Ёкозуна Кисэносато кюүшюү башёг орхилоо

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Ёкозуна Кисэносато кюүшюү башёг орхилоо

Ёкозуна Кисэносато кюүшюү башёг орхилоо

Ёкозуна Кисэносато гэмтлийн улмаас кюүшюү башёг орхихоор болжээ. Түүний харьяалагддаг дэвжээний ояката Таганоура өнөөдөр /2017.11.21/ буюу башёгийн 10 дахь өдөр Японы сүмогийн холбоонд ёкозунагийн эрүүл мэндийн тодорхойлолтыг өгсөн байна.

Эмчийн бичигт дурдсанаар Кисэносато нуруу болон зүүн хөлийн шагайндаа бэртэлтэй байгаа. Нэг сар орчим хугацаанд амарч, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэнэ.

Мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозуна Кисэносато ийнхүү дөрвөн башё дараалан өнжих болж байна. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлж, ёкозуна цолд хүрснээс хойш өнөөг хүртэл нэг л башёд бүтэн барилдсан юм.

Өдгөө Фүкүокад үргэлжилж буй кюүшюү башёгийн есөн өдрийн дараах байдлаар тэр дөрвөн даваа, таван унаатай байсан юм. Таван удаа өвдөг шороодохдоо бүгдэд нь маэгаширад эрэмбэлэгдсэн цол доогуур бөхчүүдэд унажээ. Ёкозуна цолтон нэг башёд тав ялагдсан тохиолдол орчин цагийн сүмогийн түүхэнд ердөө нэг байдаг нь Мусашимару аварга аж.

Кисэносато хэрэв ирэх оны тэргүүн башёд тааруухан амжилт үзүүлбэл зодог тайлах тухай асуудал яригдаж болзошгүй юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж