“Ширээнд өвдөг тулаад, өмдөө урчихсан”

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

“Ширээнд өвдөг тулаад, өмдөө урчихсан”

“Ширээнд өвдөг тулаад, өмдөө урчихсан”

Зургаан настай бяцхан сурагчид биеийн тамирын заалнаасаа ангидаа шуугилдсаар орж ирлээ. Тэднээс ангийн багш “Ширээндээ өвдөг нь тулаад, өмдөө урсан хүүхэд байна уу” хэмээн асуухад 20 гаруй хүүхэд гараа өргөн  “Багшаа би өмдөө урсан. Би би” хэмээн ам уралдан хашгирав.

Нэгдүгээр ангийн сурагчдын ширээг хамгийн өндөр дээр нь тохируулсан ч зургаан настай хүүхдийн өвдөг нь тулчихсан, хажуу тийшээ эргэхээр сандлынх нь төмөр боолт нь өмдийг нь урчихдаг талаар хүүхдүүд ам булаалдан ярилаа.

Хүүхдийнхээ хувцсыг уруулахгүй нь тулд эцэг, эхчүүд хатаадаг баримлын шавраар сандал дээрх товгор боолтыг нааж, зүлгүүрээр зүлгээд арай аюулгүй болгосон гэнэ.

Энэ бол Баянзүрх дүүрэгт байрлах 84 дүгээр сургуулийн бага сургуулийн нэгдүгээр ангийн нэг бүлэг.

“Манай сургууль анги, бүлгийн тоог нэмсэн учраас яаманд сурагчийн ширээ, сандал авах хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн дагуу бага ангийн сурагчдад зориулсан 200 ширээ, сандал авсан юм. Гэтэл хүүхдийн өвдөг тулаад болохгүй байхаар нь яаманд ширээ нийлүүлсэн ‘Долоон болдог’ компанид албан бичиг хүргүүлсэн. Тус компаниас явуулсан хоёр менежер нь “Бид батлагдсан стандартын дагуу хийсэн. Сандлын боолтыг үүнээс өөрөөр яаж боох вэ. Та бидэнд хэлж өг” гэсэн. Хүүхдийнхээ өмдийг уруулахгүй нь тулд эцэг, эхчүүд боолт дээр нь хатаадаг баримлын шавар нааж өгсөн байгаа. Сүүлийн үеийн зургаан настай хүүхдүүд өсөлт сайтай болсон шүү дээ” хэмээн тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Ц.Нямсүрэн учирлалаа.

84 дүгээр сургуулийн хойхно байрлах “Оюунлаг” сургуулиар орж улсын болон хувийн сургуулийн сурагчдын ширээ, сандлыг харьцуулж, сонирхов. Хувийн хэвшлийн сургууль хэдий ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталсан сурагчийн ширээ, сандлын стандартыг мөрддөг гэнэ. Тус сургууль анги ангийн хүүхдүүдийн өсөлтөд тохирсон өөр өөрийн стандарт ширээ сандал хэрэглэдэг аж. “Манай сургууль Малайз улсын боловсролын стандартын ширээ, сандлыг хэрэглэдэг. Сургуулийнхаа ширээ, сандлыг бүрэн шинэчлээд гурван жил болж байна. Ширээ болгон үзэгний тавиуртай, хүрээ нь зөөлөвчтэй байдаг. Бага ангийн хоёр сурагч суух ширээ сандал 296 мянган төгрөгийн үнэтэй. Анги ахих тусам сандал, ширээний үнэ нь нэмэгддэг” гэж “Оюунлаг” сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан ярив.

Сурагчийн ширээ, сандалд нэг тэрбум 300 сая төгрөгийг төсөвлөсөн

Салбар яамнаас 2017-2018 оны хичээлийн жилд нийт 6000 сурагчийн ширээ, 12 мянган сандалд нэг тэрбум төгрөгөөр зарцуулахаар төлөвлөжээ. Харин нэгдүгээр ангийн сурагчийн ширээ, сандал авахад 300 сая төгрөг зарцуулжээ. Энэ хичээлийн жилд давхардсан тоогоор төрийн өмчийн 68 сургуульд 5233 сурагчийн ширээ, 10466 сандлыг салбарын яамнаас сургуулиудад олгосон байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас сурагчийн сандал, ширээний 1983 оны стандартыг өнгөрсөн жил шинэчилж баталжээ. Үүний дагуу сандал, ширээний зургаан бүлэгтэй стандартыг мөрдөж байгаа аж. Уг стандартын нэг, хоёрдугаар бүлэг нь бага ангийн, гурав, дөрөв нь дунд ангийнх бол тав зургаа нь ахлах ангийн гээд хүүхдийн суулт, өндөр, биеийн жин, өсөлтийн байдалтай уялдуулж, Эрүүл мэндийн яамны сүүлийн 10 жилийн судалгааны дагуу стандартаа боловсруулсан тухайгаа БСШУСЯ-ны мэргэжилтнүүд хэллээ. 

‘Ширээний тавиур өвдөгт тулахгүй, боолт нь ил задгай харагдах ёсгүй’

Хүүхэд сандал дээр суухдаа бүтэн суудаг. Тиймээс сууж байхад хөл нь газар дээр бүтэн тавигдсан байх ёстой гэнэ. Сандлын түшлэг нуруунд тохирсон хотгор, гүдгэр байх олон улсын стандарт байдаг аж. ‘Сурагч суухад ширээний доод хэсэгт дэвтэр номоо хийх тавиуртай. Хажуу талдаа цүнхээ өлгөх өлгүүртэй байна. Сурагч ширээн дээрээ суухад ширээний доод хэсгийн тавиур өвдөгт нь тулахгүй байх ёстой. Сурагч ширээ, сандлаа өөрийн өндөр, намд тохируулан өндөрлөж, намсгаж болдог байх хэрэгтэй. Ширээ, сандлын боолт нь хүртэл ил задгай харагдахгүй, хүүхдийг гэмтээхгүй байхаар битүү суулгаж, дээд талд нь хамгаалалтын зүйлийг хийж өгөх ёстой” гэдгийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Б.Дуламханд хэлж байв. 

Тус яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Сумъяа ярихдаа “Нэгдүгээр ангийн сурагч ширээ, сандлыг 2016 оны гуравдугаар сард шинэчлэн батлагдсан стандартын дагуу хийсэн. Энэ жилийн тендерийн үйл ажиллагааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зохион байгуулж, “Долоон болдог” гэдэг компанийг яаманд санал болгосон. Яамны зүгээс шинэчлэн батлагдсан стандартаа өгсөн. Бид хэмжээ тавьж өгөөгүй. Гэтэл зургаан настай хүүхдийн өсөлтөөс хамаараад өөр өөр байна. Бид судалгаа хийж үзэхэд орон нутагт сурагчийн ширээ, сандлын стандарт нь “Болж байна” гэсэн. Харин нийслэл хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн сургуулийн “Нэгдүгээр ангийн сурагчдын ширээ, сандал намдаж байна” гэсэн асуудлыг тавьсан. Гэтэл гэр хорооллын Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд “Болж байна” гэсэн хариуг өгсөн. Ирэх оноос уг стандартын өндөр, намыг өөрчлөх тал дээр ярилцана” гэв.

Улсын сургуулиудын ачаалал их. Нэг ангид 45-65 уулаа суралцах нь бий. Гэтэл танхимдаа багтахгүй бүр ширээндээ ч багтахгүй нөхцөл байдал Монголын төрийн өмчийн сургуулиудад нүүрлэжээ.  Яамны сайд дарга нарын шахаа шантаажаас болдог уу, эсвэл сурагчийн ширээ сандал хийсэн компаниуд сэтгэлгүй хандав уу, ямар ч байсан улсын сургуулийн бага ангийн сурагчдын суудаг ширээ сандал олон улсын стандарт хангахгүй байгаад шинэ засаг анхаарлаа хандуулах цаг болж. Ямар шалгуур давсан, аль компанийн ширээ сандал стандарт хангахгүй байгаад шалгалт хийж, энэ асуудлыг цэгцлэхгүй бол ширээндээ өвдөг нь багтахгүй, сандлынхаа боолтод өмдөө уруулсан хүүхдийн тоо нэмэгдсээр байр болов уу. Хэдий жижигхэн асуудал мэт боловч, сурах бичиг, ширээ сандлын шахаагаа болих цаг болоогүй юу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамныхаан. Хүүхдийн сандал, ширээний мөнгөнөөс хулгайлж, хумслаагүй бол яагаад зургаахан настай хүүхдүүд ширээндээ багтахгүйд хүрэв ээ. Энэ асуултад хүүхдүүд хариулт нэхэж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж