1991 оны гуравдугаар сарын 19-ний өдөр “Төрийн мэдээлэл” сэтгүүл гаргах тухай БНМАУ-ын Бага Хурлын даргын 18 дугаар захирамж гарснаас хойш тус сэтгүүл/эмхэтгэл эдүгээ тасралтгүй 26 дахь жилдээ хэвлэгдэн гарч байна.
УИХ-ын Тамгын газрын ажилтан Б.Одонжил, Ч.Жаргалсайхан, Д.Алтангэрэл, Б.Ганбат, С.Жаргалсайхан, Б.Янжинлхам, Д.Батмөнх, Ж.Нэргүй, Г.Бүрэнжаргал нар 1991 оноос“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг тухай бүр хариуцаж өнөөдөр /2017.11.22/ 1000 дахь дугаар мэндэллээ.
Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Биеийн тамир, спортын тухай тухай болон уг хуулийг дагалдан гарсан хуулиудыг нийтэлжээ. 1000 дахь дугаарын тоймыг эндээс үзнэ үү.http://www.parliament.mn/n/sfgy
Монгол Улсад хууль тогтоомжийг албан ёсоор хэвлэн нийтэлж ирсэн түүхийг сөхвөл, хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл буюу “Албан сэтгүүл”-ийг 1926 оноос өдгөө хүртэл тасралтгүй 91 жил хэвлүүлж ирсэн байна. Тухайлбал, “БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл”-ийг Засгийн газрын 1925 оны 14-р хурлын тогтоолын дагуу 1926 оны 3-р сараас 1930 он дуустал, 1931-1939 онд “БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн хуулиуд хийгээд тушаалуудыг эмхтгэн хавсруулсан сэтгүүл”, 1941-1970 онд “БНМАУ-ын хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл”, 1971 оноос 1990 оны эцэс хүртэл “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”, 1991 оноос эхлэн өнөөг хүртэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хэвлэн гаргаж байна.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дугаараас гадна Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, протоколуудыг нийтэлсэн 12 тусгай дугаарыг хэвлэн гаргажээ. Тусгай дугааруудад Хүний эрхийн болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцууд, Оюуны өмчийн эрх зүй, Терроризмын эсрэг болон ёусад гэмт хэргийн эсрэг конвенцууд, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн конвенцууд, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүд, байгаль орчин, далайн, гаалийн эрх зүйн салбарын олон улсын конвенц, протоколууд нийтлэгджээ.
Энэ хугацаанд хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол болон бусад нийт 14 мянга гаруй эрх зүйн акт, Монгол Улс нэгдэн орсон 150 конвенц, протоколыг нийтэлсэн байна.
1926 оноос өдгөө хүртэл тасралтгүй 91 жил хэвлүүлж ирсэн бүх дугаар өнөөдөр Төрийн ордны Номын санд хадгалагдаж байна.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэл сард дөрөв, улиралд 12 дугаар хэвлэгдэн 21 аймаг, 9 дүүрэг, бүх сумдын уншигчдад шуудангийн компаниудаар дамжин хүрч байгаа. Өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтсийн Хэвлэх, олшруулах цехийн хамт олон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хэвлэж гаргах, хэрэглэгчид шуурхай хүргэх ажлыг гүйцэтгэж байна.
Урд эгнээнд: У.Дамдинсугар, Д.Даваасүрэн, Э.Эрдэнэчимэг, арын эгнээнд: Ж.Батхуяг, Д.Баттөр, Ө.Энх-Амар, Т.Цэнд-Аюуш, Н.Данзанжамц. 2017.11.17
‘Төрийн мэдээлэл’ эмхэтгэлийн 1000 дахь дугаарын хяналтын уншлага. Референт Г.Бүрэнжаргал, шинжээч Г.Хэрлэн. 2017.11.14
Төрийн бүх хууль бусад шийдвэр нь гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээр /хуульд өөрөөр заагаагүй бол/ хүчин төгөлдөр болж мөрдөгддөг хуультай. “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”. “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлсэнээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн заалтууд. “Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Үндсэн хууль холбогдох бусад хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдсан монголын цорын ганц хэвлэл юм.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн эмхэтгэлийн анхны дугаарыг эрхлэн гаргаж байсан Улсын Бага Хурлын Тамгын газрын ажилтан асан Б.Одонжилтой хийсэн ярилцлагыг эндээс үзнэ үү.http://www.parliament.mn/n/w7gy
Улсын Их Хурлын албан ёсны хэвлэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаар хэвлэгдсэнтэй холбогдуулан тус эмхэтгэлийн эрхлэгч асан Ж.Нэргүйтэй хийсэн ярилцлагыг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/w3gy
ГЭРЭЛ ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаарын тоймыг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/wjgy
‘Төрийн мэдээлэл’ эмхэтгэлийн 1000 дахь дугаарт зориулж бэлтгэсэн тусгай дугаарыг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/ibgy