Роберт Мугабе огцорлоо

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Роберт Мугабе огцорлоо

Роберт Мугабе огцорлоо

Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе огцорч, 37 жилийн ноёрхол төгсгөл болсонд баярлаж хөөрсөн ард иргэд энэ үйл явдлыг улс орон даяар тэмдэглэж байна.

Мугабегийн сайн дураараа огцорч, бүрэн эрхээ шилжүүлэхэд бэлэн байгаа тухай захидлыг парламентад уншиж сонгожээ.  Ерөнхийлөгчийн огцорсон тухай мэдээ ирсний дараа итгэл хүлээлгэх эсэх үйл явцыг зогсоожээ. Зимбабве улсын эрх баригч Зану нам 1980 оноос хойш төрийн эрхийг барьсан Мугабегийн ерөнхийлөгчийн бүрэн эрх дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагвад шилжинэ хэмээн мэдэгдсэн юм.

Мугабе энэ сарын эхээр тэргүүн хатагтай Грэйст давуу эрх олгохын тулд  дэд ерөнхийлөгчийг огцруулсан нь улс төрийн бужигнааны эхлэл болсон. Ерөнхийлөгчийн энэхүү алхмыг бүрэн эрхээ тэргүүн хатагтайд шилжүүлэх оролдлого гэж үзсэн армийн командлагч Константино Чивенга нийслэлд цэрэг оруулан төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч, тэргүүн хатагтайг гэрийн хорионд оруулсан. 93 настай Мугабе  цэргийн эргэлт гарсны дараа өчигдрийг хүртэл огцрохоос татгалзаж байсан.

Зимбабве улсын үндсэн хуульд заасны дагуу ерөнхийлөгчийн бүрэн эрх одоогийн дэд ерөнхийлөгчид Фелекезела Мфокод шилжих ёстой. Гэвч эрх баригч Зану намынхан Мнангагвад 48 цагийн дотор бүрэн эрхийг шилжүүлнэ хэмээн мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж