Хойд Солонгост зэвсэг худалдсан, худалдаагүй

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

VS

Хойд Солонгост зэвсэг худалдсан, худалдаагүй

Хойд Солонгост зэвсэг худалдсан, худалдаагүй

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц “УИХ-ын гишүүн Л.Болд нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн. Энэ хэргээс болж, хоёр хүн цаазлуулсан. Хойд Солонгосоос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичгийг Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн” гэх тайлбар хийсэн нь дуулиан тариад буй.

УИХ-ын гишүүн Л.Болд энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Б.Хурц гишүүдийн нэр хүндэд халдаж байна. Хойд Солонгост зэвсэг худалдсан гэх энэ дуулиан нь нэг хүний биш улсын асуудал болж хувирлаа” гэх тайлбар хийгээд буй.

“VS” буландаа энэ асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүн Л.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын байр суурийг онцоллоо.

Ц.Нямдорж

Л.Болд

Б.Хурц

Б.Хурц “Л.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийсэн, энэ хэргээс болж хоёр хүн цаазлуулсан. Хойд Солонгос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн. Ц.Нямдорж сайд энэ хэргийг мэдэж байгаа” гэж ярьж, надтай холбожээ.

Би гайхаад яамныхаа нөхдүүдээр хаана ямар бичиг ирсэн юм гэдгийг хайлгалаа. Тагнуул, прокурорын газарт хандлаа, цагдаатай ярилаа. “Тийм бичиг байхгүй” гэж мэдэгдлээ. Гадаад яаманд ийм бичиг ирж үү гэдгийг одоо сайд Д.Цогтбаатар тайлах хэрэгтэй. Нэг хүний асуудал биш улсын нэр хүндийн асуудал боллоо.

Хойд Солонгосоос зэвсгийн наймаатай холбоотой бичиг ирснийг би мэдэхгүй, анх удаа л сонслоо  

Б.Хурц УИХ ын гишүүдийн нэр хүндэд арай хэтэрхий халдаад байгаа юм биш үү?. Л.Болдоос болоод Хойд Солонгосын хоёр иргэн цаазлуулсныг хэн очоод мэдсэн юм. Гүтгэлэг хэрээс хэтэрлээ.

Эх сурвалж: Чуулганы нэгдсэн хуралдаан 2017.11.17

 

 

Монголын тагнуулын дарга болчимгүй зүйл ярилаа. Намайг сайдаар ажиллаж байх үед надаас болж Хойд Солонгост хоёр хүн цаазлуулах үндэс байхгүй. Хойд Солонгостой холбоотой ямар нэгэн наймааг Батлан хамгаалах яам хийгээгүй. Тийм учраас Батлан хамгаалах яамнаас юм уу эсвэл тэр үед ажиллаж байсан сайдаас шалтгаалан Хойд Солонгост хэн нэгэн хүн шийтгэл хүлээх нөхцөл бололцоо байхгүй.

Тухайн үед намайг Батлан хамгаалах яамны сайдаар томилогдоход 20, 30 жилийн өмнө актлагдсан сэлбэг хэрэгсэл байсан. Гэрээний дагуу зөвхөн ОХУ-д буцааж борлуулах ёстой. ОХУ-ын нэг компани, Монголын нэг компанитай хамтран актлагдсан сэлбэг хэрэгслийг ОХУ-ын компани худалдан авах саналаа Батлан хамгаалах яаманд өгчихсөн байсан. Сайдаар томилогдсоны дараа энэ асуудлыг сайдын зөвлөлийн хуралдаанаар дэмжсэн. Энэ гэрээ нь 300 мянган ам.долларын үнэлгээтэй. Гэтэл ОХУ-ын Батлан хамгаалах яам зөвшөөрөхгүй гэсэн хүсэлт ирүүлсэн. Түүний дараа ОХУ-аас өөр улсад зарах боломж байна гэдэг санал ирсэн. Гэхдээ Монгол Улс олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон үүргээ хүлээх ёстой учраас энэ наймааг зогсоож, буцааж олгохыг үүрэгдэж, энэ асуудал дууссан. Бид ямар ч нөхцөлд тухайн сэлбэгийг гуравдагч оронд борлуулах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй учраас энэ асуудлыг хаасан юм. Гэхдээ энэ асуудлыг болгож, бүтээж өгнө гэсэн Монголын болон ОХУ-ын иргэд байсан. Тэд чадахгүй зүйлээ чадна гэж тодорхой хэмжээний мөнгө авсан байсан. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж, залилангийн хэргээр ял шийтгэлээ хүлээсэн.

Эх сурвалж: “News.mn” 2017.11.16

Л.Болдтой холбоотой онгоцны сэлбэгийн зэвсгийн наймаа өнөөдөр гэнэт үүссэн асуудал биш 2013 онд хамаарна. Бичлэг нь бий.  “Голомт”-ын Нацагдорж гээд хүмүүс оролцсон.

Намайг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байхад Хойд Солонгосын гурав, дөрвөн хүн ирж ирж уулзаад Л.Болдоос 300 мянган ам.доллар авч өг гэж гуйсан.  Хойд Солонгосын хүн тэр үед “Энэ асуудлаас болоод хоёр хүн цаазлуулсан” гэсэн.Тухайн үед Дашдэлэг генерал “300 мянган ам.долларыг Л.Болд авсан” гэдгийг хэлсэн. Прокурорын шатанд очоод Л.Болдтой холбоотой асуудал нь хэрэгсэхгүй болсон, замхарсан.

Энэ хэрэг Тагнуулын ерөнхий газарт бүртгэлтэй. Нууц юм байхгүй. Хойд Солонгосын Элчин сайдын яамны хүн ирээд “Та туслаад өгөөч, энэ хүнээс 300 мянган ам.доллараа авах шаардлагатай байна” гэсэн.

Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн зургадугаар сард Хойд Солонгосын Ерөнхий прокурорын газраас бичиг ирүүлсэн. Орчуулганд “Манай холбогдох компани болон танай улсын сэлбэгийн компанийн хооронд онгоцны сэлбэгийн арилжаа хийх явцад үүссэн 1.5 сая ам.долларын  авлагатай холбоотой асуудлыг шийдэх явцад Батлан хамгаалахын сайд байсан Л.Болд 300 мянган доллар залилсан гэх материал байсныг мэдэгдэж байна” гэж бичсэн байсан.

Ц.Нямдорж сайд бүх л юмыг мэддэг. Мэдчихээд дарчихсан ч юм уу, би мэдэхгүй шүү дээ.

Эх сурвалж: “Цензургүй яриа” нэвтрүүлэг 2017.11.20

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж