Ангараг гариг дээр ус байж болзошгүй тухай таамаг дэвшүүлсэн 2015 оны судалгааны дүнд Аризонагийн эрдэмтэд эргэлзэж байна. Улаан нүдэн гаригийн гадаргуу дээрх ховил нь гол усны судал биш, харин элсний тогтоц гэж мэдэгджээ. Эрдэмтэд Улаан нүдэн гариг дээр усны нөөц байлаа ч тэр нь тун бага буюу амьдралыг тэтгэхэд хангалтгүй гэж үзэж байгаа гэнэ. АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА эрдэмтдийн шинэ таамгийг үгүйсгээгүй бас дэмжээгүй юм. НАСА-гийн Ангараг гаригийн судалгааны хөтөлбөрийн ахлагч эрдэмтэн Майкл Мэйер “шинэ судалгааныдүгнэлт Улаан нүдэн гариг дээр ус байхгүйг нотлохгүй” гэжээ.
АНУ-ын геологийн судалгааны төвийн Колин Дандасын ахласан судалгааны баг Ангараг гаригийн гадаргуу дээрх 10 газарт 151 хар судалнуудыг ажиглаж, судалнууд төгсгөлдөө 28-35 хэм налуу байгаа нь дэлхий дээр элсэн манхануудтай төстэй болохыг тогтоосон. Гаригийн гадаргуу дээр нимгэн тоосон давхарга тогтож, заримдаа алга болдог нь Ангаргийн зун гадаргуу дээр судалнууд бий болж, тэгснээ алга болж, жилийн дараа л дахин гарч ирдэгийг тайлбарлаж болох юм. Эрдэмтдийн үзэж буйгаар хар судалнууд хуурай бол Ангараг гариг дээр хангалттай усны нөөц байхгүй ажээ. Ус нь микроб бий болоход зайлшгүй чухал юм. Дээрх таамгийг дэвшүүлсэн эрдэмтдийн хувьд олон асуулт хариултгүй үлдэж байгаа тул судалгааг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай болжээ. Харин Ангараг гариг дээр амьдрал бий гэдэгт итгэж, олон жилийн турш судалгаа явуулж буй НАСА-гийн судалгааны ахлагч Мэйер хэлэхдээ “Ангараг гариг дээр ус байгаа байхгүй гэдэг дээр эрдэмтэд олон удаа эргэж буцсан таамаг дэвшүүлж ирсэн. Үнэн гэвэл Ангараг гариг дээр амьдрал байгаа гэж итгэх шалтгаан бий” гэжээ.