Орон нутгийн спортын мэргэжилтэнүүд туршлага судлав

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Орон нутгийн спортын мэргэжилтэнүүд туршлага судлав

Орон нутгийн спортын мэргэжилтэнүүд туршлага судлав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас санаачилж буй ‘Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь’ сэдэвт ‘Төвийн бүс’-ийн сургалтыг өнгөрөгч долоо хоногт Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон энэ онд аймгуудын Биеийн тамир спортын газруудын ажлын тайлан, нэгдсэн төлөвлөгөөтэй танилцав. Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Төв гэсэн таван аймгийн мэргэжилтэн, багш, дасгалжуулагч гээд 100 орчим хүн хамрагдсан байна. Тус сургалтын үеэр спортын өнөөгийн чиг хандлага, ирэх онд болох улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарь, 2017 онд хийсэн ажлын талаар харилцан санал солилцжээ.

Сургалтад БТСГ-ыг төлөөлөн Төрийн захиргаа, удирдлага санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл, С.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс удирдан явуулсан байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас ‘Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь’ бүсийн сургалт таван газарт амжилттай зохион байгуулжээ. Энэхүү сургалтын хаалт Дархан-Уул аймагт болсон байна. Тухайлбал, ‘Баруун бүс’-ийн сургалт Завхан аймагт болсон бол ‘Хангайн бүс’ Орхон аймагт, ‘Зүүн бүс’ Дорнодод, ‘Нийслэлийн бүс’ БСШУСЯ-д, ‘Төвийн бүс’-ийг Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулжээ. Энэхүү сургалтад нийт 600 орчим салбарын хүмүүс чуулж, мэдлэгээ дээшлүүлэн туршлага солилцсон байна. 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж