Агаарын бохирдлоос амиа бодоорой

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлоос амиа бодоорой

Агаарын бохирдлоос амиа бодоорой

Өвлийн ‘тас хар’ өдрүүд. Улаанбаатарын өвлийг ингэж нэрлэмээр. Утаан дунд дуниартан сааралтах Улаанбаатарын агаарын бохирдол SOS зарлаад удаж байгаа юм. Өтгөн хар манан дунд амьдрах нийслэлчүүд эрүүл мэндээрээ хохирсоор. Утаагаа бууруулж чадахгүйгээс хойш ядаж л амны хаалт хэрэглэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөх болсон.


Агаарын бохирдлоороо дэлхийд аман хүзүүдэж яваа Улаанбаатарыг утаанаас салгаж чадах аргыг хэн ч олоогүй. Хэдэн зуун, хэдэн тэрбум төгрөгийг “салхинд” цацсанаас өөрөөр өнгөрсөн арван жилийн агаарын бохирдолтой хийсэн тэмцэл үр дүнгээ өгөөгүй юм. Утааг багасгахын тулд хэрэгжүүлж байгаа ажил, үр дүнгээ өгөхийг хүлээвэл ёстой ‘Бухын доодхыг харж үнэг турж үхнэ’ гэдэг болох биз. Улаанбаатарын агаарын бохирдол аюулын харанга дэлдэж байгаа энэ үед утаанаас хамгаалах маск зүүж эрүүл мэндээ хамгаалахаас өөр дорвитой хийж чадах зүйл бидэнд алга. Гэвч хотын гудамжинд маск зүүсэн хүн ганц нэгхэн харагдах. Амны хаалт зүүх шаардлагатайг хүн бүр мэдэж байгаа ч олонх нь дадаагүй, зүүхэд хэцүү, олдохгүй зэрэг шалтгаанаар аваагүй л явна.

Баянгол дүүргийн иргэн Ч.Самдагсүрэн

Баянгол дүүргийн иргэн Ч.Самдагсүрэн ‘Өнгөрсөн жил утаанаас хамгаалах цаасан юм шиг шовгор шүүлтүүртэй маск хэрэглэж байсан. Хүйтний эрч нэмэгдэхээр утаа улам өтгөрч, агаарын бохирдол улам ихэсдэг тэр үеэр л маскаа зүүж эхэлнэ дээ. Одоогоор ороолтоороо амаа дараад явж байна” гэв.

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Нямаа

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Нямаа “Маск зүүж сураагүй болохоор хэцүү байдаг. Маск зүүхээр халуун бүгчим оргиод нэг л таалагддаггүй юм. Гэхдээ хүүхдэдээ авч өгмөөр байна. Харин хаана зарж байгаа талаар мэдээлэлгүй байна” гэв.

Хан-уул дүүргийн иргэн Н.Соном

Хан-уул дүүргийн иргэн Н.Соном гуай “Ханиад томуу тусахаас мөн утаанаас хамгаалж амны хаалт зүүж байна. Энэ амны хаалт нь шүүлтүүртэй, гаднаасаа мэдэгддэггүй юм. Өвөл боллоо, утаа ихсэх нь тодорхой. Тиймээс жил бүр тогтмол  шүүлтүүртэй маскыг хэрэглэдэг” гэсэн юм.

Зарим иргэд утаанаас хамгаалж байна гээд энгийн материалаар хийсэн маск зүүж харагдана лээ. Гэхдээ энэ  нь тийм ч зөв сонголт биш юм. Учир нь энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй маск хэрэглэх нь утаанаас хамгаалах магадлалыг ихэсгэнэ шүү дээ гэв.


Шүүлтүүртэй маскийг, хаанаас авахаа мэдэхгүй  байгаа хүмүүсийн цагийг хэмнэх үүднээс маскны үнэ, зарагдаж байгаа цэгүүдийн  талаарх  мэдээллийг орууллаа.

3M маск

Дэлхий даяар хамгийн сайн танигдсан маск бол 3M. Хамгийн олон жил үйлдвэрлэгдэж байгаа маскуудын нэг 3M дэлхийн бүх хотод зардаг. Чанарын хувьд хамгийн найдвартай нь учраас ‘алтан стандарт’ гэж мэргэжилтнүүд онцолдог.

Хэрэглэх хугацаа: Маскийг 7-10 хоног зүүж хэрэглэх ба дахин ашиглах боломжгүй юм.

Агаарын бохирдлоос хамгаалах маскны чанараас нь шалтгаалаад үнэ нь өөр өөр байдаг гэнэ.

  •  90 хувь шүүх чадвартай том хүн, хүүхдийн  маск 2200 төгрөг
  •  95 хувь шүүх чадвартай маск 8500 төгрөг
  •  99 хувь шүүх чадвартай маск 15000 төгрөгийн үнэтэй байх аж.

Авах цэг: Нэгдүгээр эмнэлгийн аптек, ‘Петровис’ шатахуун түгээх станцууд дахь сүлжээ  24 цагийн  “Петромарт” дэлгүүрүүдээр борлуулагддаг байна.

Маскийг анх зүүхэд резин нь чанга байдаг. Тэгвэл зүүхээсээ өмнө бага зэрэг татаж сунгаад зүүх хэрэгтэй. Эхний удаад барьж байгаад дараагийн  удаа зүүхэд хэвийн болдог аж. Мөн хуурамч маскнууд гадуур ихээр худалдаалагдаж байгаа бөгөөд ялгах энгийн арга нь хуурамч маск маш хурц үнэртэй байдаг гэнэ.

Монгол маск МЦЖ

Монгол маск  нь дотроо идэвхжүүлсэн  нүүрсэн давхаргатай учир өвлийн цагт дан ганц утаа, тоосонцроос хамгаалахаас гадна амьсгалын замын халдварт өвчнөөс таныг 85-90 хувь, утаанаас 90 хувь хүртэл хамгаална. Мөн уушгинаас гарах халуун амьсгалыг гадагшлуулах хуванцар клапантай учир удаан хугацаагаар зүүхэд хүний нүүрэнд наалдаж дааруулахгүй.

Хэрэглэх хугацаа: Нэг маскыг 48-72 цаг хэрэглэнэ

Үнэ:1600 төгрөг.  Харин хүүхдийн маск арав хоногийн дараа үйлдвэрлэлээс гарна гэв.

Авах цэг: ‘Монос’ эмийн сангийн салбаруудаар худалдаалагдаж байна.

Энэхүү маск нь зүүхэд тун эвтэйхэн, амьсгалахад хялбар. Хөндий хэлбэртэй болохоор арьсанд наалддаггүй, нүүрний будгийг арилгадаггүй учир  эмэгтэйчүүд  ихээр авдаг аж.

Vogmask

Өнгө, загварын олон сонголттой ‘Vog’ маш нарийн шүүлтүүртэй тусгай материалаар хийгдсэн бөгөөд тоосонцрыг ямар ч асуудалгүй шүүдэг гэнэ.  Зүүхэд эвтэйхэн. Угаахад шүүлтүүрийн чанар алдагддаггүй. Агаарын бохирдол, утаа, харшлын эсрэг 99.9 хувь хамгаалдаг

  • Хэрэглэх хугацаа: 2-4 сар хэрэглэнэ.

  • Үнэ: том хүн 82500 төгрөг, хүүхдийн М хэмжээтэй маск 76000 төгрөг.

  • Авах цэг: Хотын төвд хүргэлт үнэгүй. Бусад байршилд хүргэлтийн үнэ 2500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Одоогоор 99170218 утсаар холбоо барин хүргэлт хийж байгаа бөгөөд гадуур маск худалдаалж байгаа цэгүүд байхгүй байгаа гэв.

Энэхүү маскний сул тал нь зах зээл дээр худалдаалж байгаа маскнууд дундаа өндөр үнэтэйд тооцогддог байна. Хүн бүр 82500 мянган төгрөгөөр маск аваад байж чадахгүй шүү дээ.

Шинэ дарга ирлээ, ширээний бүтээлгээ гаргаарай гэдэг шиг, утааны улирал ирлээ, нийслэлчүүдээ, маскаа зүүгээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж