Хойд Солонгосын дэглэм дотоодын цэргийн дээд тушаалтан, Ким Чен Уны ойрын хүн гэгдэж байсан Хван Пён Сог залхаан цээрлүүлсэн байж болзошгүй гэж Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага хууль тогтоогчдод мэдэгджээ.
БНСУ-ын Үндэсний тагнуулын газрын хаалттай мэдээлэлд оролцсон парламентын гишүүний хэлснээр Хойд Солонгосын зэвсэгт хүчний Улс төрийн товчоог ахалж байсан Хван овогт болон тус товчооны дэд дарга Ким Вон Хон нарт хүнд шийтгэл оноосон бололтой.
Хван Пён Со нь Ким Чен Уны итгэлт хүн гэгдэж байсан. Гэвч түүний тухай мэдээлэл тасралтгүй нэвтрүүлдэг байсан умардын төв телевиз аравдугаар сарын 13-наас хойш нэрийг нь ч дурдаагүй гэнэ.
Харин Ким Вон Хон энэ оны эхээр Төрийн аюулгүй байдлын хэлтсийн даргын албанаас огцорсон байна.
Дээрх хоёр эрхэмд чухам ямар шийтгэл оноосон талаар мэдээлэл өгөөгүй байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа Улс төрийн товчоонд нарийн шалгалт явуулж, удирдах албан тушаалтнуудыг шийтгэсэн нь энэ юм. Шалгалтыг Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга Чой Рён-хэ удирдан явуулсан байна.
Ким Чен Ун 2011 онд засгийн эрхийг гартаа авснаас хойш эрх мэдлээ баталгаажуулахын тулд хэд хэдэн удаагийн цуврал баривчилгаа, залхаан цээрлүүлэлт, цаазын гүйцэтгэл явуулсан байдаг.
С.ЦЭЛМЭГ