Өвлийн хүйтэн шөнө гадаа хоносон автомашинаа өглөө нь асаана гэдэг жолооч хүний нэгэн бэрхшээл. Гэнэтийн нөхцөл байдалд та “гал алдахгүй”-н тулд дараах хэдэн аргыг мэдээд авчихад илүүдэхгүй.
ШАЛТГААН 1: Аккумулятор
Автомашины аккумулятор ч гэлтгүй бүхий л баттерей хүйтэнд тэсвэргүй байдаг. Таны гар утасны цэнэг хүртэл хүйтэнд хурдан дуусдагийг анзаарч байсан биз дээ. Хүйтэн нөхцөлд аккумулятор маш бага хүч гаргадаг.
ШАЛТГААН 2: Хөдөлгүүрийн тос
Хүйтний улиралд хөдөлгүүрийн тос царцаж, өтгөрдөг. Ингэснээр тосны урсгал удааширч, хөдөлгүүрийн эд ангиудыг хэвийн ажиллуулахад түвэгтэй болно. Гэтэл аккумулятор бас хүйтний улмаас хүч алдсан байгаа учир хөдөлгүүрийг ажиллуулахад илүү их хүч гаргах шаардлагатай болдог.
ШАЛТГААН 3: Шатахуун
Түлшний хэсэгт ус орсноор (ус байх ёсгүй, гэхдээ тийм зүйл болдог) хасах хэмд хөлдөж, шатахууны урсгалыг хааж орхидог. Шатахуун дамжуулах шугам их нарийн байдаг учир багахан хэмжээний ус ороход мөстөж, бүрэн тагладаг байна.
Харин дизель түлш хүйтэнд “гель” хэлбэртэй болдог. Тиймээс урсгал нь удааширч, хөдөлгүүрийг асаахад хүндрэлтэй болдог ажээ.
Алхам 1: Бүх нэмэлт цахилгаан хэрэгслийг унтраана. Их гэрэл, халаагч, цан арилгагч, хөгжим гэх мэт. Учир нь аккумулятор бүх хүчин чадлаа зөвхөн хөдөлгүүрт зарцуулах ёстой.
Алхам 2: Түлхүүрээ эргүүлээд хэсэг азна. Хөдөлгүүр шууд асвал сайн хэрэг. Хэрэв асахгүй хий хоосон дуугараад байвал түлхүүрээ эргүүлсэн чигтээ 10 секунд орчим хүлээ. Хөдөлгүүр асахгүй байвал түр завсарлаад, 1-2 минут хүлээгээд түлхүүрээ дахин эргүүлээрэй.
Алхам 3: Хөдөлгүүр ассан ч хэвийн биш санагдаж байвал яах вэ? Хариулт нь аккумулятор байж болох юм. Энэ тохиолдолд аккумуляторыг халаах хэрэгтэй. Аккумулятороо тайлж аваад, хэсэг хугацаанд дулаан газарт байлгаад буцаагаад тавих хэрэгтэй.
Холбоотой мэдээ