Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Говь-Алтай аймагт болох гэнэ.
Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар 1983 оны 12 дугаар сард “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш 35 дахь жилдээ болж буй тус наадмыг ирэх сарын 15-нд Алтай хотноо зохион байгуулахыг Монголын зохиолчдын эвлэлээс мэдээллээ.
Зөвхөн нийслэл хотод зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадмыг орон нутгийн уншигчдад ойртуулахаар 2007 оноос аймгуудад зохион байгуулах болсон. Энэ жилийн “Болор цом-35” наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг ирэх 12 дугаар сарын 8-ны өдрийн баасан гариг хүртэл хүлээн авах ажээ.
Өнгөрсөн жил Дорнод аймагт болсон “Болор цом” яруу найргийн наадамд Борхүүгийн Батсайхан түрүүлж, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир хоёрдугаар байрт, Ч.Ууганбаяр гуравдугаар байрт, Хэнтийн Д.Гансүрэн дөрөв дүгээр байрт, Дарханы М.Уянсүх тавдугаар байрт шалгарсан юм.
а.сүрэн