Монголын Залуучуудын Холбоо жил бүрийн улсын баяр наадмаар тав давж, улсын начны болзол хангасан хамгийн залуу бөхөд хурдан удмын даага гардуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн баяр, наадмаар холбооноос тав давсан хамгийн залуу начинд Монгол Улсын Тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын адуун сүргийн Улсын наадамд гурван удаа түрүү магнай авсан алдарт Дэлт хээрийн дүү хээр даагыг гардуулан өгөхөөр зэхсэн байна. Ардын хувьсгалын ойн баяраар төрөн гарч Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит даагаар мялаалгаж нэрэмжит шагналын эздээр тодорч байсан “Хамгийн залуу начин” цолтнуудыг сонирхуулбал, хамгийн анхны шагналыг 1994 онд улсын начин Д.Сумъяабазар хүртэж байсан бол 1999 онд түүний дүү Д.Сэржбүдээд хурдан удмын даага хөтлөх хувь тохиож байсан байна. Өнгөрсөн жил Ховд аймгийн уугуул Завхан аймгийн Хангарьд бөхийн дэвжээний бөх, аймгийн арслан Б.Заяамандах улсын арслан Д.Азжаргалаар тав давж, хурдан удмын даагаар мялаалгаж байжээ.