Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Шагналын хур буулаа

Төрт ёсны олон тэгш ой тохиосон энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүн төрийн дээд шагнал, одон медаль хүртсээр байна. Өнөөдөр үдээс хойш одон, медаль гардуулах үйл ажиллагаа үргэлжиллээ. Баярын энэ өдөр гавьяат цол хүртсэн зарим хүний сэтгэгдлийг сонссон юм.

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, Төв аймгийн Ахмадын хорооны дарга   М.Самдан:

-Одоогоос 50 гаруй жилийн өмнө Төв аймгийн Лүн суманд малын их эмчээр очиж байлаа. Тэр үед их гарч байсан хурганы бөөм өвчнийг гэрийн нөхцөлд мэс засал хийн эмчилж 200 гаруй хургыг эдгэрүүлсэн нь тухайн үедээ шинэ санаачилга болж байлаа. Дараа нь төр, засгийн даалгавраар ажлаар хоцрогдсон Төв аймгийн Баяндэлгэр суманд очиж тэргүүний сум болгож байсан. Сүүлд аймгийн Хөдөө аж ахуйн газарт ерөнхий эмч хийж мал сүргийг эрүүлжүүлэхэд хүчин зүтгэж явсан. Аймагтаа олон жил удирдах ажил хийж хамт олныхоо хүчээр ажил хөдөлмөрт амжилт гаргаж явснаа дурсахад сайхан байна. Хамт ажиллаж байсан нөхөд, гэр бүл, үр хүүхэддээ их баярлаж байна. Цаашид ч эх орныхоо сайн сайхны төлөө их зүйл хийх юмсан гэсэн сэтгэл төрж байна.

Гавьяат багш Н.Баяртогтох:

-Надад одоо ямар сэтгэгдэл төрж байна гэхээр “Тус хүргэсэн бол дуугүй яв, тус хүртсэн бол дурсч яв” гэдэг үг санаанд бууж байна. Тийм болохоор би олон хүний ачийг дурсан хэлмээр байна. Хамгийн түрүүнд энэн биеийг төрүүлж өсгөж гарыг ганзганд хүргэсэн аав, ээжийнхээ өлмийд сөгдөн биширч мөргөмөөр байна. Эрдмийн цагаан замд эхэлж хөтөлж оруулсан анхны багшаас эхлээд гар дамжуулан намайг сургаж хүмүүжүүлж хүн болгосон үе үеийн, шат шатны сургуулийн багш нартаа баярлаж байна. Тэр дундаа багш гэдэг эрхэм мэргэжил эзэмшүүлсэн тэр үеийн Багшийн дээд сургууль, одоогийн Боловсролын их сургуулийн эрдэмтэн багш нартаа баярлаж байна.

Намайг багш гэдэг тогоонд анх өлгийдөж авсан Төв аймгийн Зуунмод сумын дунд сургуулийн бүх багш нартаа баярлалаа.

Гавьяат дасгалжуулагч, УБТЗ-ын “Замчин” спорт клубын дарга Ж.Даахүү:

-Ардын хувьсгалын 90, Монгол Улсад спортын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр төрийн өндөр шагнал авсандаа баяртай байна. Миний олон сайхан шавь нар, хамт ажилладаг УБТЗ-ын хамт олон, Олон улсын тээвэр зуучийн төв, “Замчин” спорт клубын хамт олондоо сайхан наадаарай гэж хүсье.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж