МАН-ын Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн “хамгийн хамгийн”-ийг хүргэж байна.
Их хурлын төлөөлөгчдийн 53.2 хувь нь анх удаа сонгогдсон
МАН-ын 211 мянган гишүүнийг төлөөлж 1283 төлөөлөгч Их хуралд сонгогджээ. Тэдгээрийн 696 нь буюу 53.2 хувь нь анх удаагаа сонгогдсон хүмүүс байна.
Г.Очирбат 11 удаа төлөөлөгчөөр сонгогджээ
Намын Их хуралд хамгийн олон сонгогдсон буюу 11 дэх удаагаа сонгогдож байгаа нь 88 настай Гомбожавын Очирбат юм. Тэрбээр 1990-1991 онд МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор аж.
Мөн УИХ-ын дарга асан Гавьяат эдийн засагч, удирдахуйн ухааны доктор Д.Дэмбэрэл арав дахь удаагаа намынхаа Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ.
Төлөөлөгчдийн 18 хувь нь 18-34 насныхан
Төлөөлөгчдийн 306 нь буюу 23.4 хувь нь эмэгтэйчүүд аж. Харин 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 514 буюу 39.3 хувь нь 36-45 насныхан. Үлдсэн 419 буюу 32 хувь нь 46-60 насныхан, 97 буюу 7.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байна.
Хамгийн ахмад төлөөлөгч 100 настай
Их хурлын төлөөлөгчдөөс хамгийн ахмад нь 100 настай Пунцагийн Шагдарсүрэн. Тэрбээр Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны нарийн бичгийн дарга асан, Монгол улсын баатар хүн юм.
Мөн Г.Очирбат. Д.Дэмбэрэл, Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Басанжав нар хамгийн ахмад гишүүнээр нэрлэгдэж байна.
Хамгийн залуу төлөөлөгч Т.Цэнд-Аюуш 22 настай
Их хурлын төлөөлөгчдийн хамгийн залуу нь Дорноговь аймгийн Өргөн сумын намын байгууллагын гишүүн Т.Цэнд-Аюуш. Тэрбээр энэ жил 22 нас хүрчээ.
Төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогджээ
Төлөөлөгчдийн:
- 1172 буюу 89.5 хувь нь дээд боловсролтой
- Доктор, доктор профессор, дэд профессор зэрэгтэй 41 төлөөлөгч
- Магистр зэрэгтэй 270 төлөөлөгч байна.
Төлөөлөгчдийн:
- 286 буюу 22 хувь нь эдийн засагч
- 220 буюу 17 хувь нь инженер
- 158 хуульч
- 161 багш
- 49 эмч
- 321 бизнес эрхлэгч
- Хөдөө аж ахуйн мэргэжилтэн, сэтгүүлч, улс төр судлаач, социологич гээд бусад төрөл бүрийн мэргэжлийн 400 төлөөлөгч сонгогджээ.
Төлөөлөгчдийн 55 хувь нь намын идэвхтэн сонгуультнууд
- 244 сум, дүүргийн намын хорооны үүрийн дарга
- 717 буюу 55 хувь нь намын шат шатны сонгуульт ажилтан
- 548 буюу 42 хувь нь аймаг, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга