УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гариг/2017.11.20/ -ийн хуралдаанаараа Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус бүр хэлэлцсэн байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 50 хувь өөрчлөгдөхөөр байгаа нь шинэчилсэн найруулгын шинжтэй болсон. Мөн Банкны тухай хуульд “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг төв банк тогтооно” гэсэн заалт нь санхүүгийн салбарын үйл ажиллагаанд төр захиргаадалтын арга хэлбэрээр орж ирж бужигнуулах болж байгааг эргэж харах зайлшгүй шаардлагатай болж байна. Энэ асуудлаар бүлэг мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах болно” гэлээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг төв банк тогтооно” гэж заасан нь өнөөдрийн цаг үетэйгээ нийцэхгүй.
УИХ Төрөөс 2018 онд баримтлах Мөнгөний бодлогыг батлахдаа зээлийн хүүг эдийн засгийн арга хэрэглэж буулгах ёстой гэсэн даалгаврыг төв банкинд өгсөн. Үүнийхээ үр дүнг үзээгүй байж, төв банкаар дамжуулж шууд захиргаадалтын арга хэрэглэн зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь эргээд эдийн засагт сөрөг үр дагавар дагуулна.
Мөн төв банкны Ерөнхийлөгчийн зүгээс бүх арилжааны банкуудад дүрмийн сангаа 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг үүрэг болгожээ. Энэ сарын 30-нд багтаан төлөвлөгөөгөө танилцуулахыг үүрэг болгосон байна. Энэ бол төр банкны салбарт захиргаадалтын арга хэрэглэх болж байгаагийн нэг хэлбэр, байж болохгүй арга хэрэгсэл” гэж мэдэгдлээ.
Засгийн газрын зүгээс Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж буй. Түүнд “Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн гуравны нэг нь төрийн албанд ажиллаж болно” гэх заалтыг тусгасан аж. Энэ нь Монгол Улсын хэд, хэдэн хууль, тогтоомжийг зөрчиж байна гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.
Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байгаа гишүүдээс 60 нь үүрэг гүйцэтгэгч нэрийн дор төрийн алба хашиж буй юм байна. Хэрэв УИХ дээрх хуулийн төслийг баталбал үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа 60 Иргэдийн хурлын төлөөлөгч нь шууд төрийн албан хаагч болно. Нэг ёсны хуулийн хүчээр тэднийг төрийн албан хаагч болгох зүйлийг эрх баригч хүчин хийж байгаа нь зарчимгүй үйлдэл гэж тэрбээр мэдэгдэв.
Иймээс энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхдээ Төрийн албаны тухай хуультай хамтад хэлэлцэх шаардлага үүсэж байна. Тиймээс бүлэг эрх баригч хүчинд энэ шаардлагаа тавина гэлээ.
Бүлгээс гаргасан гурав дахь шийдэл нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох болсонтой холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан томилгооны сонсгол хийх санаачлага гаргасан. Нийт 20 гишүүний дэмжлэгтэй томилгооны сонсголыг хийх нь зүйтэй гэж бүлэг үзжээ.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ