хааны гэргий улсын  эх дагина болтлоо өсөж, дэвжиж  монгол  төрийн  нэг багана болж явсан  гайхалтай эмэгтэй.

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж