Чукагийн алдаж онож, амьдарсан 45 жил

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Чукагийн алдаж онож, амьдарсан 45 жил

Чукагийн алдаж онож, амьдарсан 45 жил

Улаанбаатарын нэгэн үдэш ажлаа тараад гэртээ харихын зуур саатах агшнууд олон.  Эртнээс төлөвлөсөн ч юм уу эсвэл гэнэт гоё тоглолт үзэх, дуртай дуучныхаа дууг сонсох сайхан. Магадгүй дурсамжаа хайртайгаа, найзуудтайгаа хуваалцмаар санагдах. Өчигдрийн тухайд энэ бодол олон хосуудын зүрх сэтгэлд уяатай байсан байх. Харин тэр эрхэм бол хөгжмийн зохиолч, дуучин, продюсер, урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Чулуунбат байлаа. Түүний “Best of Chuka 45 оддын хүндэтгэлийн тоглолт The Corporate Hotel & Convention Centre-д болсон бөгөөд энэхүү тоглолттой таныг уулзуулахыг зорилоо. Ингээд “Best of Chuka 45” тоглолттой та түрхэн саатна уу.

 

КАМЕРТОН: БИЕ БИЕЭНДЭЭ ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ

“Best of Chuka 45” оддын хүндэтгэлийн тоглолтын хөтлөгчөөр А.Адилбиш болон Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар ажилласан бол тоглолтын найруулагыг найруулагч Б.Анар хийжээ.

Ц.Чулуунбат дуучин, хөгжмийн зохиолч байхаас гадна продюсерын үүргийг амжилттай гүйцэтгэдэг. Тэрбээр олон хамтлаг, залуусыг рок, попын урсгалд хөл тавин ороход ихээхэн дэмжлэг болсон нэгэн. Тиймдээ ч энэхүү тоглолтын С.Сэрчмаа “Чиний бодолд” дуугаараа эхлүүлсэн. Түүний дараа хөтлөгчид тайзнаа ‘Freezone’ хамтлагийг урилаа. Тус хамтлагийн продюсерээр Ц.Чулуунбат ажиллаж байсан бөгөөд тэд “Өвлийн шөнө”, “Бороотой зуны дурсамж” дуугаараа танхимд цугласан үзэгчдийн сонорыг мялаасан. Мэдээж, энэ үеэр хөтлөгч Ууганаа багахан элэглэл хэлээд авсан юм. Харин дараагийн уран бүтээлч Б.Баярцэцэг байсан. Тэрбээр “Хайр сэтгэл минь дуу болон үлджээ”, “Содон аялгуу” дуугаараа сондгойрч байлаа. Мөн дараагийн нэгэн уран бүтээлч бол жааз дуучин Наагий буюу Н.Наранбаатар байсан бөгөөд “Нууцхан сэтгэл”, “Захиа” дуугаар тоглолтыг үргэлжлүүлсэн.

Энэ удаагийн тайз засалт онцгой байсан бөгөөд “Захиа” дууг дуулахад үгийг нь дэлгэцэнд давхар гаргасан нь их содон харагдаж байв. Яруу найрагч Ү.Хүрэлбаатарын шүлэг, Ц.Чулуунбатын аялгуу “Захиа” дууны шүлгийн хэсгээс хүргэхэд

  • Дурлал шингэсэн хайрын захидлыг тэврээд
  • Дуу алдтал чангахан хайрлана
  • Гаргац муутай бичсэн минь
  • Ганцхан чамдаа яарсных шүү хэмээн дуучин Наагий хосуудын сэтгэлийн гүнд түмэн бодлыг хүргэж байсан юм.

“Best of Chuka 45” оддын хүндэтгэлийн тоглолтын хүндтэй эрхэм бол поп хатагтай Б.Сарантуяа байсан. Тэрбээр энэ үдэш “Би дуртай”, “Замд бодсон бодол” дуугаараа хөнгөн гуниг, хөвөрсөн бодлыг үзэгчдэд үлдээгээд буцсан юм.

Харин дараагийн хамтлаг бол ‘Камертон’. Хөтлөгчийн хэлснээр өтөлдөггүй хамтлаг бол тэд байлаа. Энэ үдэш “Камертон” хамтлагийн залуус “Хайрлая чамайгаа”, “Гунигт дуу бүү аял” дуугаараа тоглолтын уур амьсгалыг сэргээж орхисон.  

Хамтлагийн дуучид хэсэг зуур дурсамжаа хуваалцсан. “Өвлийн энэ үдэш та бүхэнтэй уулзахад тун таатай байлаа. Бие биеэндээ талархлаа илэрхийлье. Та нарыг харах үнэхээр сайхан байна. Бид 16 жилийн өмнө анх Чука ахаас авч байсан дуугаа дуулах гэж байна. Эргээд харсан чинь цаг хугацаа явсныг анзаарна. Та бүхэн дуулах явцад анзаарах байх. Шүлгийн мөрөөс хэлэхэд,   

Ариг цагаан саран хиртэж

Алсад жингийн цуваа саатна

Айлын минь бүсгүй зовж

Алтан цэцгийн дэлбээ хумина

Яруухан дуу аял бүсгүй минь

Явуулын хүн түр саатаж

Янагаа үгүйлэн жаргана

Янзагаа эрхлүүлэн жаргана гэж одоо ийм насан дээрээ бид ингээд дуулаад зогсоход “хардмаар” дуу байгаа биз. Энэ дуу бол нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны шүлэг байгаа юм. Чука ах их далд санааг илэрхийлдэг хүн шүү дээ хэмээн хошигнон “Гунигт дуу бүү аял, хонгор минь” дуугаа дууллаа. Хоёр дуу дуулсан камертончуудыг үзэгчид тийм ч амархан оруулахыг хүсэхгүй байсан нь илт байсан юм.

Эрч хүчтэй дуучин Наран “Go home”, “Happy women” дуугаараа хүчтэй хэмнэлийг өгч чадсан. Мөн түүний хамтран бүжигчид ч энэ үдшийн нэгэн содон бэлэг байлаа. Энэ үеэр хөтлөгч Ууганаа поп хатагтай Нарангийн гадаад хэлний мэдлэгийг биширч, бас Чука ахын хэмнэл ч янзтай шүү хэмээн элэглээд авсан юм. Наранд өгдөг уран бүтээлийг нь харахад “Go home”, “Happy women” гээд монгол үг ховор гэж хошигноод авсан.

Ц.ЧУЛУУНБАТ: МИНИЙ ХӨГЖМИЙН ЕРТӨНЦ НЭГ Л МЭДЭХЭД 45 ЖИЛ БОЛЖЭЭ

Ингээл тайзнаа дуучин, хөгжмийн зохиолч Чука буюу Ц.Чулуунбат гарч ирсэн. Тэр энэ үеэс эхлэн өөрийн дуугаа дуулж, үзэгч түмний хүсэн хүлээсэн бэлгийг өгсөн юм. Тэрбээр,

“Юуны өмнө энэхүү танхимд хүрэлцэн ирсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Миний хөгжмийн ертөнц нэг мэдэхэд 45 жил болсон байна. Гэхдээ 1972 онд 15 настай хүүхэд байхдаа амжилтанд хүрнэ чинээ санаагүй явсан. Зүгээр л дэвэрсэн хүүхэд байлаа. Тэр цагаас хойш энэ тайзан дээр алдаж, онож, амьдарч бас уйлж, дуулж явсан минь саяхан мэт санагдаж байна. Гэхдээ энэ бол дуусахгүй. Энэ тайзны амьдрал минь үргэлжилнэ. Өнөөдөр би 560 тоог онцолж байна. Учир нь өнгөрсөн аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл монгол орон даяараа аялан тоглолтыг хийлээ. Энэ хугацаанд би 550 удаа дуулжээ. Өнөөдөр харин 560 болж байна. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд хөдөөгийн ард түмнээсээ сайхан мэдрэмжийг авлаа. Хөдөөгийн ард түмэн хошин шог, нийтийн дууг сонсдог байх гэж бодож байсан ч миний дуунуудыг сонсоод талархсан тэдний сэтгэл намайг улам хөглөж чадлаа. Өнөөдөр та бүхэнтэй өөрийнхөө амьдралын тухай, найз нөхөд, аав, ээжийн болон бүх хайрын тухай дуулах болно. Та бүхэнд “Амьдралд тавтай морил” хэмээн дуугаа эхлүүлсэн.  

“Best of Chuka 45” оддын хүндэтгэлийн тоглолтын эзэн маань “Амьдралд тавтай морил”, “Дөрвөн улирлыг хүсэх нь”, “Эр хүн”, “Хайр хөглөх” дуугаа дуулж, багагүй хууч хөөрлөө.  

 

ДУУ БҮХЭН АМАР ТӨРДӨГГҮЙ

Тэрбээр нэгэн найзынхаа дууг хэрхэн бүтээдэг тухай асуухад хэлж байсан тухайгаа хуучилсан юм. Дууг бүтээх дэлгүүрээс талх авахтай адил биш юмаа. Дуу гэдэг бол өөрийгөө зоригжуулж, хөгжүүлж, уйлуулж, үндсэн тэр дуундаа орж байж бүтдэг шүү. Надад өнгөрсөн хугацаанд орон нутгаар аялан тоглолтоор явахад үнэхээр сонирхолтой байлаа. Бас үнэхээр их дурсамжтай байхаас гадна хөгтэй явдлууд ч олон байсныг дурдав. Нэг удаа хөдөөгийн нэгэн ахаас “Та эхнэртээ хэдэн удаа хайртай гэж хэлсэн бэ’ гэж асуухад ах “Өө яахав шаардлага гарвал нэг хэлээд авна даа” хэмээн хэлснийг хөгжилтэйгээр дурслаа.

Тэрбээр Д.Төрмөнхийн шүлэг, Н.Халиуны ая “Хайр хөглөх”, Ж.Мөнхбатын шүлэг, Д.Бэхбатын ая “Сүүлчийн бодрол” дуугаа дуулахдаа тодотгол хэлж байсан юм. Түүний тоглолт “Амьдралын бэлэг”, Эмүжингийн шүлэг “Гэртээ харих зам”, “Хайр”, “Миний эх орон”, “Эрхүүгийн хавар”, “Толин хул”, “Санана даа” дуугаар үргэлжилсэн.

Тоглолтын төгсгөлд “Дэргэд минь байж хайрла”, “Халуун сэтгэл”, “Зуун зуун жил”, Замд гаръя, “Чамдаа дуулах дуу”, “Москвагийн бороо”, “Амьдрал надад бүхнийг өгсөн” дуунууд багтсан.

Дэндүү гэмээр халуухан сэтгэлийг тань бодохоор

Тэргүүнд минь мөнхрөх буурал нэмлээ ч дурсаж явья таныгаа

Ижийн минь өргөсөн цай сүүний дээж танд минь хүрээ юм болов уу

Тэртээх олон оддын дунд зүүдэндээ таныг би үзлээ

Алтан наран ээвч илчгүй мэт санагдана

Арван тавны саран гийлээ ч гэрэлгүй гэмээр бодогдоно

Хүнийг хайрлах сэтгэлийг тань дээдлэн эрхэмлэж явья

Бусдын төлөө биеэ мартахыг босон суун бодож амьдарья

Дэндүү гэмээр халуухан сэтгэл чинь надад үлдсэн

Эндүү бодоогүй чин хүслийн итгэл чинь бас үлдсэн

Дэндүү гэмээр халуухан сэтгэлийг тань бодохоор

Тэргүүнд минь мөнхрөх буурал нэмлээ ч дурсаж явья таныгаа хэмээх дуугаа дуулахын өмнө багагүй тайлбарыг хийлээ. Мөн энэхүү дуугаа хэрхэн бүтсэн талаараа дурсахдаа ийнхүү өгүүллээ.

Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг эдийн засаг, санхүүгээр маш сайн дэмжсэн, уран бүтээлч нарын чанарыг арав дахин ахиулж чадсан нэгэн бизнесмен залуу байдаг. Тэр хүн нэг удаа “Зөвхөн Монголдоо” дууг зохиосон Чукаг дуудаад ир гэсэн юм билээ. Тэгээд би тэр хүнтэй уулзаж байсан. Тэгэхэд надад “Би зуурдаар бурхан болсон ахынхаа тухай сайхан дуутай болмоор байна. Ахдаа зориулж сайхан дуу хийлгэмээр байна” гэж хэлээд маш их мөнгө ширээн дээр тавьж билээ. Тухайн үед би тэр мөнгийг авахыг хүсээгүй юм. Миний хийсэн дуу таны ээж, та бүхэнд таалагдахгүй бол би энэ мөнгийг авахгүй гэдгээ хэлж, дараа нь уран бүтээлээ үзүүлж байсан удаатай. Би дууны шүлгийг бичиж, аяыг хийхдээ өөрөө уйлж байж бичиж байсан түүхтэй. Өөрийгөө шатааж бүтээсэн юм. Дуу бүхэн амар төрдөггүйг онцолж байлаа.

Манай нэгэн яруу найрагчийн хэлсэн шүлэг байдаг.

Дуугаар бороо шивэрсэн энэ орчлонд

Дууны сайхан нь үлддэг юм билээ \Ү.Хүрэлбаатар\

Мөн Б.Лхагвасүрэнгийн

Энэ зууны дуу минь

Эзнээ үгүйлэх дуу минь гэж хэлснийг хэлэхэд таатай байна.

Та бидний баярлаж байгаа сэтгэлийн жигүүр, “Миний ээж”, “Аяны шувууд” зэрэг олон сайхан дуунууд эзнээ орхихгүй дуулагдсаар байна. Энэ дуунууд өнөөг хүртэл эзнээ дуурсгаж дуулагдсаар байна. Дуу гэдэг бол та бүхний зүрх сэтгэлд үлдэж, бас мартсан ч гэсэн эргээд сэргэх дуу байдаг. Та бүхэндээ хөгжмийн ая зохиогч бид дууг бүтээх гэж хичээж байдаг юм.

Би энэ дууг зохиохдоо хүний хайр сэтгэл, хүний бие биерүүгээ тэмүүлэх тэмүүлэл зуун байтугай мянган жилээр ч хоригддоггүй юм гэж ойлгодог. ЗУУН ЗУУН ЖИЛ БИ ЧАМАЙГ ХАЙРЛАЯ.

Corporate Hotel & Convention Centre-т болсон “Best of Chuka 45” оддын хүндэтгэлийн тоглолт 20.00 цагт эхлээд 23.30 цагт дуусахад үзэгчид олон олон дурсамжаа хөглөөд буцлаа. 

“Best of Chuka 45” хүндэтгэлийн тоглолтын эзэн хөгжмийн зохиолч, продюсер, дуучин, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат урлагтай холбогдсон түүхэн ойдоо зориулж аравдугаар сарын 1-ээс эхлэн хийсэн аялан тоглолтоо өчигдөр Улаанбаатарт өндөрлүүлэв. Энэ хугацаанд тэрбээр 560 удаа дуулснаа онцолсон юм. 

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж