
Үзэсгэлэнгийн үзмэрийн дийлэнх хэсгийг Монголын Үндэсний Музейн үзмэрүүд бүрдүүлж байгаа бөгөөд Чингис хааны тахин дээдэлж байсан хар, цагаан сүлд, Мөнх хааны гэрэлт хөшөө, гэр тэрэгний болон тэрэгний цөн, монгол цэргийн хөө хуяг, ширэн хуяг, нум сум, сумын зэв, саадаг, ваар шаазан, анжисны хошуу, төмөр шанага, ширмэн тогоо, хусуур, ооль, язгууртны дээл, ялтсан гутал зэрэг хосгүй үнэт, үнэт, ховор үзмэрүүдийг толилуулж байна. Мөн өрнө, дорныг холбосон худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг буй болгосны гэрч болох их хаадын алт, мөнгөн зоосыг эх хувиар нь энэ үзэсгэлэнгээс үзэж болно.
Үзэсгэлэн 2009 оны хоёрдугаар сараас АНУ-ын Хьюстен, Денвер, Сан Хосе хот болон Сингапур улсад гарч нийт 300 гаруй мянган үзэгчид үзэж сонирхсон байна. Өнөөдрөөс Монголын сонирхогчид хүрч буй дээрх үзэсгэлэн нь ирэх аравдугаар сарын 10 хүртэл ажиллах ажээ.