Уянга хайрын олон дуугаараа поп хөгжмийн ертөнцөд өөрийн орон зай, сонсогчдыг бий болгож чадсан “Салхи” хамтлаг ирэх бямба гаригт /2017.11.25/ Улаанбаатар паласын концертын их танхимд “Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болсон билээ. Тоглолтын тасалбар худалдаанд гараад гурав хонож байгаа ч 80 гаруй хувь нь борлогджээ. Гэвч худалдаанд хуурамч тасалбар байсныг зогсоосон байна. Одоогийн байдлаар, хуурамч тасалбар зарсан иргэнийг саатуулж, цагдаагийн газарт өгчээ.
ТАСАЛБАР АВСАН БҮХ ИРГЭД ТОГЛОЛТ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ
“Салхи” хамтлагийн уран бүтээлчид өнөөдрийн хэвлэлийн хурлаар дараах мэдээллийг өглөө.
Хамтлагийн уран бүтээлчид бид “Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтод бэлтгээд тун завгүй явна. Харин өнөөдөр /2017.11.21/ нэгэн найздаа тасалбар авах гэж яваад хуурамч тасалбар худалдаанд гарсан байсныг мэдлээ. Хуурамч тасалбарыг “Нарантуул”, “Дүнжингарав” зэрэг худалдааны төвөөр 30 мянган төгрөгөөр /тасалбарын үндсэн үнэ 40.000/ зарж байжээ. Хуурамч тасалбар нь тасалбар хэвлэсэн газраас алдагдсан юм байна. Гэхдээ яаралтай арга хэмжээ авч, хуурамч тасалбарыг худалдааг зогсоож чадлаа. Тасалбарыг борлуулсан иргэн цагдаагийн газар байцаалт өгсөн бөгөөд хэчнээн тасалбар зарагдсан нь удахгүй тодорхой болох аж. ‘Салхи’ хамтлагийн зүгээс хуурамч тасалбар авсан иргэдийг аль болох тоглолт үзүүлэхийг хичээнэ гэв.
Тоглолтын тасалбар худалдаанд гараад гурав хонож байгаа ч өнөөдрийн байдлаар 80 гаруй хувь нь зарагдсан. Тиймээс тасалбар авахыг хүссэн иргэд ticket.mn сайтаас болон 1900-1800 дугаарт захиалах боломжтой юм байна.
Энэ удаагийн тоглолт 2 цаг 20 минут орчим үргэлжлэх бөгөөд нийт 24 дуу дуулагдана. Бид үзэгч түмэнтэйгээ уулзаагүй их удсан байна. Тиймээс энэхүү тоглолтыг сайхан болж өнгөрнө гэдэгт итгэлтэй байна. Тоглолтод “Салхи”, “Сонсох тусам”, “1998”, “Эрхэмсэг хөг” цомгуудын хит болсон дуунууд дуулагдахаас гадна хөгжимчидөөр “Айзам”, “Fire”, “Rek On”, “Баянмонгол” чуулгын авьяаслаг уран бүтээлчид оролцоно.
Бид дахин та бүхний өмнө “Мартагдашгүй хайр”, “Нандин хайр”, “Хөөрхөн охин”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” зэрэг олон сайхан уран бүтээлээ дуулахад бэлтгэж байна.
Харин санамсаргүй байдлаар хуурамч тасалбар цөөн тооноор зарагдсаныг мэдсэн учраас энэхүү хэвлэлийн хурлыг хийсэн юм” гэлээ.
“Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтын тасалбар авсан иргэд тасалбар дээрх дартсыг сайтар харах аж. Мөн өөрийн тасалбарыг баталгаажуулж тасалбар дээрх дугаарт хандан лавлаж болохыг сануулав..
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД