Нью Йорк хотын нэгэн гоо сайхны үйлдвэрт гал гарсны улмаас 35 хүн түлэгдэж, гэмтсэнээс долоо нь гал сөнөөгчид гэнэ. Цагдаагийн газрын мэдээлснээр “Verla International” гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрт гал түймэр дараалсан хоёр тэсрэлтийн улмаас дэгджээ. Гал сөнөөгчид эхний дуудлагыг авч, үйлдвэр рүү орсны дараа хоёр дахь тэсрэлт болсон гэнэ. Түлэгдэж гэмтсэн хүмүүсийг Вестчестерийн эрүүл мэндийн төвд хүргэжээ. Түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал харьцангуй сайн байгаа гэнэ.
Гал сөнөөгчид даваа гаригт /2017.11.20/ “Тавдугаар зэрэглэлийн аюултай химийн бодис тэсэрснээс гал түймэр гарсан” тухай дуудлага хүлээж авчээ. Гал сөнөөгчдийг очиход үйлдвэрийн цех болон агуулах байдаг байшингийн дээврээс өтгөн хар утаа олгойдож байв. Гал түймэр гарсан гоо сайхны үйлдвэр Нью Йорк хотоос 88 км-ийн зайд Хадсан голын баруун эрэг дээр байдаг ажээ.
37 жилийн түүхтэй “Verla International” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани хумсны лак, сүрчиг, лосьон зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.