Меркел Канцлер болж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Меркел Канцлер болж чадах уу?

Меркел Канцлер болж чадах уу?

Германы Канцлер Ангела Меркелийн эвслийн шинэ засгийн газар байгуулах хэлэлцээ бүтэлгүйтсэн нь түүний карьерын хамгийн том бүтэлгүйтэл болж, Европын улс төр, эдийн засгийн төв болсон энэ улсыг донсолгов.

Намууд засгийн газар байгуулахад тохиролцож чадаагүйгээс Германд нөхөн сонгууль явуулах тухай яриа гарч эхэлжээ. Барууны ардчилал, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг Меркел Германы улс төрийн лидерээр дөрөв дэх удаагаа улиран сонгогдсоноос хойш хоёр сар ч болоогүй байхад ийм асуудал сөхөгдөж байна.

Харин Меркел эрх баригч намаас засгийн газраа бүрдүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэлсэн. Тэрбээр “Хэрэв сонголт хийхээс аргагүй зайлшгүй шаардлага тулгарвал сөрөг хүчний засгийн газар байгуулснаас нөхөн сонгууль явуулах замыг сонгосон нь дээр” гэжээ.

“Би хэзээ ч гэж хэлэх дургүй. Гэхдээ би эвслийн засгийн газар байгуулна гэдэгт эргэлзэж байгаа учраас нөхөн сонгууль явуулах нь хамгийн зөв зам гэж үзэж байнаа” хэмээн телевизээр хэлсэн үгэндээ онцолжээ.

Европын холбооноос гарах асуудлаар Их Британийн яриа хэлэлцээ ид үргэлжилж, барууны үзэл баримтлалт популизм хүчээ авч, Испанийн Каталон муж тусгаар тогтнолоо зарлах хөдөлгөөн өрнөсөн ийм үед Германд улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүссэн нь Европ даяар түгшүүрийн дохио хангинуулж орхилоо.

Меркелийн консерватив нам болон экологийн чиг баримжаатай Ногоон нам, бизнес эрхлэгчдийг дэмжигч “Free Democrats” намууд кабинетийн гол суудлууд дээр тохиролцоогүйгээс эвслийн засгийн газраа бүрдүүлж чадсангүй.  “Free Democrats” намын гишүүд ням гаригт эвслийн засгийн газар байгуулах яриа хэлэлцээний уур амьсгалыг хуурмаг,бүрхэг хэмээн тодорхойлж, хэлэлцээнээс гарсан билээ. Германы Маршал сангийн Берлин дэх төвийн тэргүүн Томас Клайн Брокхофф хэлэхдээ “Эвслийн засгийн газарт хэн ч орохыг хүсэхгүй байна. Эрх баригч нам эвсэл байгуулах дургүй тохиолдол 1949 оноос анх удаа гарч байна. Энэ бол Германд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийн эхлэл. Энэ асуудал шууд шийдэгдчихгүй бас өөр тодорхой арга зам  ч алга” хэмээжээ.

Нөхөн сонгууль явуулах нь Германд амар үйл явдал биш. 1920-1930 оны хоорондох засгийн газрын тогтворгүй байдлын улмаас үндсэн хуульд үүнтэй холбоотой хэд хэдэн заалт оруулсан нь сонгуулийн үйл явцыг ээдрээтэй бас төвөгтэй болгосон ажээ.

Германы улс төрийн тодорхойгүй нөхцөл байдлыг зарим нь өргөн хүрээнд барууны ардчиллын хямралтай шууд холбож тайлбарлаж эхэлжээ. “Der Spiegel” сэтгүүлийн Берлин дэх редакцын орлогч эрхлэгч Кристиан Хоффман “Энэ бол Германы “Brexit, Трамп  момент” хэмээжээ. Зарим хүмүүс үүнийг Германы хэвийн байдал алдагдаж буйн илрэл хэмээгээд өөр олон асуудал үүснэ гэж таамаглаж байна. 1982 оноос хойш дөрвөн Канцлерыг сонгосон Германыг тохиролцоогоор бий болсон төв засгийн газрууд удирдаж ирсэн юм.

Германд эсэргүүцэл,шүүмжлэл дагуулсан барууны үзэл баримтлалт Альтернатив Герман (AfD) нам сонгуулиар парламентад орж ирснээс хойш энэ хямрал эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер даваа гаригт Меркелийг хүлээн авч уулзахдаа эвсэл байгуулах яриа хэлэлцээг мухардлаас гаргахыг уриалсан. Ерөнхийлөгч сөрөг хүчний засгийн газрыг тэргүүлэх Канцлерыг томилох эрхтэй. Эс бөгөөс нөхөн сонгууль явуулах үйл явцыг эхлүүлэх юм. Германы улс төрийн тогтворгүй байдал Европын холбооны байр суурийг ганхуулж ч мэдэх эрсдэлтэй. Меркел сүүлийн арав гаруй жилийн дотор евро бүсийн хамгийн нөлөө бүхий улстөрч болж чадсан. Тэрбээр 2008 оны санхүүгийн хямралын дараа намаа амжилтай удирдаж, Европын популист улстөрчдийг ялсан хамгийн хүчтэй өрсөлдөгч гэдгээ удаа дараа баталж чадсан.

Берлин дэх улс төрийн уур амьсгалын өөрчлөлтөд санхүүгийн зах зээлүүд аажмаар хариу үйлдэл үзүүлж эхэлжээ. Томоохон үнэт цаасны DAX индекс даваа гаригт нэлээн өссөн бол еврогийн ханш аажмаар буурч байгаа аж. Гэвч эдийн засагчид үүний урт хугацааны нөлөө илүү ноцтой байж мэднэ хэмээн анхааруулжээ.

Германы эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Кристоф Шмитийн хэлж буйгаар “Эдийн засгийн нөхцөл байдал тун сайн” байгаа гэнэ. Гэвч дунд болон урт хугацаанд томоохон сорилтууд тухайлбал Европын холбооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, уур амьсгалын өөрчлөлт, тоон системчлэлийн бэрхшээлтэй асуудлууд тулгарч болзошгүй” гэжээ. Германы улс төрийн тогтворгүй байдлын үр хөврөл Меркелийн Христийн ардчилсан нам ялалт байгуулсан сонгуулиас эхтэй. Меркелийн нам сонгуульд ялалт байгуулсан ч нийт саналын тоо харьцангуй доогуур байсан. Нөгөө талаар Альтернатив Герман нам саналын тоогоор гуравдугаарт эрэмбэлэгдэж, анх удаа парламентад сонгогдсон. Улс төр судлаачид Меркелийг эвслийн шинэ засгийн газар байгуулж, Канцлер хэвээр үлдэнэ гэж таамагласан. Хэдийгээр таамаг биелсэн ч гэлээ энэ үйл явц ээдрээтэй бас сунжрах төлөвтэй болоод байна.

Меркел засгийн газраа байгуулж чадаагүй нь Европын орнуудын удирдагчдыг түгшээж эхэлжээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гаригт гаргасан мэдэгдэлдээ “Германд улс төрийн таагүй нөхцөл байдал үүсэхийг Франц улс хүсэхгүй. Бид гол түнш Германыг өөрийн улсын болон Европын төлөө хүчтэй, тогтвортой байхыг уриалж байна. Тэгж бид хамтдаа урагшилж чадна” гэжээ.

Германд нөхөн сонгууль болвол ерөнхийлөгч Меркелийг Канцлерт дэвшүүлж, парламент ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэх асуудлаар санал хураалт явуулах юм. Меркел парламентын гишүүдийн дэмжлэг авч чадвал ерөнхийлөгч түүнийг Канцлераар томилох ажээ. Хэрэв чадахгүй бол парламент 14 хоногийн дотор хоёр дахь санал хураалтыг явуулна.

Меркел хоёр дахь санал хураалтаар дэмжлэг авч чадахгүй бол парламент гурав дахь санал хураалтыг явуулж, хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах ажээ. Аль ч тохиолдолд ерөнхийлөгч 60 хоногийн хугацаанд Канцлерт нэр дэвшигчийг томилох, парламентыг тараах эсвэл нөхөн сонгууль  зарлах эрхтэй юм. 

Гэвч нөхөн сонгууль одоо үүсээд буй улс төрийн нөхцөл байдлыг сайжруулна гэх баталгаа биш. Олон нийтийн санаа бодлын судалгаанаас харахад нөхөн сонгууль бараг ямар ч өөрчлөлт авчрахгүй гэж иргэд үзэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт явуулсан “Forsa poll” санал асуулгын дүнгээр Меркелийн консерватив нам 32, Социал демократууд 20 хувь, Чөлөөт ардчилсан нам 12 хувь, Ногоон нам 10 хувь, Альтернатив Герман нам 12 хувийн санал авчээ. Германы зарим сонгогчид улс төрийн бужигнаанаас Альтернатив Герман нам хожиж, саналын тоог нэмж магадгүй гэж таамаглаж байна.

Клайн Брокхофф хэлэхдээ  “Герман Европын холбооноос гарахгүй. Бас Трампыг сонгоогүй. Засгийн газраа бүрдүүлэх эхний алхам амжилтгүй болсон нь муу хэрэг. Гэхдээ энэ юу ч биш” хэмээжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж