Сирид тулаан дууссан, одоо хэлэлцээ чухал

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Сирид тулаан дууссан, одоо хэлэлцээ чухал

Сирид тулаан дууссан, одоо хэлэлцээ чухал

ОХУ-ын ерөнхийлөгч даваа гаригт (2017.XI.20) Сочид Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадтай уулзаж, тус улсын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Тэд сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа уулзсан нь энэ юм. Өмнө нь 2015 онд Башар аль-Ассад Москвад айлчилж, Путинтэй уулзаж байв. Энэ уулзалтын дараа ОХУ-аас Сирийн зөрчил мөргөлдөөнд цэргийн хүчээр оролцох шийдвэр гаргаснаар богино хугацаанд нөхцөл байдлыг эргүүлж, Башар аль-Ассадын дэглэмийг “аварсан” гэж хэлж болно.

өнгөрсөн хугацаанд НҮБ-аас олон удаагийн уулзалтыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй

Тэгвэл уг уулзалтын дараа Путин Сирийн зөрчил мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцогч орнуудын удирдагчдыг хэлэлцээрийн ширээний ард урьж, уулзалт яриаг эрчимжүүлжээ.

Тухайлбал, Владимир Путин лхагва гаригт (2017.11.22) Турк, Ираны төрийн тэргүүнүүдтэй Сочи хотноо гурвалсан уулзалт хийлээ. Энэ уулзалт нь ирэх долоо хоногт Женевт болох НҮБ-ын яриа хэлэлцээний өмнөтгөл болж байна.

Гурвалсан хэлэлцээ Казахстаны нийслэл Астана хотноо болж, талууд гал зогсоох зэвсэггүй бүсийг дахин дөрвөн газарт байгуулахаар ярилцжээ. Харин нөгөө талд Сирийн сөрөг хүчнийхэн  лхагва гаригт Саудын Арабад уулзаж, энхийн яриа хэлэлцээнд оролцох дундын төлөөлөгчөө томилох асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Саудын Арабын хаан Салман тэргүүтэй хэд хэдэн орны төрийн тэргүүнтэй Сирийн нөхцөл байдлыг хэлэлцжээ.

Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа Сирид тогтвортой байдлыг тогтоож, энх тайвныг сэргээх чиглэлд олон улс үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй гэдгийг онцоллоо хэмээн Цагаан ордноос мэдээлжээ. Мөн Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад үндсэн хуулийн шинэчлэл хийж, ерөнхийлөгч болон парламентын сонгууль явуулах зэрэг улс төрийн шийдлийг дэмжсэн гэдгийг Дональд Трампад дуулгажээ.

“Сирийн тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал нь бүс нутгийн нэгдмэл байдалтай шууд холбоотой” болохыг Кремль онцлов. Путин Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах, Сиси болон Израйлийн ерөнхий сайд Беньямин Неньянху нартай утсаар ярихдаа Башар аль-Ассадыг хэрхэх талаар дурьдаагүй гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.

Дэлхийн геополитикийн гол тоглогч гүрнүүд улс төрийн ямар шийдэл, зөвшилцөлд хүрснээс Сирийн ирээдүй шийдэгдэх бололтой.

Сири улс өдгөө ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газрын арми, АНУ-ын дэмжлэгтэй Сирийн ардчилсан хүчин (SDF) болон хэд хэдэн жихад, босогчдын бүлэглэлд хуваагдаад байгаа.

Сирийн иргэний дайныг зогсоож, зөрчлийг улс төрийн яриа хэлэлцээгээр зохицуулах зорилгоор өнгөрсөн хугацаанд НҮБ-аас олон удаагийн уулзалт зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас нь буулгахаар 2011 онд эхлүүлсэн иргэний дайнд 450 мянга гаруй иргэн амь үрэгдэж, 12 сая иргэн буюу дайны өмнөх тус улсын хүн амын тал хувь нь орон гэрээсээ нүүгээд байна.

Энэхүү асар их гарз хохиролтой иргэний дайн ‘Арабын хавар’-аас эхлэлтэй. Авлигад идэгдсэн, дарангуйлагч дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн Тунисээс эхэлжээ. Улмаар богино хугацаанд Ойрхи Дорнодыг талын түймэр мэт  бүрхсэн юм. Сирийн Засгийн газраас бослого, хөдөлгөөнийг тус улсад дэгдэхийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь эргээд эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөж, Засгийн газрын эсрэг тэмцлийг эхлүүлсэн юм.

Сирийн иргэний дайнд олон улсын оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. 2014 оноос АНУ-аар удирдуулсан Их Британи, Франц, Герман, Итали, Канад, Дани зэрэг улсуудын эвсэл Исламын улс бүлэглэлийг бөмбөгдөж эхэлсэн.  

2015 оны аравдугаар сараас АНУ Сирийн босогчдыг сургах хөндлөнгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрт 500 сая ам.доллар зарсан ч ердөө 60 байлдагчийг бэлтгэжээ. Харин Сирийн Засгийн газрын гол дэмжигч болох ОХУ 2015 оноос дайнд оролцож, “Исламын улс” болон барууныхны санхүүжүүлсэн бусад бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулсан. Үүний үр дүнд Башар аль-Ассадын армид давуу тал үүсч, “Исламын улс” зэрэг террорист бүлэглэлийн эсрэг тэмцэл үр дүнд хүрсэн.

ОХУ-ын талаас өнгөрсөн хугацаанд цэргийн дэмжлэгээр “тулаан”-ы нөхцөл байдлыг өөрчилсөн бол одоо дипломат аргаар улс төрийн нөхцөл байдлыг эргүүлэхийг оролдож байна.

Тэд үр дүнд хүрэхгүй байгаа олон улсын яриа хэлэлцээг амилуулах чиглэлд анхаарч эхэлжээ. Олон улсын удирдагч нартай хийж буй дээрх уулзалт хэлэлцээ нь Сирийн ирээдүйг шийдэх онцгой ач холбогдолтой гэдгийг Кремль онцолж байна. Харин “Сирийн ирээдүй гадны хүчин, их гүрнүүдийн гарт биш тус улсын иргэдийн гарт байх ёстой” хэмээн Ираны ерөнхийлөгч Хассан Роухани гурвалсан уулзалтын өмнө мэдэгджээ.

Турк  улс Сирийн зөрчил мөргөлдөөнд Иран, ОХУ-аас эсрэг байр суурьтай боловч иргэний дайныг төгсгөж, улс төрийн хэлэлцээг эхлүүлэхийг дэмжиж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж