Оросын нэрт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж Улсын драмын эрдмийн театраас түүний “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн “Адууны түүх” /Холстомер/ хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн тайзнаа тавих гэж байна. “Дайн ба энх”, “Анна Каренина” зохиолуудаас дутахааргүй алдартай болсон “Адууны түүх” бүтээлийн талаар театрын уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
АДУУНЫ АМЬДРАЛААР ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛЫГ ЭЛЭГЛЭСЭН НЬ СОДОН
Энэ жүжгийг орчуулсан орчуулагч Н.Пүрэвдагва жүжгийн талаар дараах тайлбарыг өглөө.
Зохиолын хувьд өөрчлөгдөөгүй. Харин жүжигт гарах гол дүрийн баатруудын нэрийг монгол болгож, үйл явдлыг монгол ахуй руугаа ойртуулъя гэсэн саналыг найруулагч Б.Баатар гаргасан. Энэ бүтээлийн хувьд сонгодог зохиолоос сэдэвлэж, жүжиг болсон бүтээл. Түүнийг монголчуудын аж байдал, ахуй соёлд нийцсэн жүжиг болгох оролдлого хийсэн. Тэгэхээр гурван дамжлага дамжсан гэсэн үг. Лев Толстой өөрөө сонгодог бүтээл туурвидаг хүн. Зохиолч энэ бүтээлээ 29 жил бичсэн байдаг. 1975 онд тухайн үеийн ЗХУ гэж байхад энэ бүтээлийг анх тавьсан байдаг. Тэр цагийн театрын өнгө төрхийг илэрхийлж байсан уран бүтээл. Тэр дундаа адууны амьдралаар хүмүүний амьдралыг элэглэсэн нь содон. Бид адуугаа дээдэлдэг, төрийнхөө сүлдэнд тахидаг ард түмэн. Тиймээс адууны тухай жүжиг тавих ёстойг найруулагч Б.Баатар анзаарсан юм билээ. Зохиолын үйл явдлыг харахад адууны түүх биш юм. Үхсэн хойноо ч хаях юмгүй хэрэглэгддэг адуу, амьддаа ч хэрэг болдоггүй болсон хүн хоёрыг харьцуулсан дүгнэлт. Хүчтэй хүчгүйгээ хураадаг ийм л түүхийг өгүүлнэ. Он цагийн дараа адуу, эзэн, адуу хоёр уулздаг. Гэтэл адуу эзнийг таниад байдаг харин эзэн таньдаггүй. Өнгө, мөнгө хөөсөн хүн амьд байхдаа үхдэл болох нь элбэг гэсэн санааг хүмүүс ойлгоосой.
Л.ТОЛСТОЙН 190 ЖИЛИЙН ОЙН ҮЕД АДУУНЫ ТҮҮХ БҮТЭЭЛ МОНГОЛД ТОХИОЖ БАЙГАА НЬ ГАЙХАЛТАЙ
“Адууны түүх” жүжгийн гол дүр болох Холстомерийг бүтээж буй Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн сэтгэгдлийг хүргэе.
Энэ жүжиг их олон газар олон янзаар тавигдсан юм билээ. Манай театрт энэ өвөл үнэхээр өвөрмөц бүтээл тавигдаж байна. Бараг Азидаа анхлан “Адууны түүх” бүтээлийг тавьж байна. Энэхүү бүтээлийг үзэгчийн хүртээл болгох сонирхол бас байжээ. Монголчууд адууны дэргэд өссөн, адуутай ойр байдаг ард түмэн. Зөвхөн монгол ч гэлтгүй дэлхийн хүн ардын үүсэл хөгжил, хурд, уналт босох нь магадгүй адуутай холбоотой гэж зарим эрдэмтэд ярьдаг. 13-р зууны байлдан дагуулалт адуу, хүний ухаан, сумны хурд байсан. Тийм учраас бид адууны тухай манай түүхэнд нэн ойр. Одоо бид төрийн сүлдэндээ тахидаг эрдэнэт хүлгийн тухай тайзан дээрээс магтан дуулах ёстой байх. Энэ бүтээлд Л.Толстойн амьдрал байдаг. Тэр хүн бүх зорилгодоо хүрч чадсан. Түүний нэг л зорилго биелээгүй гэж хэлдэг юм билээ. Тэгээд өөрийнхөө сайн дураараа өөрийнхөө амьдралыг орхиод нийгмийн дунд орж, амиа алдсан гэсэн яриа байдаг. Тэгэхээр энэ түүх Л.Толстойн амьдралд их ойр. Тэр хүний 190 жилийн ой нь тохиож байгаа энэ үед Монголд энэхүү бүтээл бий болж байгаа нь гайхалтай. Энэ бол уран бүтээлчдийн ард түмэндээ өгч байгаа оюун ухааны асар том тэжээл юм даа. Тиймээс ард түмэн та бүхнийг “Адууны түүх” жүжгийг үзээсэй гэж хүсэж байна.
“Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг дэлхийн утга зохиолын эрдэнэсийн санд шижир алт мэт гялалзсан бүтээлүүдээрээ ноён оргилуудын нэг болсон Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “АДУУНЫ ТҮҮХ” Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгийг УДЭТ-ын хамт олон энэ сарын 24-нд буюу баасан гаригаас эхлэн тайзны бүтээл болгох гэж байна.
“АДУУНЫ ТҮҮХ” Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжиг 11.24-12.03 /УДБЭТ/
Орчуулагч Н.Пүрэвдагва
Ерөнхий найруулагч УГЗ Б.Баатар
Ерөнхий продюсер УГЗ Д.Цэрэнсамбуу
Уран сайхын удирдагч ТС, АЖ Н.Сувд
Ерөнхий зураач О.Баярмагнай
Хөдөлгөөний найруулагч СТА Г.Ган-Очир
Дүрүүдэд:
Холстомер Ардын жүжигчин Г.Мягмарнаран СТА Д.Баттөмөр
СТА С.Болд-Эрдэнэ Б.Золжаргал
СТА Э.Тодгэрэл А.Чингүн
Серпуховсзий ван СТА М.Түвшинхүү УГЖ Б.Жаргалсайхан
Вязопуриха АЖ С.Сарантуяа УГЖ Г.Урнаа
СТА М.Тогтохжаргал Д.Асардарь
Матье, Мари УГЖ Ж.Оюундарь Ц.Аззаяа
Офицер Б.Шинэбаяр Г.Ганбат
Бобринский Ц.Төгсбилэгт
Феофан, Фринц Р.Адъяабаатар
Васька СТА Ж.Пүрэвдорж
Агтчин Ц.Жаргалсайхан А.Очирбат
Найрал дуучид буюу адуун сүрэгт:
СТА Б.Нармандах
СТА Ц.Баясгалан
Г.Алтангэрэл
Г.Номуун
Ц.Аззаяа
Ц.Жаргалсайхан
Б.Золзаяа
Т.Сэргэлэн болон Соёл урлагийн их сургуулийн оюутнууд тоглох аж.
Ч.БОЛОР