У.Хүрэлсүх хүссэн бүхнээ авлаа, гэвч?

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх хүссэн бүхнээ авлаа, гэвч?

У.Хүрэлсүх  хүссэн бүхнээ авлаа, гэвч?

Ямар ч байсан олон хүний чих тавин хүлээж байсныг бодвол Монгол Ардын намын 28 дахь Их хурал хэрүүл, зодоонгүй, харьцангүй тайван болж өнгөрлөө. Харин чиг тоосоо гөвтөл зодолдсон тэд тосоо гартал тэврэлдээгүй ч эв нэгдлээ хангахаа Их хурлын индэр дээрээсээ зарлав.

Их хурлынхаа өмнө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “У.Хүрэлсүх намын дарга болбол би намаасаа гарна” гэсэн тухай хэвлэлүүд бичиж, “Зүүний хүчний холбооныхон шинэ нам байгуулахаар болсон” талаар мэдээлэл цацагдаж, өнгөрсөн хугацаанд эрх мэдэл сандал суудлаа булаацалдан, хагарал, хямралдаа тулсан  МАН-ынхан яг хоёр хуваагдах нь гэсэн ойлголт төрүүлж байсан юм.

Хэдий эрх мэдлийн зөрчилдөөнтэй байгаа ч У.Хүрэлсүх болон М.Энхболдод МАН-ын хуваагдал ашиггүй. Тэгвэл МАН-ынхан 100 жилийн ойгоо МАХН-д булаалгана гэсэн үг.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш таг дуугүй явсан М.Энхболд илтгэлдээ “Талцал бол эвдрэл мөн. Эвдрэл бол мөхөл юм. Тиймээс улс төрийн хүчний хувьд гамшиг гэж хэлж болох энэ үзэгдлээс сэргийлэх, илрэл бүхнийг газар авахуулалгүй нам дотроо илэн далангүй ярилцаж зөвшилцөх, журмын нөхдийн хувиар ойлголцон эвлэрэх нь улстөрчийн ёс суртахууны эрхэм чанар” гэсэн нь У.Хүрэлсүхэд хаягласан үг болов уу.

У.Хүрэлсүх хариу болгон “Зүрхэндээ толботой явснаас зүсэндээ сорвитой явсан дээр. Бид хамтдаа илүү хол явна. Дүү нартайгаа муудмааргүй байна. Намынхаа эв нэгдлийг хангаж ажиллахын төлөө хичээх болно. Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье’ гэсэн нь Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарт хандсан үг ч биз.

МАН-ын 28 дугаар Их хурлын топ сэдэв нь намын даргаа тодруулах явц байсан. Их хурлын өмнө У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл нар албан ёсоор  намын даргад өрсөлдөхөө зарласан бол оёдолчин бүсгүй Мааяа ч МАН-ын Их хуралдаа сюрприз барив.

Ардын намын даргад хүч үзэхээр шийдсэн Г.Майцэцэг “Даргаар нь сонгогдвол намынхаа лидерүүдэд улс төрийн уучлалт үзүүлнэ” гэх үгийг хэвлэлээр дайсан ч “манай намын гишүүн бишээ” гээд МАН-ынхан “гөлөөг” ч гэж тоосонгүй.

Таамаглаж байснаар Н.Дэмбэрэл, Ж.Мөнхбат хоёр нэрээ татаж, санал хураалт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын дунд өрнөлөө. Мэдээж, ардаа ямар ч фракцигүй Н.Дэмбэрэлийн авах санал нь тодорхой, тиймээс түүний хувьд саналаа тоолуулж байснаас нэрээ татсан нь хамгийн зөв гаргалгаа. Ямар ч байсан Н.Дэмбэрэлийн хувьд тодорхой зорилготой улс төр хийсэн нь мэдээж.

Гэвч, өнгөн дээрээ нэгдсэн МАН-ынхан цаанаа “салаавчтай” байгаа нь Ц.Нямдорж, Ж.Эрдэнэбатын байр сууринаас ч харагдав. Их хурлын индэр дээрээс Ц.Нямдорж 1309 төлөөлөгчид хандан У.Хүрэлсүхийг дэмжихийг уриалсан бол экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүлгийн дарга Д.Хаянхярвааг дэмжиж байгааг ил тод хэлсэн.

Санал хураалтын дүнгээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийт сонгогчдын 63.1 хувийн дэмжлэгтэйгээр намын дарга болсноор улс төрийн хүрээнд хүлээлт үүсгэсэн МАН-ын шинэчлэлт үүгээр өндөрлөв. Өөрөөр хэлбэл, МАН-ын эрх мэдэл хотын фракциас зүүний хүчнийхэнд шилжсэн улс төрийн үйл явдал боллоо гэж дүгнэхэд буруудахгүй.

Намын даргын тамгаа М.Энхболдоос албан ёсоор авсан У.Хүрэлсүх өчигдрөөс МАН-ын хагарал, хямрал дуусч байгааг зарлав. Энэ тухайд түүний хэлсэн үг нь “Би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг надад ногдож байна. УИХ дахь намын бүлгийн 33,32 гэсэн яриа энэ цаг мөчөөс эхлэн эцэс болж байгааг та бүхэндээ зарлая. Ийм үүрэг даалгаврыг Их хурлаас надад, МАН-ын 65 гишүүнд өглөө”.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр эрх мэдэл хүрсэн тэр энэ удаад МАН-тайгаа гар барилаа. Хэрэв Х.Баттулгаас салж чадахгүй бол улс төрд Ерөнхийлөгчийн топор нэртэйгээ үлдэнэ. Монголын улс төрд реформ хийж, намаа шинэчилж чадах уу гэсэн асуулт яг өнөөдөр У.Хүрэлсүхэд тавигдаж байна. У.Хүрэлсүх эвийн цэг үү, эвдрэл хямралын “эцэг” үү? Түүний зовлон өнөөдрөөс эхэлнэ. Ирэх 2020, 2021 оны сонгуульд намаа ялалтад бэлтгэх, 100 жилийнхээ ойг хаана тэмдэглэх вэ гэдэг чухам У.Хүрэлсүхээс хамаарна. Тэр түүхэнд үлдэхийг хүсдэг. Гэхдээ энэ бүхний хариулт болох ямраар гэдгийг цаг хугацаа харуулна. Учир нь, тэр хүссэн суудал болгоноо авсан.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж