“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр эмнэлэгт ирээд хоёр хонож байгаа юм.
-Бие тань сайжирч байна уу?
-Сайжирч байна. Эхний өдөр гурван удаа дусал хийлгэсэн. Хэд хэдэн төрлийн эм ууж байна. Ерөнхийдөө гайгүй болж байна.
-Цагдан хорих төвд байгаа гишүүдийг батлан даалтад гаргах сураг байна. Та бүхний тэмцэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн үү?
-Бидний тэмцэл гэхээсээ илүү гадаад орчин нөлөөлсөн байх. Биднийг бөөнөөр нь хомроглон баривчилсан нь нийтийн уур амьгалд таагүй нөлөө үзүүлсэн нь мэдээж. Энэ хууль бус баривчлагааг эсэргүүцэж, бүх иргэний хөдөлгөөнүүд, хүний эрхийн байгууллагууд дуу хоолойгоо хүргэлээ.
-Таныг албадан эмчилгээнд оруулж, өлсгөнг хүчээр зогсоосон. Өлсгөлөнгөө цаашид үргэлжлүүлсэн бол аюултай байдалд хүрэх байсан болов уу?
-Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Сүхбаатарын 331 дүгээр шийтгэвэр хууль бус. Хуул бус шийтгэврээ эргэж хараач ээ гэх шаардлага тавьж, бид өлсгөлөн зарласан. Миний хувьд өлсгөлөн зарлах нь тэнэг хэрэг. Гэхдээ тэнэг шийдвэр гарчихаар тэнэг тэмцийн арга хэлбэр рүү орохоос өөр арга байгаагүй. Бидэнд үгээ хэлэх боломж алга. Хуурай өлсгөлөнд шилжиж, гурав хононо гэдэг хэнд сайхан байх вэ. Тэнд байгаа бүх хүмүүс, мөн Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Н.Сосормаа, Хүний эрхийн үндэсний комиссынхон ирээд намайг биеэ бодож эмчилгээ хийлгэ гэсэн. Албадан эмчилгээн оруулъя гэхэд нь сүртэй цааргалаагүй. Зарим үедээ бол миний тоглох тоглоом биш гэж бодогдох үе байсан. Сүүлдээ өлсөж байгаа, цангаж байгаа эсэхээ ч мэдрэхээ больсон. Юугаа ч мэдэхгүй байж байгаад унаад өгөх вий гэж болгоомжлох сэтгэл төрсөн.
-Цагдаагийнхан та нарыг Өвөрхангайгаас баривчлахдаа шалтгаан, үндэслэлээ тайлбарласан уу?
-Ер нь бид нарын хэн ч баривчлагдаж, хоригдох гэмт хэрэг үйлдээгүй. Ард түмэндээ хандаж нээлттэйгээр хийх гэж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлсэн. Шаардлагатай бол галт зэвсэг хэрэглэнэ гэдгээ хэлсэн. Энэ үед цагдаагийнхан ямар ч мэдэгдэл хийгээгүй. Тэгэхээр нутаг чөлөөлөх ажиллагаа зөвшөөрч байна гэж ойлгосон. Өвөрхангай аймгийн Зүүн Баян Улаан сумын нутагт хууль бус үйл ажиллагаа явуулаад, бидний шаардлагыг хүлээж аваагүй “Ирмүүн босго” компанийн техник хэрэгсэл рүү буудсанаа сумын хэсгийн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн. Үүний дараа сумын хэлтсийн төлөөлөгч, аймгийн хэдэн цагдаатай ирээд “Та бүхний үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ үйл ажиллагаагаа аймгийн Засаг даргатай ярилцаж, хамтран ажиллаач гэх утгатай юм хэлсэн. Үнэхээр орон нутгийн удирдлагатай хамтран ажиллавал зуны гурван сар овоо хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоох юм байна гэж тооцоолоод Өвөрхангай аймаг ортол шууд баривчлаад аваад явсан. Ерөнхийдөө биднийг хууран мэхлэх замаар баривчилсан.
“Гал үндэстэн” холбооны хуулийн зөвлөх, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл ийнхүү ярьж байна.
-Өлсгөлөн зарлана гэдэг нэлээд эрсдэлтэй алхам шүү дээ. Бие тань гэнэт муудлаа. Одоо ямар байна?
-Биеийн байдал сайжирч байна. Хамгийн гол нь үндэслэлгүй хууль бусаар баривчилсанд асуудал байгаа юм. Хүний эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл. Хэзээ суллах бол гээд хүлээгээд суух утгагүй. Тэгээд л өлсгөлөн зарласан. Нойтон өлсгөлөн зарлаад арваад хоноход хууль бус шийдвэрээ эргэж харалгүй, бүр давж заалдах хурлаараа хэвээр баталсан шүү дээ. Хуульч хүний хувьд хууль зүйн үүднээс аваад үзэхэд үндэслэлгүй баривчилсан нь тодорхой байсан. Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуульд өөрчлөлт ороод зөвшөөрөл авах буй бүртгүүлдэг болсон юм. Гэтэл шүүгч баривчлах захирамждаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан гэж гасан нь өөрөө хууль бус байгаа биз дээ. Хуулиндаа эанэ тохиолдолд захиргааны арга хэмжээ авах, 6-30 хоног баривчилна гэж заасан байдаг. Гэтэл бидэнд хамгийн дээд хэмжээгээр 30 хоног баривчлах шийтгэвэр гаргасан нь сонин.
-Таныг “Гал үндэстэн” холбооны хуулийн зөвлөх мөртлөө жагсаал цуглаан зохион байгуулсан гээд байгаа юм билээ?
-Би “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр тэргүүтэй дөрвөн хүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг гурвыг нь цагдан хорьсон байдаг. Би өмгөөлөгчөөрөө ажилламаар байдаг. Гэтэл өөрөө баригдчихсан. Тэр хүмүүстээ их санаа зовж байлаа. Батлан даалтад гаргах асуудал яригдаж байгаад баяртай байна. Манай хүмүүсийг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүзй гэх үндэслэлээр цагдан хорьсон. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал суманд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан “Пураам”, Сентерра гоулд” компанийн техик хэрэгсэл рүү буудсан хэрэг Прокурор дээр хянагдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтад хэрэг ирээгүй байхад цагдан хорьсон нь хууль бус. Тэднийг баричлагдахаас нэг өдрийн өмнө л мөрдөн байцаалтад хэрэг ирээгүй байхад маргааш нь мөрдөн байцаалтад байгаа мэтээр баривчилсан гэсэн үг.
-Таныг баривчлахдаа чухам ямар үндэслэл хэлсэн бэ?
-Манай хүмүүсийг Өвөрхангай аймгаас баривчилж ирсэн өглөө намайг Улсын мөрдөн байцаах газраас дуудаад “Болдбаатар, өмгөөлөгчөөрөө авъя гэж байна, та зөвлөгөө өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн шүүх рүү дагуулж яваад нэг өрөөнд оруулаад хашчихсан. Бас л хуурч аваачсан гэсэн үг. Нэлээд удсаны дараа хэрэг бүртгэгчийн өрөөнд оруулаад жагсаал, цуглаан зохион байгуулсан талаараа тайлбар өг гэсэн. Миний хувд “Гал үндэстэн” холбооны хуулийн зөвлөх учраас тайлбар өгөхгүй. Өмгөөлөгч хүнийг тухайн үйлчлэгчийнх нь явуулсан үйл ажиллагаа, бусад шалтгаанаар тайлбар авахыг хориглоно гэж заасан учраас ямар ч тайлбар өгөхгүй. Хэрэг бүртгэгч таны явуулж байгаа үйл ажиллагаа хууль бус байна гэдгийг хэлсэн. Гэтэл дахиад л заль хэрэглэж, “Та энэхүү жагсаалыг юу гэж үзэж байна. Тэрийгээ хэл” гэж яриулаад шууд надаас тайлбар авсан байдлаар шүүхэд өгсөн байгаа юм. Ерөнхийдөө намайг жагсаал цуглаан зохион байгуулсан гээд гүтгэж байгаа хэрэг. Өнгөрөгч тавдугар сарын 19-ний өдөр Сүхбаатарбн талбайд гэрээ ачаад орж ирэхдээ Ц.Мөнхбаяр намайг хөсөгний урд эгнээнд яв гэсэн. Цагдаагийнхан иэрх учраас ямар зорилгоор жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа талаараа хуульч хүний хувьд тайлбар өгөх хэрэгтэй гэдэг үүднээс л би эхний эгнээнд явж байсан. Үүнийг ашиглаж, жагсаал цуглаан зохион байгуулсан гээд байгаа хэрэг л дээ.