МАН-ын 28 дугаар Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн хоёр өдөр МАН шинэ дарга тодруулснаас гадна, намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилсэн юм.
Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд Бага хурлын гишүүдийн 30 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдэх бол 30 хувь нь намын анхан шатны байгууллагаас бүрдүүлэх заалтыг тусгаж өгсөн байна. Үүнээс гадна Бага хурлын гишүүдийн тоог нэмж 369 болгосон билээ.
Ингээд намынхаа Их хуралд оролцохоор ирсэн хөдөө орон нутгийн төлөөлөгчдөөс байр суурийг нь тодрууллаа.
Дундговь аймгийн төлөөлөгч О.Бат-Эрдэнэ:
-Бид алдаа оноогоо хоёр өдрийн турш ярилцлаа. МАН удирдлагын түвшинд үл ойлголцол үүссэн ч тэр чигээрээ хоёр хуваагдана гэж байхгүй. Улстөрд үүссэн асуудал бол 65 хүний л асуудал. Тэд үл ойлголцлоо гээд манай намын 200 мянган гишүүн хоёр хуваагдахгүй. Бид үзэл бодол, үйл хэргээрээ нэгдсэн хүмүүс. Тиймээс намынхаа эрх ашгийн төлөө нэг зам дээр нэг бодлого барихаас өөр аргагүй гэж хэлмээр байна.
Өвөрхангай аймгийн төлөөлөгч А.Ишдорж:
-МАН бол 97 жилийн түүхтэй, улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан улстөрийн хүчин юм. Өнөөдөр МАН-ыг хоёр талцсан гэж ойлгож байх шиг байна. Миний хувьд нам хагарсан гэж үзэхгүй. Харин ч нам дотроо ардчилалтай, санал шүүмжлэлтэй байна гэж ойлгодог. Намын гишүүн бүр намынхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Заавал нэг нь ялж, нөгөө нь ялагдана гэж байхгүй. Бид Их хурлаараа эв нэгдэлтэй бай гээд цаашдын бодлогоо баталлаа. Тэгэхээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, намын жирийн гишүүн хэн ч бай тэр бодлого шийдвэрийг баримталж ажиллах ёстой.
Хөвсгөл аймгийн Х.Баасандорж:
-Би анх удаа намынхаа Их хуралд оролцож байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэвч Засгийн газраа өөрчилж ард түмнийг эргэлзүүлсэн байдалд орчихлоо. Энэ нь магадгүй манай намыг хагарсан гэдэг ойлголт төрүүлж байж мэдэх. Тиймээс удирдлагын түвшний хэсэгхэн хүмүүс ойлголцоод болчих асуудал. Ард түмний дунд худлаа мессеж битгий өгөөрэй. Дарга нартаа өрөөндөө ороод сайхан ойлголцож бай гэж захъя.
Хөвсгөл аймгийн Б.Бат-Эрдэнэ:
-Би 2012 оноос орон нутгийн Иргэдийн хуралд сонгогдоод ажиллаж байна. Их хуралд анх удаа оролцож байна. Ардын нам 200 мянга гаруй гишүүнтэй. Бүгд талцаж, хагараагүй. Зөвхөн удирдлагын түвшинд үл ойлголцлын асуудал үүссэн. Улс төр гэдэг бол мэтгэлцээн юм. Мэтгэлцэж байж тэндээс зөв шийдвэр гарах ёстой. Гэхдээ манай намын хоёр гишүүн зүй бус үг хэлж, маргалдсан нь буруу. Цаашид үл ойлголцлоо засаад, эв зүйгээр ажиллах байх гэж найдаж байна.