Хууль, хүчнийхний халаа сэлгээ үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Хууль, хүчнийхний халаа сэлгээ үргэлжлэв

Хууль, хүчнийхний халаа сэлгээ үргэлжлэв

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаад хуулийн салбарт хийгдэж буй халаа сэлгээг онцлов.


МАН-ынхан өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулж, шинэ танхим бүрдүүлсэн. Шинээр томилогдсон зарим сайд тамгаа гардаагүй байхдаа л зарим албан тушаалтныг хална, солино хэмээн мэдэгдэж байсан удаатай. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх өвлийн хүйтэнд сандал ширээ зөөхгүй гэж амласан учраас халаа сэлгээний асуудал хаа очиж өргөн хүрээнд явагдахгүй байгаа бололтой.

Хууль зүй, дотоод хэргийн яамны тухайд хэвлэлийн төлөөлөгч, туслах, зөвлөх, зарим газрын дарга нар солигдсон гэх сураг байгаа ч баттай мэдээлэх хэмжээнд биш. 

Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц ажлаа хүлээлгэж өгөхөөсөө хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар баримт дэлгэсэн. Ц.Нямдорж сайд үүнд хариу тайлбар хийсэн гээд шинэ засаг бүрдсэнээс хойш хамгийн их дуулиантай, олны анхаарлыг татаж буй яамаар яах аргагүй Хууль зүй, дотоод хэргийн яам нэрлэгдэж байна. 

Засаг бүрдсэний дараахан Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж, түүнийг Хууль сахиулахын их сургуулийн захирал болгосон бол зөрүүлээд тус сургуулийн захирал С.Баатаржавыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилсон юм. Ингэж эхэлсэн хууль, хүчний байгууллагын томилгоо Тагнуулын ерөнхий газарт үргэлжилсэн бөгөөд тус газрын дарга Б.Хурц ажлаа өгч, оронд нь Д.Гэрэл томилогдсон. Одоо БНСУ-д сууж байгаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд нь 2012 онд томилогдсон бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа тул эргүүлэн татаж, Б.Хурцыг томилох асуудал ид яригдаж байна. 

Тагнуулын экс даргыг Элчин сайдаар томилох эсэх асуудал дуулиант сэдэв болж буй энэ өдрүүдэд Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Б.Доньжчимбууг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Цагийн дотор өөрчилсөн цагдаагийн даргаас эхлээд хуулийн салбарт энэ мэтчилэн ил, далд хэд хэдэн томилгоо хийгдээд байна.

“Хүний эрх, шударга ёс, хөгжлийн төв”-өөс гаргасан мэдээллээр бол 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш төрийн албаны нийт 22235 иргэн халаа сэлгээнд өртөж, 14 мянган албан хаагч ажлаасаа халагджээ. Тэдний нөхөн төлбөрт 8,8 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгаад байгаа юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж