Хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ гурав дахин их байна

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ гурав дахин их байна

Хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ гурав дахин их байна

“Би говь нутагт төрж өссөн хүн. Бага байхын л тэмээгээр модон саванд усаа зөөдөг байлаа. Тэгээд усаа наранд халаахгүй гээд юмаар хуччихдаг байсан. Модон саванд хийсэн хүнсний ямар ч бүтээгдэхүүн мууддаггүй. Тиймээс би одоогоос гурван жилийн өмнө уламжлалт модон саваа гар аргаар хийх болсон” тухай Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн С.Бат-Эрдэнэ өгүүлэв. 

"Тэббэ компанийн захирал С.Бат-Эрдэнэ"

Ийн гурван жилийн өмнөөс үндэсний уламжлалт модон хувин, савыг орон нутагтаа үйлдвэрлэн, худалдаалж буй  тэрбээр чамгүй олон хэрэглэгчтэй гэнэ. Түүний хэрэглэгчдийн ихэнх нь малчид бөгөөд зарим хүмүүс бэлэг дурсгалын чиглэлээр багагүй худалдаж авдаг аж.

С.Бат-Эрдэнэ модон саваа хийхдээ огт будаг хэрэглэдэггүй бөгөөд боловсруулсан модоор хувин, хавчиг хийдэг. Мөн зэс, мөнгөөр монгол дархны аргаар хээ угалзаар чимэглэжээ. Үнийн хувьд 80-500 мянган төгрөгийг үнэтэй ажээ. 

Монгол Улс жилд 520 тэрбум төгрөгийн сав баглаа боодол хэрэглэдэг. Сав, баглаа боодлын хэрэгцээний 25 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 75 хувийг импортоор хангаж байна.

С.Өнөрсайхан: Хүүхдийн цусанд хар тугалгын хэмжээ гурав дахин их агуулагдаж байна

-Хүнсний сав, баглаа боодол зориулалтын байх ёстой. Харамсалтай нь, Монгол Улсад ийм байж чадахгүй байсаар байна. Мэдээж, хүн савыг иддэггүй юм чинь ямар аюул байх вэ? гэж бодож болно. Гэтэл хуванцар саванд хадгалж буй ус, сүү, цагаан идээнд саванд агуулагдаж буй химийн хүнд металиуд бага багаар шилжиж байдаг аж. Бид цайг хандлахад дороо усанд шингэдэг шүү дээ. Түүнтэй адил хуванцар савны хортой металиуд хүнсний бүтээгдэхүүнд шингэдэг. Жишээлбэл, усны цэнхэр саванд хийсэн судалгаагаар хар тугалга 39 мянга дахин их агуулагдаж байдаг.

Өнөөдөр монгол хүүхдүүдийн цусанд дунджаар хар тугалгын хэмжээ 16 микрограмм агуулагдаж байна. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас таван микрограмм байдаг. Тэгэхээр энэ хор маань хүүхдийн сэтгэн бодох чадвар, мэдрэлийн тогтолцоонд маш муугаар нөлөөлж байна.

Хуванцар савыг ихэвчлэн захаас худалдаж авдаг

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хот, хөдөөгийн 292 өрхийн дунд хүнсний савны судалгааг хийсэн. Уг судалгаагаар хотод 54, орон нутагт 80 гаруй хувь нь хүнсээ хуванцар саванд хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Дунджаар нэг өрх 3-4 усны цэнхэр сав, тосны шар сав зэрэг зориулалтын бус савыг хэрэглэдэг бөгөөд стандартад заасан хэмжээнээс 60-800, формальдегид 1800-6900 дахин их гэсэн дүн гарчээ.

Мөн иргэд эдгээр зориулалтын бус хуванцар савуудыг ихэвчлэн Нарантуул захаас худалдан авдаг гэж хариулжээ. Үүний 97 хувийг нь БНХАУ-аас, үлдсэн хувь нь бусад орнуудаас импортоор оруулж ирдэг байна. 

Дотооддоо үйлдвэрлэсэн хуванцар сав 25 мянган төгрөгийн үнэтэй

Монгол Улсад сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн салбарт 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний үйлдвэрлэсэн 25 литрийн багтаамжтай сав нь зах зээл дээр 25 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл хэрэглэж дууссан ургамлын тосны сав, барилгын материалын савнууд зах дээр 5-10 мянган төгрөгөөр худалдаалдаг учраас хүмүүс аль хямд савыг худалдан авдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 

Хуванцар үйлдвэрлэгчдийн агентлагаас гаргасан тэмдэглэгээгээр хуванцар савнуудыг 1-7 хүртэл ангилдаг байна. Үүний нэг, хоёр, тав гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савнууд хүнсний зориулалтын шаардлага хангадаг байна. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж