Ипотекийн зээл зогсох уу, өөрчлөгдөх үү?

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээл зогсох уу, өөрчлөгдөх үү?

Ипотекийн зээл зогсох уу, өөрчлөгдөх үү?

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдсан. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанкаар дамжуулан олгож байсан ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Тодруулбал, 2018 оноос ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлж, тодорхой хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 30 хувийн урьдчилгаа төлж, найман хувийн зээлд хамрагдсан иргэдийн зах зээл ханасан гэж эдийн засагчид төдийгүй Засгийн газар үзэж буй. Тиймээс ирэх жилүүдэд урьдчилгаа төлөх боломжгүй, залуу гэр бүл, эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогыг Засгийн газар барьж байгаа талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан дуулгасан. Ипотекийн зээл ирэх жилүүдэд үргэлжилнэ. Ингэхдээ илүү боломжит хувилбарыг иргэддээ санал болгох юм байна.

1500 өрх түрээсийн орон сууцанд хамрагджээ

Банкнаас урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдах иргэд цөөрсөн учраас гэр хорооллын дахин төлөвлөлтөөр дамжуулан иргэдээ орон сууцжуулахаар төлөвлөөд буй. Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан төрийн бодлого нь түрээсийн орон сууц хөтөлбөр. Тиймээс шинэ Засгийн газар ирэх жилүүдэд зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 120 тэрбум төгрөг 2018 оны төсөвт суулгасан.

2013 оноос хойш хэрэгжүүлсэн ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны 11 банкаар дамжуулан олгосон. Өнгөрсөн хугацаанд нийт 92,6  мянган хүн ипотекийн зээлд хамрагдаж, 4,2 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүний 95,7 хувь нь эргэн төлөлт хэвийн, 2,4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1,9 хувь нь чанаргүй зээлд бүртгэгджээ.

Зорилтот бүлэг гэдэг нь урьдчилгаа төлөх боломжгүй ч ипотекийн зээлд хамрагдаж, сар бүр төлөлтөө хийх боломжтой иргэд. Засгийн газраас эхний ээлжинд багш, эмч нарыг түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг салбарын сайд нь онцолсон. Гэхдээ төр өөрөө барилга барих төсөв хөрөнгө байхгүй учраас гадаад зээл, тусламжаар зах зээл дээр бэлэн байгаа орон сууцыг тендер шалгаруулан төр худалдаж авах боломжийг судалж байгаа юм байна. Түрээсийн орон сууцыг өмчлөхийн тулд орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах эсвэл урт хугацаат эх үүсвэр олсон нөхцөлд эх үүсвэрийн хугацаагаар түрээсээ төлж өөрийн эзэмшилд шилжүүлэх боломжтой аж. Ингэснээр ипотекийн одоогийн найман хувийн зээлийн хүү аажимдаа буурах боломжтой гэж салбарынхан үзэж буй. Тиймээс эхний ээлжинд эх үүсвэр буюу хөрөнгийн асуудал шийдэх шаардлагатай байгаа гэнэ. Одоогоор эх үүсвэрээ шийдээгүй учраас түрээсийн орон сууц хөтөлбөрийг шууд хэрэгжүүлэх боломжгүй юм байна. Мөн түрээсийн орон сууц хөтөлбөрийг 21 аймаг, нийслэлд хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1512 айлыг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулсан. Мөн 2700 гаруй иргэн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахаар ТОСК-д бүртгүүлжээ.

Метр квадрат нь нэг сая төгрөгийн барилга барина

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, нийт 36 байршилд дахин төлөвлөлт хийхээр ажиллаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт цөөн давхартай, дотоодын үйлдвэрлэлийг бүрэн дэмжсэн баригдах төсөл дээр ТОСК ажиллаж байгаа юм байна. Уг төслийн хүрээнд баригдах орон сууцны метр квадрат нь 999  мянга. Энэ нь зөөвхөн орон сууцны байшин барих бус дэд бүтэц сургууль, цэцэрлэгийг цогцоор нь шийдэж өгөх төсөл аж. Төсөл нийслэл болон 21 аймаг, цаашлаад суманд  хэрэгжүүлэх боломжийг судалж байна. Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн иргэдэд зориулсан 1000 айлын орон сууцыг Дэнжийн мянгад БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих саналаа Засгийн газарт болон холбогдох газарт нь өгчээ.

Борлогдохгүй орон сууцыг төр худалдаж авна

Зах зээл дээр 30 гаруй мянган бэлэн байр бий гэх судалгаа бий. Барилгын салбар тэр дундаа орон сууцны борлуулалт зогсонги байдалд орсон учраас төр тендер зарлаж, зах зээл дээр бэлэн байгаа орон сууцыг худалдаж авах боломжтой гэнэ. Нэгэнт борлогдохгүй байгаа орон сууцнуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, компаниудын орлого буурсан учраас төр хямд өртгөөр худалдаж авч, дараагийн барилгаа барих боломжийг нь барилгынханд олгохоор судалгаагаа эхлүүлжээ. Хэрэв төр хямд өртгөөр бэлэн орон сууцуудыг худалдаж авах юм бол иргэдэд түрээслүүлэх, урьдчилгааг нь төр төлөх, бууруулах боломжуудыг судлахаар Барилга, хот байгуулалтын яам ажлын хэсэг байгуулжээ. Зах зээл дээр борлогдохгүй орон сууцыг төр хямд үнээр худалдаж авах ажлыг эхлүүлэхээр бол хөрөнгийн эх үүсвэрийг гаднын зээл, тусламжаар санхүүжүүлэх боломжтой гэдгийг салбарын сайд нь онцолсон.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж