Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүннүгийн өв соёл” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр нээж үг хэллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Эрхэмсэг хатагтай ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал аа, Энд хүрэлцэн ирсэн эрхэмсэг эрдэмтэд, хатагтай, ноёдын энэ өдрийн амар амгаланг айлтгая. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Монголд ирэхдээ үнэхээр гайхамшигтай бэлгэтэй ирлээ. 2010 онд манай үндэсний наадам, хөөмий хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн байгаа. 2011 онд Алтан товч, Монгол Шунхан данжуур бас хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн. Сая ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Алтайн уулсын сүг зураг ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэнийг гардуулж өглөө.
Би ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралтай санал солилцлоо. Ер нь Монгол үндэстэн хүн төрөлхтний түүхэнд аугаа их түүхийг бүтээсэн, аугаа их соёл иргэншлийг үлдээсэн, үлдээж байгаа цөөн үндэстний нэг юм. Үнэхээр Монгол үндэстэн шиг ийм их түүх бүтээж, экспортлосон ард түмэн хүн төрөлхтний түүхэнд ховор байдаг байх аа.
Өнөөдөр энэ Хүннү гүрний түүхтэй холбоотой том эрдэм шинжилгээний хурал болж, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал оролцож байгаа нь үнэхээр чухал үйл явдал юм. Африкийн халуун цөлөөс хүн хоёр хөл дээрээ дэлхийн уудмыг зорьж гараад нэлээн удаж, өөрийнхөө амьжиргааны хэв маягаа олсон газруудын нэг бол Монгол нутаг гэж боддог. Тэндээс гарсан цаг хугацааны хувьд эрдэмтэд, судлаачид тогтоочихсон байдаг. Хэдэн зуун мянган жилийн тухай яригддаг. Тэгэхээр үнэхээр энэ Монгол газар нутаг бол хүн төрөлхтний анхныхаа амьжиргаа, нийгмийн байгууллын хэв загвараа олсон ийм газар нутгуудын нэг юм гэж боддог.
Ер нь Хүннү бол Монгол, Монгол бол Хүннү гэж хэлмээр санагдаж байна. Ийм их түүхтэй төрийн тамгыг түшиж суугаа хүний хувьд өнөөдөр Монголын төрийн 2220 болж байна. Би хувьдаа Хүннү гүрний гэдгээс илүү монголчууд Монголын Тулгар төрийн 2220 жилийн тухай ярих ёстой гэж бодож байна. Бид аль нэг улсын, аль нэг гүрний ойг тэмдэглэж байгаа юм биш ээ. Энэ бол өвөг дээдсийнхээ бүтээсэн аугаа их гүрнийг удирдахын аугаа их ухааныг, мянганаар тоологдох ойг тэмдэглэж байна гэж би бодож байгаа. Ер нь Хүннү бол Монгол шиг, Монгол бол Хүннү шиг гэж ойлгож болно. Их Нацагдоржийн хэлсэн аугаа үг бий шүү дээ. “Хүннү, Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг мину” гэж. Үүнээс илүү яаж хэлэх вэ дээ. Монгол өвөг дээдсийн минь нутаг гэсэн үг. Үүн дээр би олон маргаан байхгүй байх гэж бодож байгаа.
Ахуй талаас нь аваад үзэхэд манай эрдэмтдийн судалгаа, түүхэн үйл явцаас харж байхад тэр аж ахуй эрхэлж байгаа байдал өнөөдрийн монголчуудын аж ахуй эрхэлж, бидний өсөж төрсөн орчин нэг их ялгаатай биш. Бидний тэмдэглэдэг, одоо тэмдэглэж буй ЮНЕСКО-д бүртгэгдсэн наадам маань нэг их ялгаатай биш. Бидний аялдаг дуу хуур бас адилхан, монгол. Нутаг орон талаас нь аваад үзэх юм бол Модун Шаньюй гэдэг хааны өргөө Хангайн нуруу, Орхоны хөндийд байсан гэж манай эрдэмтэд дүгнэдэг. Энэ монгол газар нутгийн цээжин дээр, хэвлий дээр нь нутаглаж байсан бидний өвөг дээдэс юм. Тэгэхээр ахуй талаас нь ч аваад үзсэн, нутаг орон талаас нь ч аваад үзсэн, нөгөө талаас төр, нийгмийн зохион байгуулалт, цэргийн талаас нь авч үзсэн бидний өвөг дээдэс. Би хувьдаа Их Монгол Улс бий болохдоо, Эзэн Чингис хаан маань төрж, төр улсыг удирдахдаа хоосон газар эхлээгүй гэж бодож байна. Тэр үед төрийг мянганаар, зуунаар тоолох аугаа уламжлал байсан гэж боддог.
Эзэн Чингис хаан тэр аугаа уламжлалыг судалж, тэр бүхнийг ээж, ааваасаа, тэр орчноосоо өвлөж авч, түүнийг цааш нь чадварлагаар хөгжүүлж, дахиад үр хойчдоо үлдээж өгсөн нь үнэхээр гайхамшиг юм. Мянган жилээр уламжилж ирсэн тэр цэргийн зохион байгуулалт, тэр төр нийгмийн зохион байгуулалт, тэр ахуй амьдралын зохион байгуулалтыг бидний өвөг дээдэс уламжилж аваад баяжуулаад, тэгээд дэлхийн хэмжээнд хүргээд хойч үедээ өгсөн байх.
Ази, Европын соёл иргэншлийг холбосон торгоны зам бол Хүннүгийн үеэс яригддаг. Тэр торгоны зам бол зүгээр нэг худалдаа хийсэн, хэдэн тэмээ хөтөлсөн хүний тухай асуудал биш. Тэр бол шашин. Тэр бол соёл. Тэр бол соёл, иргэншлийн солилцоо байсан. Соёл иргэншлүүдийн урсгал байсан. Өнөөдөр манай өвөг дээдсийн булш, тэр Хүннү гэж ярьдаг Монголын эртний өвөг булшийг харж байхад Ромын, Грекийн,Египетийн, Ираны соёл иргэншлүүдэд байсан тэр үнэт зүйлс, олдворууд гарч ирдэг гэдэг. Тэгэхээр ямар гайхамшигтай соёл иргэншлийг энэ газар нутаг дээр бидний өвөг дээдэс бүтээж явсан юм бэ. Үүнийг монголчууд үнэлж байх ёстой. Монголын ард түмэн бидний юм.
Манай эрдэмтэд үүнд анхаарлаа хандуулж, энэ сэдвээр өнөөдөр том хурал хийж байгаад үнэхээр баяртай байна. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал өөрийн биеэр хүрэлцэн ирж, энэ хурлын нээлтэд оролцож байгаа явдал бол дэлхийн соёлт хүн төрөлхтний зүгээс, дэлхийн соёлт хүн төрөлхтний соёлыг хадгалж байдаг байгууллагын зүгээс өгч байгаа маш том ач холбогдол гэж бодож байна.
Ер нь соёл гэдэг бол магадгүй төрөөс ч илүүтэй хүн төрөлхтнийг холбодог аугаа гайхамшиг гэж би бодож байна. Үлддэг, тэр ард түмнүүдийг холбодог. Энэ чиглэлээр хийх ажил их байна. Би хувьдаа зарлиг гаргасан. Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын төв байгуулъя гэж. Манай эрдэмтдийн зүгээс санал тавьж байгаа. Ер нь Монгол Улс бол дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв гэж. Үүнийгээ зоригтой хэлж байх хэрэгтэй. Зарим орон үүнийг булаацалддаг. Бүх л орон, бүх л соёл эхэндээ нүүдэлчин байсан. Тэр Африкаас нүүж л гарсан шүү дээ. Тэгэхээр үүний соёл, өвийг ингэж олон мянган жил хадгалж авч үлдэж байгаа, өнөөдөр амьдралынх нь нэлээд хэсэг нь энэ өв, соёл иргэншилтэй холбоотой байдаг үндэстний хувьд энэ дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын төвийг Монголдоо байгуулах ёстой.
Шинэ түүх талаасаа авч үзье. Өнөөдөр Монгол Улс дэлхийн ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалах болоод 10 хонож байна. Ардчилал гэхээр 20 жил юм шиг ойлгоод байна. 2000 жилийн тухай, 20000 жилийн тухай ярьж байгаа шүү дээ. Овгийн ахлагчаа сонгодог, тодруулдаг тэр нийгмийн байгуулал өнөөдөр дэлхийн хамтын нийгэмлэгт хамгийн их татагдан орж байгаа нийгмийн зохион байгуулалт юм. Энэ бол Монголын ч юм уу хэдэн орны ярьдаг зүйл биш. Энэ бол дэлхийн ярьдаг зүйл. Энэ дэлхийн ярьдаг үнэлэмжийг Монгол Улс өөрийн газар нутаг дээр авчраад даргалаад сууж байгаа. 10 хоногийн өмнө Монгол Улс дэлхийн ардчиллын нийгэмлэгийн даргаар сонгогдсон. Эзэн Чингис хаанаа бид ард иргэдээ цуглуулж байгаад, их чуулганаа хийж байгаад сонгодог байсан. Хаадаа тэгж сонгож байсан шүү дээ.
Монголчууд бол энэ ардчиллын, төр удирдах ёсны төлөөллийн аугаа уламжлалтай ийм орон. Сая би Ерөнхий захиралтай “Ирэх жилүүдэд, 2012 онд ардчиллын түүх, ардчиллын сургалт, ардчиллын боловсролын асуудлаар ЮНЕСКО-той хамтраад Монгол Улс олон улсын семинар зохион байгуулъя. Сонирхож буй талууд, улс орнуудыг урьж оролцуулъя. Ардчилал гэдэг энэ сонголт бол өөрөө энх тайвныг бий болгодог, өөрөө хөгжил дэвшлийг авчирдаг. Арабын ертөнц өнөөдөр юу болж байна. Харж байгаа байх. Тэр ард түмэн эрх чөлөөгөө эдлэхийн тулд юу хийж байна. Магадгүй бидэн шиг 20 жилийн хүнд замаар явах байх. Гэхдээ бид тэдэнд туслах ёстой” гэж ярилаа.
Өнөөдөр Монгол ингэж ярьдаг болж байгаа. Тэр Латин Америкт байгаа ардчилал, тэр Арабт хөгжиж байгаа ардчилал, тэр бусад газар бий болж буй шинэ ардчилал, тэр эрх чөлөөгөө олж авах гэж байгаа хүмүүст Монгол тусална гэж. Бид энэ байгууллагыг хоёр жил даргалахдаа туслах болно. Бид үлгэр жишээ харуулах болно. Бид олон улсын байгууллагуудтай ажиллах болно. Ингэж Монгол дахиад шинэ орчин цагт энэ төр нийгмийн шинэ хандлагыг Монгол газар нутаг дээрээ авч цааш явах ийм сайхан боломж бидэнд бүрдэж байна.
Энэ бүх үйл хэрэгт өнөөдөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, түүнийг дагалдан ирсэн олон төлөөлөгч ингэж оролцож буй явдал бол үнэхээр гайхамшигтай юм. Тэгээд бид Монголын 2220 жилийнхээ ойг өнөөдрөөс эхлэн албан ёсоор тэмдэглэж байна. Одоо бага насны морьдын уралдаан эхэлсэн байна. Маргааш гол баяр ёслол маань болно. Эрх чөлөөнийхөө хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэж байна. Ардын хувьсгалынхаа 90 жилийг бид тэмдэглэж байна. Их Монгол Улсынхаа 805 жилийн ойг бид тэмдэглэж байна. Эдгээр үйл явцтай энэ хурал давхцаж байгаад их талархаж байна.
Энэ аугаа их хэрэг, түүхийг судлах, баяжуулахад хүч хөдөлмөрөө зориулж ирсэн эрдэмтэддээ гүн талархал илэрхийлье. Өнөөдөр Монголын хамгийн олон академич төрсөн өдөр болох байх гэж бодож байна. Академичдийн үнэмлэхийг би гардуулж өгнө. Ингээд Монголын энэ эрдмийн хүрээлэнд, оюуны хүрээлэнд том баяр болж байна. Монголын ард түмний хүрээнд их том баяр болж байна. Та бүхэнд баярын мэнд хүргэе. Сайхан наадаарай” гэв.