УИХ-ын сонгуулийн дараагаас хоёр хуваагдталаа хэрэлдсэн МАН-ынхан 28 дахь Их хурлаараа бие, биеэсээ уучлалт гуйж, эвлэхээр шийдсэн бололтой. Тус намыг хоёр хуваагдана гэж мөрийцөх хүмүүс ч байсан. Магадгүй сөрөг хүчин, зарим улс төрчид МАН хоёр хуваагдаасай гэсэн хүлээлттэй байсан ч байж болох. Гэвч, засгаа онхолдуулсан МАН-ынхан намаа авч үлдэхээр шийджээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёр хулгайч, казиночин хэмээн муу муухайгаараа дуудалцсан. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоон дээр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нарын дунд ийм хэрүүл болсон юм.
У.Хүрэлсүх: Ж.Мөнхбат аа, муу нусгай минь байрандаа байгаарай. Чи ямар том болчихсон юм бэ
Ж.Мөнхбат: Битгий солиор. У.Хүрэлсүх ээ, харин чи хэн болчихсон юм бэ. Чи Монголын хаан болчихсон юм уу
У.Хүрэлсүх: Муу бацааныг казино тоглоод явж байхад нь өөд татсан нь гай болж дээ. Чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү.
Ж.Мөнхбат: Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж. Чи өнөөдөр Н.Энхбаяраас ч илүү хаан болчихсон байна.
У.Хүрэлсүх: Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих болсон байна.
Ж.Мөнхбат: Чи ч гэсэн намын мөнгөнөөс хулгайлсан биз дээ. Би бүх баримтыг ил гаргаж тавина аа. Чи муу битгий солиороод байгаарай. Тэгвэл У.Хүрэлсүх Их хурлынхаа индэр дээрээс Ж.Мөнхбатаасаа уучлалт гуйжээ. Тэрбээр МАН-ын даргаар сонгогдсон бөгөөд ‘Ж.Мөнхбатыг хулгайч гэсэндээ уучлал гуйж байна. Дүүдээ гомдоод л хатуу үг хэлчихсэн байна лээ’ гэсэн байна. Ж.Мөнхбат нь мөн л Их хурлынхаа үеэр “Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэрэлдэж, хулгайчаараа дуудсанд намынхаа гишүүдээс уучлалт гуйя” гэжээ.
Б.БАТ